ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баар, цэнгээний газруудад шинэ стандарт мөрдүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэлтсийн дарга Т.Дамбийням “130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байн. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.

    Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхний судалснаар орон сууц, иргэдийн амьдарч байгаа байрнаас 10-50 метрийн зайд ажиллаж байгаа баар цэнгээний газар, мөн найман нэрийн дэлгүүрийн тоо 11 хорооны хэмжээнд 859 хүрчээ. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллага хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс л гэхэд 36 цэгээс хяналт хийдэг. Гэвч энэ оны зургаадугаар сараас эхлэн камерын хяналтын систем ажиллахаа больсон. Шалтгаан нь камерыг угсрах тендерт ялсан компаниуд тоноглож өгөөд орхиод явсан. Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс ийнхүү цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгаа” гэж хэллээ.

    Иргэд, цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллана” гэв. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээг сайжруулахад анхаарна. Төлбөрөө төлж, үйлчилгээ авч байгаа иргэн аюулгүй үйлчлүүлэх ёстой” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэлтэс дээр очиж ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    976-80119630
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт