ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоол зүйч Д.Долгормаа: Өөх тос кальцийн шимэгдлийг дэмжиж хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг

    “Гранд Мед” эмнэлгийн хоол зүйч Д.Долгормаа эмчтэй “Нярай хүүхдийг хэрхэн хооллох” сэдвээр уулзаж ярилцлаа.

    -Залуу эхчүүд нярай хүүхдээ анх хэрхэн яаж зав хооллох вэ? 

    -Эхийн хэвлийд байх үеэс л хүүхдийн зөв хооллолт эхэлнэ. Энэ үед эхчүүд эрдэс бодис, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эх хүн хүүхдээ гэдсэнд байхад юунд дурлаж, юу идэж байсан чухам түүнээс улбаалаад хүүхэд хоолонд орохдоо тэдгээр зүйлсийнх нь амтыг танин идэх дуртай байх жишээтэй. Хүүхдийн ходоод гэдсэнд эхийн сүү шиг амар хялбар шингэх хүнсний бүтээгдэхүүн гэж үгүй. Эхийн сүү нь нярай хүүхдэд шаардлагатай хэрэгцээт шимт бодисоор хангаж, дархлалын систем болон өсөлт хөгжилд шууд нөлөөлж байдаг.

    Хүүхдийг хоолонд оруулахдаа сүүний бүтэцтэй адил ойролцоо хоолноос эхлэн оруулна. Эхлээд шингэн хоол, хагас шингэн, зутан гэх мэт үе шаттайгаар хооллоно. Хооллох явцдаа хоолыг бага багаар өгч, хүүхдийг идэх дургүй байхад нь хүчилж болохгүй. Үүнийг анхаарах нь чухал юм.

    -Эх хүн өөртөө харшилдаг хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгвөл харшлах тохиолдол байх уу?

    -Яг тийм гэсэн нотолгоо байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөлөөлж болно. 6-12 сартайд эхийн сүү нь хүүхдийн авах ёстой хоол, шим тэжээлийн талаас илүү хувийг эзэлдэг бол 12-24 сарын хооронд 3/1-ийг хангаж байдаг. Хүүхдийг эхлээд хоолонд оруулахдаа нэг төрлийн хоолыг бага багаар дасган тухайн хүүхдэд хэрхэн тохирч байгаа болон дуртай байгаа эсэхийг ажиглан тохирч байгаа тохиолдолд дараагийн хоолонд оруулж болно.

    -Хүүхдийг хэдэн сартайгаас нь эхлэн хоолловол хамгийн тохиромжтой вэ?

    -Хүүхдийг 6 сартайгаас хоолонд оруулвал зохимжтой. Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй байдаг. 4-6 сартай хүүхэд нь хоолонд орох болохоор аяндаа шинж тэмгүүд илэрч эхэлнэ. Дөнгөж төрсөн хүүхэд хэлээ бултагнуулаад түлхээд байдаг. Харин бор хоолонд орох цаг нь болохоор хүүхэд хэлээ түлхэх энэ рефлекс нь арилдаг. Мөн хөхөндөө цадахгүй болох, хоол идэж байгаа хүнийг дагуулж харах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Мөн хүүхэд өвөр дээр эгц суух, бие даан суух чадвартай болсноор хоолыг бүрэн хэмжээгээр залгиж идэх боломжтой боллоо гэж үзэн нэмэлт хоолонд оруулна.

    -Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан хүүхдийн хоолны төрөл өөр өөр байх. Та энэ талаар зөвлөгөө өгнө үү?

    -Хүүхдийн хамгийн эрчимтэй өсч байх үе бол 0-2 нас юм. Хүүхдийн өсөлт хөгжилд шимт бодисын хэрэгцээ хамгийн чухал зүйл байдаг. Өсөлтийн үед өөх тос, уураг, нүүрс усны хэрэглээ нь маш их ач холбогдолтой.  Жишээлбэл: өөх тосны хэрэглээ нь хүүхдийн өсөлт, кальцийн шимэгдлийг дэмжсэнээр өсөх процесст нөлөөлнө. Зарим нэг эрдэс бодисыг шимэгдэхэд тусална.

    -Хүүхдэд хамгийн тэжээллэг хоол юу вэ?

    -Хамгийн тэжээллэг хоол хүнс нь амин дэм, уураг, эрдэс бодисоор баялаг хоол хүнс юм. Эцэг эхчүүд маань хүүхдээ хоолонд оруулахдаа бантан, каша зэргийг л өгөөд байдаг. Аль болох олон нэр төрлийн хоол хүнс ногоо зэргийг идүүлэх нь ач тустай юм.

    -Хүүхэд бүр харилцан адилгүй хоолонд ордог. Орой хоолонд орох нь муу юу?

    -Хүүхдийг эрт хоолонд оруулах нь эрсдэлтэй. Эхийн сүүний эзлэх хувь нь багассанаар эхийн сүү хүүхдийнхээ дархлааг дэмжих, хамгаалах чадвар нь буурна. Тиймээс нярай хүүхэд өвчлөлд өртөх гол шалтгаан болно. Мөн эцэг эхчүүд маань залхууран шим тэжээл муутай шингэн хоол өгсөнөөр хүүхдийн гэдэс эвгүйрэх зэрэг асуудал гарна. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд хоол боловсруулах явц нь хөгжиж байдаг. Хүнсний бүтээгдэхүүнээс хэрэгтэй зүйлсээ шимэгдүүлж шингээж авах чадвар нь төдийлөн хөгжөөгүй байдаг зэрэг эрсдэлүүд гарна. Мөн хэт орой хоолонд оруулвал хүүхдийн өсөлт хөгжилтөнд шаардалагатай уураг, амин дэм, өөх тосны дутагдалд орж өсөлт удааширдаг.  

    -Зарим хүүхдийн эмч нар хүүхдийг эрт бор хоолонд оруулах хэрэгтэй. Зарим нь хоёр нас хүртэл хөхний сүүгээр хооллох хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ талаар зөвлөөч?

    -Эхийн сүү нь хүүхдийн хувьд юугаар ч орлуулшгүй хоол, шим тэжээл юм. Хүүхэд хоёр нас хүртлээ хөхөөрөө хоолловол сайн. Хөхний сүү, нэмэлт хоол зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжилд аль аль нь хэрэгтэй учраас хоолыг зөв зохистой таруулах нь л чухал.

    -Ярилцсанд баярлалаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй