ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Галбадрах: Шалгалтад тэнцсэн жолоочийн үнэмлэх тав хоногийн дотор гарна

    Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрахтай ярилцлаа.

    -Лицензийн төв, “Монгол шуудан” компанитай хамтраад жолооны үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэд таатай хүлээж авч байна.

    -Иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэх үүднээс ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, “Монгол шуудан” компанийн захирал Б.Анхбаатар нар  хамтран ажиллах гэрээ энэ сарын 17-ны өдөр байгуулсан.  Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар манайд материалаа өгсөн, хуучин үнэмлэхээ солиулахаар хандсан иргэдийн жолооны үнэмлэхийг сайн дурын үндсэн дээр гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ эхлээд явж байна. Одоогийн байдлаар 93 иргэн захиалга өгөөд байгаа. Иргэд сайшаан хүлээн авч байна. Жолооны үнэмлэхийн хэвлэлт удааширсантай холбоотойгоор манайд нэлээн олон үнэмлэх хуримтлагдсан байсан. Гэрээр үнэмлэхээ хүргүүлэхийн тулд 7000-6996 утсанд хандан “Монгол шуудан” компанийн ажилчидтай холбогдож, гэрийн хаягаа өгснөөр үнэмлэхээ гэртээ хүлээж авах боломжтой.  

    -Жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил нэг хэсэг удааширч, иргэд бухимдалтай байсан. Одоо хэвийн болсон уу?

    -Жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил жигдэрсэн. Манай дээр нэлээн хуримтлагдсан байсныг түр үнэмлэх олгож ачааллыг бууруулж байсан. Ер нь үнэмлэхүүдээ хэвлээд дуусаж байна. Одоогийн байдлаар 165 мянган үнэмлэх хэвлээд орон нутгийнхыг хуваарилаад явуулсан. Нийслэлийн иргэд Лицензийн төв, Дүнжингарав худалдааны төв дэх салбарт очиж болон гэрийн хаягаараа хүргүүлээд авч байна.

    -Тэгвэл цаашид үнэмлэх хэвлэлт хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болох уу?

    -Болно. Шар үнэмлэхээ солиулж байгаа болон эрхээ хасуулаад шалгалт өгч байгаа иргэдийн үнэмлэхийг ажлыг тав хоногийн дотор, хаяж гээгдүүлсэн шалтгаанаар материалаа өгсөн жолооч нарын үнэмлэх 21 хоногийн дотор гарч байгаа.

    -Жолоочийн үнэмлэхийн лавлагаа авах хүсэлтэй хүн олон байдаг. Энэ лавлагааг зөвхөн танай төвөөс олгох уу?

    -Энэ бас иргэдийг бухимдуулдаг байсан асуудлуудын нэг. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд жолоочийн үнэмлэхээ тухай орныхоо жолоодох эрхийн үнэмлэхээр солиулахын тулд заавал цагдаагийн байгууллагаас лавлагаа авах шаардлагатай болдог. Тиймээс бид иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн хилийн чанадад буй элчин сайдын яамдуудтайгаа хамтран цахимаар жолоочийн үнэмлэхийн лавлагаа явуулах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн иргэд ТҮЦ машин, Лицензийн төв, Дүнжингарав худалдааны төв дэх манай салбараас авч болно.

    -Жолоодох эрхээ хасуулсан иргэд болон шинээр жолооч болох гэж буй иргэдийн шалгалт хэрхэн явагдаж байна вэ?

    -Хууль зүйн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтран баталсан шинэчилсэн журмаар, жолооны эрхээ хасуулсан жолоочийн эрх сэргээх хугацаа болсон тохиолдолд Лицензийн төв дээр ирж зургаан цагийн сургалтад хамрагдаад, цахим хэлбэрээр шалгалт өгөх ёстой. Хэрэв тэнцвэл үнэмлэхийг ажлын тав хоногийн дотор хэвлэн олгож байна. Өмнө нь гурван удаа шалгалт өгөөд тэнцээгүй иргэд дүрмийн давтан курст суудаг байсан. Харин одоо мөрдөж буй шинэчлэгдсэн журмаар тухайн иргэн шалгалтад тэнцэх хүртлээ хэдэн ч удаа шалгуулж болох юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, онооны систем нь дууссан жолооч нарын эрх  түдгэлзчихсэн байгаа. Гэтэл жолооч нар буруу ойлгоод жолоодох эрхийн үнэмлэхийн үнэ тушаачихаад ирж байна. Замын цагдаагийн албанаас жолоочийн үнэмлэхийг хураахгүй байгаа. Жолоодох эрх нь түдгэлзсэн гээд сүлжээнд бүртгэгдсэн бол манай төв дээр ирж сургалтад хамрагдаад, цахим шалгалтад орж, тэнцсэн тохиолдолд тухайн жолоочийн оноог нэмэн олгож байгаа юм.

    -Хуучин шар үнэмлэхийг шинээр солиулах ажил өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Хуульд заасан хугацаанд солиулахгүй бол хэрхэх вэ?

    -Хууль зүйн сайдын баталсан Жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой журамд бол тухайн үнэмлэх 10 жилийн хугацаатай гээд зааж өгсөн. Тэгэхээр 2006 оноос өмнө олгосон шар үнэмлэхүүд 2016 онд хүчинтэй хугацаа дуусаж байгаа учир энэ оны 12 дугаар сарын 31-нд багтаж шар үнэмлэхээ солиулах ёстой. Хэрэв хуулийн хугацаанд амжиж солиулахгүй бол тийм арга хэмжээ тооцно гэсэн юм одоохондоо алга. Хуучин үнэмлэхээ солиулахаар ирсэн иргэдэд манай Лицензийн төв шуурхай үйлчилж байгаа. Иргэд заавал Лицензийн төв дээр ирж үнэмлэх солиулах шаардлагагүй. Орон нутаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт орон нутгийн Замын цагдаагийн тасаг нь иргэдийнхээ хуучин үнэмлэхийг хүлээж аваад манайх руу ирүүлсний дагуу бид солиод тухайн замын цагдаагийн тасгаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.

    -Үнэмлэх солих хугацаанд түр үнэмлэх олгох уу?

    -Үнэмлэх солих ажил ажлын 3-7 хоногт багтаад явагдаж байгаа учир түр үнэмлэх олгох шаардлагагүй. Түр үнэмлэхийг зөвхөн жолоочийн үнэмлэх хэвлэгдэх үйл ажиллагаанд саатал гарсан тохиолдолд л олгодог журамтай.

    -Жолооны эрхээ 6 сар, 1 жил, 2 жилээр хасуулсан иргэд энэ хугацаа дуусахаас өмнө жолоочийн үнэмлэхээ авах боломжтой юу гэх асуулт иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнд та тайлбар өгөөч.

    -Тухайн жолооч эрхээ хасуулсан тохиолдолд тухайн орон нутаг, дүүргийн замын цагдаагийн тасгаас жолоочийн бүртгэлийн санд хасалт хийгээд, системд оруулна гэсэн үг. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар хугацаанаас өмнө жолооны эрхийг сэргээх боломж байхгүй. Тухайн жолоочийн үнэмлэх зөрчлийн материалдаа хавсрагдаад явна. Харин эрх хасуулсан хугацаа дууссан тохиолдолд сургалтад хамрагдаж, цахимаар шалгалтаа өгөөд, үнэмлэхээ шинээр нөхөж авах үйл ажиллагаа явагдаж байна.

    -Лицензийн төвийн ачаалал хэр байна. Драгон төвийн салбар хэзээ нээгдэх вэ?

    -Ачааллыг задлах үүднээс Дүнжингарав худалдааны төвд салбар нээсэн. Энэ салбар ажлын өдрүүдэд ажиллаж, иргэдийн материалыг тухай бүрт нь хүлээн авч байгаа. Лицензийн төвийн ачаалал багассан. Жолооны эрхээ сэргээлгэх иргэдийн сургалт өдөр бүр явж байгаа учир дараалал багатай байна. Үнэмлэхийн хэвлэлт ч хэвийн болсон. Драгон төвийн салбар 2017 оны эхний улиралд нээгдчихнэ байх.

    -Танай явуулж буй үйл ажиллагаанууд иргэдэд хүрч, тэдэнд илүү ойртож байгаа нь сайшаалтай хэрэг. Ярилцлагын төгсгөлд жолооч нарт хандаж ямар зөвлөмж хүргэх вэ?

    -Манай жолооч нар жолоочийн үнэмлэхээ үнэ цэнэтэй бичиг баримт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ч бид жолоочийн үнэмлэх нөхөн олгож буй хяналтын хугацааг 21 хоног болгосон юм. Жолоочийн үнэмлэхээ иргэний үнэмлэхийн адил биедээ авч явж, гамтай байхыг зөвлөж байна. Ер нь үнэмлэхийн нөхөн олголт дээр л нэлээн ачаалал үүсдэг шүү дээ. Бусад асуудлыг манай байгуулага тухай бүрт нь шийдээд явдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    976-80119630
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт