ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    П.Хэрлэн: ”Чамайг би хүнийх гэж бодсонгүй” дууг сурагч ахуйдаа зохиож байлаа

    Сэтгүүлч Э. Баасансүрэн - HiUB.mn -

    Энэ сарын 7-ны өдөр UB паласт анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй МУСТА, дуучин П.Хэрлэнг энэ удаагийн HiTalk буландаа урилаа.

    -Та Монголын рок поп урлагт нэлээд олон жил зүтгэж яваа уран бүтээлч. Яагаад одоо л бие даасан тоглолтоо хийж байгаа юм бэ?

    Урлагт 25 дахь жилдээ зүтгэж байна. Анх 2009 онд албан ёсны соло дуучны хувиар “Дорнын уудам хязгаар” нэртэй цомог гаргаж байлаа. Эхний цомгоо гаргачихаад хүн чинь өөртөө эргэлзэхгүй болж, илүү итгэлтэй болчихдог юм билээ. Тэр үеэс хойш тоглолтоо хийе гэж бодсон, сэтгэлд ч багтаж байлаа. Ингэж төлөвлөж явсаар гурван жилийн өмнө буюу 2014 онд анхны тоглолтоо хийхээр төлөвлөсөн ч төсөв мөнгөний шалтгаанаар хараахан амжаагүй л дээ. Миний нэг дутагдалтай тал нь хүнтэй шууд мөнгө төгрөг ярьж чаддаггүй. Харин өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд хөдөө ажлаар явж байхад “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр ах “Хэрлээн, өнөөх тоглолт чинь хэвээрээ юу? Одоо ажилдаа ор, би ивээн тэтгэнэ” гэж хэлсэн. Маш их баярлаж, олон жилийн мөрөөдөл, төлөвлөгөө минь ингээд биелэх гэж байна даа.  

    -Таныг чадварлаг дуучин гэдгээс гадна дууны үг, ая зохиодог гэж мэдээгүй явсан шүү. Юун түрүүнд дуучны гараагаа хэрхэн эхлүүлсэн талаар дурсаач?

    Эцэг, эх минь намайг хуульч болгох хүсэлтэй байлаа. Харин би бол урлагт тэмүүлэлтэй, тэр дундаа эстрад урлагт маш дуртай байсан. Азтай тохиолдлоор нэг удаа МУАЖ Д.Миасүрэн багш миний төрсөн нутаг Дорнод аймагт ирж тааран дуулахыг минь сонсоод аавд хандаж “Энэ хүүхдийг Улаанбаатар руу СУИС-д шалгалт өгүүл..” гэж билээ. Ингээд л би СУИС-д шалгуулж, тэнцээд Дуурийн дуулаачийн ангид орж байлаа. Оюутан байхдаа “Варьете” чуулгад ажиллаж, анх “Аянгын шивнээ”, “Дээлийн хормой” зэрэг дуу дуулж эхэлсэн.

    -Монголын урлагт 14 хоногт од болсон хамтлаг бол “Элькондор” гэлцдэг. Ямар тохиолоор ийм хурдан хугацаанд танигдаж чадсан юм бэ?

    “Шигтгээ” хамтлагийн Б.Цогоо, “Айзам”-ын Д.Жаргалсайхан, “Баянмонгол”-ын П.Хэрлэн, Т.Амараа гээд дөрвүүлээ нийлээд “О соле миёо”, “Миний нар” зэрэг дууг тухайн үедээ маш шинэлэг байсан поп-опера төрлөөр дуулж гарч ирсэн нь илүү сонин содон байсан байх л даа. Тиймдээ ч тэр үү, манай хамтлагийн анхны “Дурлалын гудамж” тоглолт маш сайхан болж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди болон УИХ-ын 56 гишүүн ирж үзэж байлаа. Хоёр өдрийн тоглолт үзэгчид дүүрэн, бүх найз нөхөд минь нэг дор цугларсан сайхан үдэш байсан.

    -Тэгвэл “Элькондор” яагаад тарчихсан нь одоо ч сонсогчдод сонин байдаг?

    2000 онд “Бүсгүй минь” тоглолтоо хийгээд тус тусын эзэмшсэн мэргэжил, уран бүтээлээ хийхээр тарцгаасан.

    -Таныг урлагийнхан арилжааны дуучин биш гэж тодотгодог юм билээ?

    Миний эзэмшсэн мэргэжил бол шоуны дуучин биш, концертын дуучин. Аливаа албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээнд нээж юм уу, хааж дуулдаг онцлогтой мэргэжил шүү дээ. Тийм учраас би тайзны л хүн. Тэр л шалгуурыг өөртөө тавьдаг гэх үү дээ.

    -Үргэлжлүүлэн Таны зохиосон дууны уран бүтээлүүдийн тухай ярилцъя. Зохиосон дуунуудаас тань хамгийн анх хит болсон дуу гэвэл?

    Дуучин Ж.Алтанцэцэг эгчийн дуулж, олонд хүргэсэн “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” дууныхаа үг, аяыг 10-н жилийн сурагч байхдаа бичиж байлаа. СУИС-д сурч байхад нэг удаа ангидаа ганцаар энэ дуугаа ёстой л тааваараа чанга гэгч нь дуулж байтал Алтаа эгч, Сараа эгч хоёр ороод ирчихсэн сонсож байсан. Тэгээд Ж.Алтанцэцэг эгч “Энэ дууг чинь би дуулна” гээд авч байсан.

    -Одоо ч сонсогчдын дуртай байдаг энэ дууг Та сурагч ахуйдаа бичсэн гэхэд бахархмаар байна шүү. Тэгвэл Таны зохиосноор олны танил болсон бусад дуунаасаа дурдвал?

    Никитон “Цамцаа тайл”, “Чи минийх” “Терминал 1, 2”, Хурдын “Алсын хараатай амьдрал”, Б.Дашдондог “Санаж байна уу”, Sweetymotion “Санан санасаар”, “Хэнэггүй залуу”, МУГЖ Б.Сарантуяа “Төрсөн өдрийн аялгуу”, Камертоны “Уучлаарай чи минь”  зэрэг үгийг нь зохиосон 100 орчим, дан аялгууг нь хийсэн 20 гаруй, үг-аяыг зохиосон 10 гаруй дуу бий.

    -Хамгийн удаан бичсэн дуу гэвэл?

    Бичвэр бол уддаггүй. Харин 2009 онд МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийн “Өнөөдөр” тоглолтын 1 цаг 20 минутын мьюзиклыг хоёр орой сууж бичсэн. Түүнээс биш сар, жилээр удаан бичсэн дуу бол байхгүй ээ.

    -Таны зохиосон дууны үгс их өвөрмөц, философилог байдаг шиг санагддаг. Дууны шүлгийн санаагаа хэрхэн яаж олдог вэ?

    Найз нөхөд болон хүмүүс хоорондын энгийн ярианаас санаа өлгөж авах тохиолдол их бий. Эсвэл хэн нэгний амьдралаас ч юм уу дууны санаа орж ирдэг. Жишээлбэл, Хурд “Булш” Sweetymotion “Санан санасаар”, “Хэнэггүй залуу” дууг цэвэр өөрийнхөө сэтгэл зүйгээр бичсэн. Хүмүүсийн хэлдгээр эрэгтэй хүн мөөмнөөс гараад мөөмөнд ордог гэдэг шиг л эр хүн гэдэг чинь дэндүү хэнэггүй хүмүүс шүү дээ. Энэ зангаасаа болоод ойр дотны хүмүүсээ гомдоох үе ч гардаг. Энэ мэт энгийн амьдралаас санаа урган гардаг даа.

    -Гэргийдээ зориулж бичсэн дуу байдаг биз?

    Санаж байна уу даа, миний л амраг

    Сэтгэлд чинь үлдсэн өдөр хоногууд

    Зүрхэнд хурсан хардах сэтгэлийг чинь

    Салхи мэт зайлуулах билээ

    Цэл залуухан насны чинь учрал

    Эргэж чамайгаа харахгүй юм бол

    Эгэл амьдралд минь хайраараа сохорч

    Энэ хорвоод орших газар үгүй еэ. /дуулав/ МУГЖ Б.Дашдондогийн дуулсан “Санаж байна уу” дууг эхнэртээ зориулан бичиж байлаа. Би эхнэртэйгээ 2 дугаар ангиасаа найзалж,  оюутан болсныхоо дараа үерхэж эхэлсэн юм. Ёстой л нөгөө “Дэргэд минь байж хайр минь” гэдэг шиг хар багын найз минь амьдралын хань байж.

    -Гэргий, гэр бүлээ танилцуулаач?

    Миний эхнэрийг М.Оюунчимэг гэдэг. “Хасбанк”-нд Эдийн засагч ажилтай. Миний хань чинь гурван хүү төрүүлж өгсөн дархан бэр юм шүү дээ. Манай гэрийн дархлагдчихсан ганц од. /инээв/

    -Хөвгүүд тань дуучин болно гэх юм уу?

    Эхнэр бид хоёр хүүхдүүдээ өөрсдийнх нь хүслээр байлгах дуртай. Манай том хүү 14 настай, ээж шигээ эдийн засаг, банкны чиглэлийн мэргэжилтэй болно гэдэг. Харин дунд хүү маань цэргийн хүн болно гэж шийдсэн гэнэ. Бага хүү дөрвөн настай, дуучин болно гээд баатарлагаар хэлж байна лээ. Хөгжим бүжгийн сургуульд сургана даа.

    -Тэгвэл Таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв?

    Би багаасаа урлаг, спортод сонирхолтой хүүхэд байсан. Самбо, жудо, бүжиг, уран гимнастикаар хичээллэдэг байлаа. Уран гимнастикийн улсын хоёрдугаар зэрэг авч байлаа. /инээв/ 16 настайдаа Сумогийн шалгаруулалтад оролцож тэнцсэн ч нэлээд хүнд бэртэл авч спортоо бүрмөсөн орхисон доо.

    -Ингэхэд анхны бие даасан тоглолтоо яагаад заавал “Анд минь чамайг үгүйлэх юм” дуугаараа нэрлэсэн юм бэ?

    “Анд минь чамайг үгүйлэх юм” дуундаа би маш их хайртай. Энэ дууны үг, аяыг “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр зохиож, надад өгөөд 2007 онд хөгжмийн зохиолчдын “Морин хуур” наадамд оролцон Гран При шагнал хүртэж байлаа. Нөгөөтэйгүүр, бид олон жил уулзаагүй найз нөхдөдөө “Анд минь чамайг үгүйлэх юм”  гэж хэлдэг, тийм үү? Байнга уулзалддаггүй ч үргэлж сэтгэл зүрхэнд үгүйлэгддэг сайхан найз хүн бүрт бий. Тэгвэл тэр л найзыгаа, андыгаа гэгээнээр дурсах үдэш нь миний тоглолт байгаасай гэж энэ дуугаа сонгосон.

    Энэ сарын 7-нд UB паласт болох “Анд минь чамайг үгүйлэх юм” тоглолтод уригдаж, зохиосон дуунуудаар минь ая өргөх “Никитон”, “Камертон”, “Хурд”, “Чоно” хамтлаг, дуучин Б.Дашдондог, Б.Сарантуяа, “Харанга”-ын Ц.Чулуунбат, Б.Чинбат, С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, М.Үүрээ Ц.Мөнхбат зэрэг рок попын анд нөхдөдөө сайн сайхныг хүсмээр байна.

    -Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь өндөр амжилт, халуун алга ташилтыг хүсэн ерөөе.  

    Баярлалаа.

    Ярилцсан Э.Баасансүрэн

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй