ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүний их эмч Б.Амаржаргал: ”Ханиадны вакцин” нэг том сул талтай

    ХУД-ын I хороо “Мөнхбадрах-Өрх” ӨЭМТ-ийн хүний их эмч Б.Амаржаргалаас бага насны хүүхдүүдийн дунд тархаад байгаа ханиад, д витамины хэрэглээ, ханиадны вакцины талаар тодрууллаа.

    Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд бөөлжиж, суулгадаг ханиад тархаад байна. Та өдөрт ханиадтай хэдэн хүүхэд үзэж байна вэ?

    Энэ суулгалттай ханиад 8-р сарын сүүлээс дэгдэж эхэлсэн. Өдөрт дунджаар ийм ханиадтай 20-30, зарим үед 35 хүүхэд үзэж байна. Дөрвөн сараас таван нас хүртэлх хүүхдүүд олноор ханиад хүрч байна. Энэ нь цаг агаар хүйтэрсэнтэй ч холбоотой мөн хүүхдийн настай ч холбоотой. Ерөнхийдөө дархлаа сууж эхэлдэг үе, мөн цэцэрлэг сургуульд явж эхэлдгээс шалтгаалдаг. Ханиадтай хүүхдүүдтэй байнга харьцаж байгаа болохоор би ч ханиад туссан. Гэхдээ насанд хүрсэн, дархлаа тогтсон учраас ханиалгахгүй, хамар битүүрэх маягтай байна. Дархлаа бүрэн суугаагүй учраас бага насны хүүхдүүд илүү өвчилдөг.

    Эцэг эхчүүд эмчийн заавраар эм өгөхийн зэрэгцээ ямар асаргаа сувилгаа хийх хэрэгтэй вэ? Нэмэлтээр дархлаа дэмжих витамин өгч болох уу?

    Хамгийн гол нь эцэг эхчүүд дур мэдэн эм авч уулгаж болохгүй. Хүүхдээ эмчид заавал үзүүлж, бичсэн жороор эм худалдан авах хэрэгтэй. Мэдээж эцэг эхийн асаргаа чухал. Хүүхдээ сайн ажиглах хэрэгтэй. Эм ууж байгаа хэрнээ хүүхдийн биеийн байдал муудаж байна уу, үгүй юу  гэдгийг ажиглана. Мөн эмийг эмчийн заасан хоног, тунгаар өгөх чухал. Зарим эцэг эхчүүд өдөрт гурван удаа уулгах эмийг хоёр уулгадаг. Эсвэл цэцэрлэгийн багшид нь өгдөг, багш өгсөн гэж худал хэлдэг. Эмээ өвөөд нь захиж үлдээдэг, тэд эм өгөхдөө өдрийн гурав уух эмийг хоёр удаа өгдөг, эсвэл эмийнхээ талыг асгадаг. Энэ мэтээр ханиад хүндрүүлэх асуудал олон гарч байна. Учир нь цусан дахь эмийн консентрацийг нэг хэмжээнд барьж байж ханиад үүсгэгч бактеритай холбогддог. Хэт ихсэх, хэт багасах нь тухайн өвчинд ямар ч нөлөөгүй гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

    Эмчийн жороор эм ууж байгаа хүүхдийн ханиад хэр хурдан эдгэх вэ?

    Хамгийн хурдандаа гурав хоног цаашлаад долоо хоногт бүрэн эдгэнэ.

    Энэ ханиадны гол хүндрэл нь суулгалт. Суулгалттай хэрхэн тэмцэх вэ?

    Хамгийн гол нь хросол. Хүүхдийн хөгжлийн цогц менежментэд хросолыг “А”, “Б” гэсэн төлөвлөгөөтэй өгөхөөр заасан байдаг. Хүүхдийн алдсан шингэнг нөхөж чадвал гүйлгэлт зогсох ёстой. Тухайн хүүхэд нянгийн гаралтай суулгалт болжээ гэж үзвэл бид хавсарч бактери өгдөг. Ингэснээр үр дүн нь илүү байдаг. Хүүхэд маш хурдан сэхэл авдаг, хурдан мууддаг онцлогтой.

    Энэ ханиадыг тусаад эдгэсэн хүүхдүүдийг дархлааг яаж дэмжвэл зохистой вэ?

    Дархлааг биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу олон төрлийн мултивитамин, мөн дархлаа дэмжих эм гэсэн хоёр төрлөөр дэмжиж болно.

    Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд өөрсдөө сонгох нь зөв үү, эсвэл энэ тохиолдолд ч мөн эмчийн туслалцааг авах хэрэгтэй юу?

    Мөн л эмчийн жороор хэрэглэх нь зүйтэй.

    Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ханиаднаас сэргийлэх вакцин эрэлттэй болдог. Ханиадны вирус, нян олон төрөл байдаг, харин  вакцин бол зөвхөн нэг төрлийн вирусээс сэргийлдэг гэх яриа ч байдаг. Энэ талаар?

    Зөвхөн хүүхдэд гэлтгүй аав ээжүүд өөрсдөө ч "ханиадны вакцин" хийлгэж болно. Өдийд арав, арваннэгдүгээр сард вакцин хийлгэлээ гэж бодоход тухайн хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад ханиад маш хөнгөн хүрдэг. Харин нэгдүгээр сар, хоёрдугаар сарын үед ханиадны вирус, бактери хувьсан өөрчлөгддөг. Эмч нарын бичдэг эмийн жор ч энэ үед өөрчлөгддөг. Үүнтэй уялдаад өнөө вакцин хийлгэсэн хүүхдүүд ханиад хүрэхдээ маш хүндээр өвддөг практик жишээ байна. Энэ бол вакцины сул тал, сонголтыг эцэг эхчүүд хийнэ.

    Ханиадны эмчилгээнээс гадна хүйтний улиралд хүүхдэдээ д витамин уулгах талаар эцэг эхчүүд их сонирхдог.

    Есдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар заавал ууж байх ёстой. Өрхийн эмнэлгүүдээр тарааж байгаа 50 мянган нэгжтэй д-г сард нэг удаа уудаг. Тав, зургаа, долдугаар сард харин уухгүй. Тухайн хүүхэд рахиттай гэж оношлогдсон бол эмчилгээний тунгаар авч болно. Д витаминыг наснаас шалтгаалж ялгаатай тунгаар уудаггүй. Нэг сараас дээш гурван нас хүртэл д витаминыг өгдөг. Усан, тосон, шахмал зэргээр өөр өөр байдаг ч өдөрт авах хэмжээ нь 400 нэгж байна.

    Гурваас дээш настай хүүхдэд д витамин өгөх шаардлагагүй гэсэн үг үү?

    Үнэхээр шаардлагатай гурваас дээш настай ч рахитын шинж тэмдэг илэрсэн хүүхэд уудаг. Рахитын шинж тэмдэг илрээгүй бол гурван нас хүрээд д витамин уухаа зогсооно.

    Танд баярлалаа.

    Бага насны хүүхдүүдийн өвчлөлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь цэцэрлэг дэх нэг ангийн хүүхдийн тоог бууруулах гэдгийг Б.Амаржаргал эмч онцоллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй