ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Раднааханд:Харшил олон шалтгаанаар үүсэж, түмэн шалтгаанаар сэдэрдэг

    Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн  харшлын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн АУ-ы сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, “Астма” эмнэлгийн захирал, дэд профессор Н.Раднаахандтай хүүхэд багачуудын дунд газар аваад буй астма, харшил, ханиадын талаар ярилцлаа. Түүний зөвлөгөөг уншсанаар хүүхдэд тань ямар шалтгаан нь илүү нөлөөлж байгааг олж мэдэн, хооллолт, хувцаслалт, асаргааг зөв тохируулан өвчнийг нь сэдрээхгүй байхад тус дэм болно гэдэгт итгэж байна. Тэрбээр Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж, улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч.

    Н.Раднааханд:Харшилтай хүүхдийг дулаалж байна гээд хэт бэгнэж болохгүй.

    -Бага насны хүүхдүүдийг ханиадаас илүү харшил их зовоодог. Эцэг эх нь юунаас үүдэж харшилтай болсныг мэдэхгүй цаг алддаг тал бий? 
    -Харшил арьсных ч бай, амьсгалын замынх ч бай хүүхэд болоод эцэг, эхийг нь үнэхээр залхаадаг өвчин. Экземтэй хүүхэдтэй гэр бүлд хүүхдээ асрах, эмчлэх үед учрах стресс нь чихрийн шижинтэй хүүхэдтэй гэр бүлийнхээс илүү байдаг. “Миний хүүхдийн арьс яг юунаас үүдэж ийм болоод байгааг хэлээд өгөөч” гэсэн тэдний асуулт туйлын зөв ч тодорхой хариулах боломжгүй нь харамсалтай. Учир нь энэ өвчин олон шалтгаанаар үүсэж, түмэн шалтгаанаар сэдэрдэг. Уг өвчинд хүүхэд ямар учраас нэрвэгддэгийг  шинжлэх ухаан бүрэн хариулж чадаагүй. Өвчнийг сэдрэхэд байгаль цаг уур, агаарын бохирдол, гэр бүлийн бичил орчны ариун цэвэр, гэр, сургуулийн орчны хүмүүсийн харилцааны уур амьсгал, хүүхэд болон эхийн хоол, хэрэглэсэн эм тариа, өмссөн хувцас, түрхсэн тос, хүүхдийн хувцсыг угаасан саван зэрэг сорил тавиад тогтоож барахааргүй олон зүйл нөлөөлдөг. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчдаас ихээхэн сувилгаа, ажигч байдал, тэсвэр хатуужил шаарддаг.

    - Тэр дундаас экземийг хамгийн хэцүү нь гэж ярьдаг. Харшилтай хүүхдүүдийн эцэг, эх танаас зөвлөгөө байнга авдаг биз?

    -Тийм ээ. Экзем нь арьсаар тууралт гарч загатнадаг, ялихгүй дэглэм алдагдахад аяндаа сэдэрдэг арьсны архаг өвчин юм. Шүүдэст эмзэгшилтэй байсан хүүхдийн нэг хэсэгт нь экзем болон архагшдаг. Эцэг эх, өвөө, эмээ нь харшлын өвчтэй байх нь хүүхдэд экземээр өвчлөхөд нөлөөлдөг. Экзем халдварт өвчин биш. Тиймээс найз нөхдөд нь зөв ойлгуулах нь чухал. Ангийн багш, эцэг эхээр нь дамжуулан хамт олонд нь зөв ойлголт өгснөөр хүүхэд ганцаардахгүй. Экземтэй хүүхдийг банны усанд оруулахдаа зориулалтын тос хийж, арьсыг нь зөөллөөрэй. Усанд удаан байлгаж болохгүй. Ус халуун байвал арьсыг  хуурайшуулж загатнуулна. Ус бүлээстэл хүлээж, усны хлор гарсан хойно усанд оруулна. Янз бүрийн жимс, ургамлын хольцтой болоод шүлтлэг ихтэй саван хэрэглэхгүй байх хэрэгтэй. Усанд орсны дараа ширүүн алчуураар арчилгүй зөөлөн алчуураар дарж хатаагаарай.

    Хүүхдийн хумсыг гэмтээлгүй богино, мохоо байдлаар авч, гарыг нь цэвэр байлган, үсийг нь боож, эсвэл богино хэлбэртэй тайрах нь тохиромжтой. Арьсны тос, сахлын ус, суганы дезодрант, үнэртэй ус, гоо сайхны тос, хөлний тальк зэргийг хүүхдээсээ холхон байлга. Учир нь гоо сайхны бүтээгдэхүүнийг үнэр оруулах зорилгоор химийн бодис хольж хийдэг тул арьсыг  нь цочроодог. Хүүхдийн хувцсыг янз бүрийн угаалгын нунтгаар угаахаас зайлсхийж, байгалийн гаралтай саван хэрэглээрэй. Хувцсыг нь угаасны дараа цэвэр усаар сайн зайлна. Ор дэрний цагаан хэрэгсэл, хувцсыг угааж цэвэрлэхдээ цайруулагч , зөөллөгч, үнэр оруулагч бодис хэрэглэх хэрэггүй. Автомат угаалгын машинаар ор дэрний хэрэгслээ угааж байвал гэрийн тоосны хачиг устана. Гэрийн тоос нь арьсыг мэдрэгжүүлэх боломжтой тул чийгтэй цэвэрлэгээ хийх нь зохистой.

    Гэрийн тэжээвэр амьтдаас муур, нохойн үс хамгийн их харшил өгдөг

    -Хүмүүс гэртээ цэцэг, ургамал тарьж, муур, нохой тэжээх дуртай. Хүүхдүүд амьтантай тоглосноор харшилтай болох тохиолдол байдаг уу?

    -Байлгүй яахав. Гэрийн тэжээвэр амьтдаас муур, нохойн үс хамгийн их харшил өгдөг тул гэртээ байлгахаас аль болох татгалз. Муурны шүлс, шээсээр гардаг уураг хүчилтөрөгч гэрийн тоосны хачигны биеэс гардаг харшилтөрөгчөөс 10 дахин жижиг учир агаарт удаан хугацаагаар хөвмөл байдалтай байж, амьсгалын замаар орж багтраа үүсгэдэг. Агаарт хөвж буй харшилтөрөгч нь хүүхдийн арьсанд тунан бууж загатнааг нэмдэг. Нохойны арьснаас гуужсан хаг, шээс, шүлсэнд байдаг уураг харшил үүсгэнэ. Нохойгоо эрхлүүлж, ор дэрэн дээрээ хэвтүүлэх нь харшлын суурьтай хүүхдэд амархан харшилна. Тиймээс нохойг тусгай өрөөнд байлган ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих шаардлагатай.

    Ургамлын сав үргэлж чийгтэй байдаг тул хөгц ургах, цэцэглэх, тоос ялгарах үед нь унтлагын өрөөнд нь байлгахгүйг хичээгээрэй. Гэрийн тасалгааны хэм хэт дулаан байснаас агаар хуурайшин тоосждог. Тэгэхээр тасалгааны агаар бага зэрэг чийгтэй, аль болох сэрүүн байх нь экземтэй хүүхдэд тохирно.

    Эцэг, эх хүүхдийнхээ хувцаслалтад анхаарлаа хандуулдаг байх нь чухал. Өмсөх хувцасны материал нь хөвөн даавуу байвал тохиромжтой.

    Бага насны хүүхдийн дотуур хувцасны оёдлыг гадагш нь харуулж өмсгөх нь арьсыг  цочроож загатнуулахаас сэргийлнэ. Будаг гардаг, ноосон нейлонон хувцас өмсгөхгүй байх нь дээр. Хувцас нь бие бариагүй сул чөлөөтэй байвал зүгээр. Хүүхдээ дулаалж байна гээд хэт бэгнэж болохгүй.

    -Харшилтай хүүхдэд ямар хоол хүнс хэрэглэхийг хориглодог вэ?

    -Өндөг, загас, улаан буудай, жимснээс гүзээлзгэнэ, ханборгоцой, аньс, чацаргана, киви, улаан алим, мөн кофе, какао, түрс, зөгийн бал, самар, тахианы мах, лууван, даршилсан ногоо, хийжүүлсэн ундааг хүүхдийнхээ хоол хүнсэнд аль болох хэрэглэхгүй байгаарай.

    -Эцэг эх нь харшил ямар өвчин болохыг мэдэхгүйгээсээ болж алдаа гаргадаг юм шиг санагддаг. Та тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч?   

    -Экзем нь эмчилгээнээсээ илүү арчилгаа шаарддаг өвчин тул эцэг эх хүүхдэдээ төдийлэн тусалж чадахгүй залхах хандлага гаргадаг. Эмчилгээг удаан хугацаагаар эмчийн заавраар хийж чаддаггүй. Харшилтай хүүхдийн эцэг эх өвчнийг ужиг явцтай гэдгийг ойлгоогүйгээс нэг мөр сайн эмчид үзүүлнэ хэмээн олон эмч сольж, эмчилгээг замбараагүй болгодог тал бий. Эмнэлгийн бус хүмүүсийн үгээр сайн гэсэн бүхнийг дур мэдэн хэрэглэж, өвчнийг хүндрүүлдэг.

    Арьсанд түрхдэг дааврын бэлдмэлүүдийг хүчтэйгээс нь эхлэн түрхэж, дараа сэдрэхэд  түрхэх тосны нөөцгүй болдог. Мөн хүчтэй даавартай тосны  тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэснээс сөрөг нөлөө гардаг. Хүүхдийн арьс нимгэн тул түрхсэн болгоныг цусандаа шингээнэ. Нимгэн арьстай зовхи, хуухнаг хавиар даавартай тос түрхэх муу үр дагавартай. Тухайлбал, нүдэнд нь цагаа унах, хараа муудах, эр бэлгийн эсийн боловсролтод муугаар нөлөөлнө. Хүчтэй тос түрхэхэд арьсны хамгаалах чадвар буурч, амархан идээлнэ. Өнгө нь өөрчлөгдөн харлаж, хатууран нимгэрч сорвижно. Дааврын тосыг сул хүчтэйгээс нь эхлэн хэрэглэж, үйлчилгээгүй болсон үед дараагийн дунд зэргийн хүчтэй үйлчилгээтэй тос хэрэглэх эмчилгээний шатлалыг баримтлах хэрэгтэй. Эцэг эх хүүхдэдээ өгөх эм, түрхэх тосыг хэрэглэхийн өмнө найрлагыг нь уншиж, харшлын эмчээс асууж мэдэх нь чухал. Фтортой тосыг бага насны хүүхдэд, харин идээлсэн арьсанд дааврын тос түрхэж болохгүй. Дааврын тосыг өвчний хүнд, хөнгөн үе шат, хүүхдийн нас, өмнө нь хэрэглэж байсан тос зэргийг тооцож байж эмч тохируулан өгөх ёстой.

    -Харшилтай хүүхдэд ямар тос түрхэж болох вэ?

    -Синафлан , Синалар, Флуцинар, Белодрем, Ультралон, Кутивейт-флутиказон зэрэг нь хүчтэй, харин  Адвантан, Локоид, Элоком нь 4-6 сартайгаас эхлэн хэрэглэж болох үйлчилгээ сайтай, гаж нөлөөгүй, удаан хэрэглэхэд дасал багатай хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм.      

                         Харшил хүндрэхээрээ астма болдог

    -Өвлийн улиралд хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин их дэлгэрэх юм. Ханиад хүрч хүндрэх нь астматай хүүхдүүдэд  хүндрэлтэй байдаг бололтой?
    -Өвлийн улиралд утаа тоосны улмаас ханиад томуу дэлгэрэх, харшил, астма давхар ихэсдэг талтай. Хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх үед амьсгалын зам бачуурах шинж тэмдэг давхцаж цээж нь шуугидаг. Эцэг, эхчүүд хүүхдээ ямар өвчний үед яаралтай эмчид хандах вэ гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Харшилтай хүүхдийн амьсгалын зам маш мэдрэг байдаг. “Хүүхдээ хүйтэн агаарт гаргатал ханиачихлаа” гэж ярьдаг. Гэтэл мэдрэг болчихсон хүүхэд хүйтэн агаар амьсгалснаас ханиадаг. Өвлийн цагт агаар амьсгалуулж, гадаа гүйлгээд хүүхэд сайжрахгүй. Харшлын мэдрэгшлийг дарах эмчилгээ бий. Тэр эмчилгээг хийхээр ханиалга нь багасдаг. Жирийн ханиад 3-7 хоногийн хугацаанд эдгэх ёстой. Хэрвээ хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн бол хоёр, гурван өдөр халуураад өөрөө аяндаа хордлого нь гарч эдгэдэг.Нянгийн халдвар авсан бол гурваас дээш хоног  үргэлжлүүлэн халуурах, ханиад хүндрэх шинж тэмдэг илэрнэ.

    Хүмүүс ханиалгаад эхлэхээр нь л ханиад хүрчихлээ гээд антибиотик  өгдөг дутагдалтай. Гэтэл антибиотик ханиадны вирүст үйлчилдэггүй тул хүндрэхээс сэргийлж чадахгүй. Харин ч ханиадны үед өгчихсөн антибиотикоос илүү хүчтэй антибиотикийг хүндэрсэн үед нь өгөх сөргөөр нөлөөлнө. Хүүхэд ханиад хүрсэн үед асаргаа чухал.

    Сайн хооллож, дулаан байлгаж, цэцэрлэг яслид нь хэд хоног явуулахгүй гэртээ байлгах ёстой. Хоолой нь идээлчихсэн хүүхдийг харах хүн байхгүй гээд цэцэрлэгт нь өгчихдөг. Тэгэхээр бусдад нь халдварлана.

    -Ханиад хүрсэн хүүхдийг бусдаас нь хэрхэн тусгаарлах вэ. Ингэхийг зарим хүүхэд ганцаардуулж байна гээд таагүй хүлээж авдаг?
    -Ханиад хүрсэн хүүхдийг хүндрэлээс сэргийлэхийн тулд хоолло, дулаан байлга, асар. Рекламдаад байгаа эмнүүдийг нэгэнт үйлдвэрлэчихсэн юм чинь зарахын тулд сурталчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүхэн адилхан нэртэй байдаггүй шиг бие организм нь өөр шүү дээ. Гэтэл  ханиадны терафлю, колдаур зэрэг эм адилхан найрлагатай. Өвчин халууныг дарах парацетамол, тайвшруулах хлорфенамин, хамарны судас нарийсгаж, хамар онгойлгодог бодис, дээр нь витамин С гэсэн найрлагатай. Гэтэл эцэг эхчүүд бүгдээс нь холиод хүүхэддээ өгчихдөг. Тухайлбал “минигрип П” гээд эм бий. Үүний найрлагад ганцхан парацетамол байдаг. Эхчүүд энэ эмийг ханиадны эм гэж бодож өгчихөөд, хүүхдийн халуун намдахгүй болохоор дахиад парацетамолын лаа хийчихдэг. Парацетамол элгийг маш хүчтэй хордуулдаг. Зун ч гэсэн хамар битүүрэлтэд сайн гээд “снип” хэмээх эм уучихдаг. Гэтэл үүнд бас л парацетамолын найрлага бий. Зуны халуунд хамар битүүрчихлээ гээд халууны эм уугаад яваад байж болохгүй. Энэ мэтчилэн Монголчууд эмийн хэрэглээний боловсрол муутайгаасаа болж эрүүл мэнддээ хайнга ханддаг дутагдалтай.

    -Харшилтай хүүхэд ханиад хүрэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
    -Бага насны хүүхдүүдэд диатезын харшил элбэг тохиолддог. Арьсны харшилтай хүүхэд амьсгалын замын өвчин тусахаар астма шиг шинж тэмдэг илэрдэг. Энэ төрлийн харшлын ихэнх нь том болох үед эдгэрдэг. Хүүхэд нэг нас хүртлээ 12-24 удаа ханиад хүрэх бол жирийн үзэгдэл. Томроод ирэхээрээ жилд ханиад тусах нь цөөрдөг.


    Харшлын өвчин халддаггүй, эцэг эхээс хүүхдэд удамшдаг    -Харшил удамшдаг уу?

    -Харшил арьсныхаар эхлээд, хамрынх, эцэст нь астма болж уушгины гүн рүү ордог. Астма хүүхдэд эцэг, эхээс нь удамшдаг. “Аллергический марш” гэж бий. Шат дараалан хүндрэл явагддаг.Зарим тохиолдолд нялх хүүхдүүдийн цээж нь астматай адил шинж тэмдэгтэй шуугиж сонсогдоно. Энэ нь ханиад томууны үед элбэг тохиолддог вирусийн халдвар байж болно. Үүнийг астмаас ялгах хэрэгтэй. Хүүхдүүдийн дунд астма, харшил жилээс жилд газар авч байна.

    Үүнд агаарын бохирдол, шарилжны тоос нөлөөлж байна. Манайхан шарилжны тоостой зөв тэмцэж чадахгүй юм. Шарилжийг ургаж, тоосоо гөвөхөөс нь өмнө буюу зургадугаар сарын эхээр хайчилж хаях хэрэгтэй.

    Зуны харшлын хөдлөлийг хавар, зун, намар гэж гурван үе болгон хуваадаг. Долдугаар сарын дундаас шарилж луульны тоосоо гүвэх үе эхэлдэг. Шарилж луульны тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхлагдсан газар ургадаг болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэдэг.Энэ нь зүлэг ногоогоо тайрч янзалдаггүй хотынхонд тохирсон ургамал болохоор арчилгаа голдоггүй. Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж харшил үүсгэдэг. Тиймээс ийм үед нь харшилтай хүмүүс эм тариагаа зөв хэрэглэж занших хэрэгтэй.

    -Бага насны хүүхдийг харшилтай байж болох анхны шинж тэмдгийг хэрхэн мэдэх вэ?
    -Хүүхэд төрөхдөө хөөнгө том, насандаа тохирохгүй илүүдэл жинтэй байх, арьс нь нурамтгай эсвэл толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайлт туурах зэрэг шинж илэрдэг. Ханиад хүрэхээрээ цээж барих, удаан ханиах, шөнө ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиглагдана. Тиймээс хүүхдээ харшилгүй байлгаж, хамгаалахын тулд гэртээ амьтан тэжээхгүй, тамхи татахгүй, тоос татах хивс дрож, зөөлөн буйдан, үстэй тоглоом байлгахаас татгалзах хэрэгтэй. Харшлын өвчин халддаггүй. Хүүхэд эхээс төрөхдөө эцэг, эхийнхээ харшламтгай байдлыг удамшин төрдөг. Харшламтгай байдал нь хожим харшлын өвчин болж илэрдэг. Гэхдээ сайн хамгаалж чадвал бага зэргийн харшлын урвал илрээд, намдах нь ч бий.

    -Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байхын тулд эцэг эх наанадаж юу мэдэж байх шаардлагатай вэ?
    -Хүүхэд тань ханиад хүрсэн бол  хүнд байна уу, хөнгөн байна уу гэдгийг амьсгалыг нь тоолоод мэдчихдэг эрүүл мэндийн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Хүүхэд ханиад хүрсэн үедээ унтаа ноомой болох, бие нь гэнэт муудан бөөлжиж таталт өгөх шинж тэмдэг илэрвэл  эмнэлэгт даруй очих хэрэгтэй. Нус нь гоожоод, бага зэрэг бүлээрсэн тохиолдолд анхны арга хэмжээг гэртээ аваад сурчих. Хүн өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ төлөө анхаарал тавьж, эрүүл мэндийн асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй болоод байна.

    Хүүхдийн амьсгалах тоо

    0-2 сартай хүүхэд нэг минутад 60 буюу түүнээс олон

    2-12 сартай хүүхэд нэг минутад 50 буюу түүнээс олон

    12 сараас 5 нас хүртэлх хүүхэд нэг минутад 40 буюу түүнээс олон амьсгална

    Хүүхэд хүндэрсэн тохиолдолд илэрдэг ерөнхий шинж тэмдэг

    -Хүүхэд унтамхай болох
    -Уусан бүхнээ бөөлжих
    -Татах (өвчний үед)
    -Уух буюу хөхөх чадваргүй болох

    -Хүүхдийн цээж хонхолзох (амьсгал авах үед хавирганы нуман доогуур татагдаж,хонхойх)
    -Тайван үедээ хяхтнах амьсгаа сонстох… Таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмнэлэгт хандаарай

           Харшлын өвчин халддаггүй. Эцэг эхээс удамшдаг

    -Хүүхдээ ханиад хүрэхээр эцэг, эхчүүд хүүхдээ дулаалж байна гээд бэгнэчихдэг. Ингэж зузаан хувцас  давхарлаж өмсгөх нь зөв үү, буруу юу?
    -Зарим ээж хүүхдээ битүү хувцас өмсгөчихөөд, эсвэл майкных нь гаднаас эмчид үзүүлж, чагнуулдаг. Энэ маш буруу. Хувцасны цаана тууралт, цээж хонхолзох, хавирга завсрын булчин татагдах зэрэг өвчний олон шинж тэмдэг халхлагддаг. Ээж нь хүйтэн чагнуур хүүхдийнхээ бие дээр тавиулахгүй, эсвэл хүүхдээ даарна гэж боддог шиг байгаа юм.

    Зарим нь ээж хувцсыг нь тайлахаас хүртэл залхуурна. Эмч хүүхдэд нүцгэн биеийн үзлэг хийх нь өндөр ач холбогдолтой. Цавь суганы нуралт, хөл гарынх нь зөрүү, түнхний мултралт, арьсаар нь харшлын тууралт байна уу, халдварт өвчний тууралт байна уу гээд олон талын мэдээлэл авч болдог.

    -Сүүлийн үед эмэгтэйчүүд агаарын бохирдлоос холдож, эрүүл хүүхэд төрүүлнэ гэж ярих болсон байна?
    -Эцэг, эх нь харшилгүй бол эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд жирэмсний сүүлийн гурван сард сайн дэглэм барьж, шаардлагатай бол ажлынхаа нөхцлийг сольж, харшил өгөх хоол унд (апельсин, мандарин, шоколад, кимчи) зэргээс татгалзах хэрэгтэй. Ихэнх ээж төмөрнөөс харшилтай гэж ярьдаг. Энэ нь бие нь харшламтгай байна гэсэн дохио. Төмөрнөөс харшилтай эхээс диатезтай хүүхэд гарах тохиолдол эрс нэмэгддэг. Харшламтгай ээж жирэмснийхээ сүүлийн нэг сард харшилж байгаа олон химийн бодисоос хол байх шаардлагатай.

    Үүний зэрэгцээ хүүхдээ эхийн сүүгээр бойжуулвал хамгийн сайн. Эхийн хөхний сүү шиг хүүхдэд зохидог хоол ховор. Шингэц сайтай, харшил өгдөггүй гээд олон давуу талтай. Тиймээс хүүхдээ зургаан сар хүртэл хөхөөр нь хооллоорой. Сүү орлуулагчийг эхийн сүүнээс дээр гэж сурталчлаад байдаг.

    Сүү орлуулагчийг ямааны сүү, үхрийн сүү, эсвэл шар буурцагнаас гаргаж авдаг. Эх нь сүүгүй, эсвэл өвдсөн шалтгаанаас сүүн холимогоор угжихаас биш эхтэйгээ байгаа хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр тэжээвэл харшлыг багасгана.-Эцэг, эхчүүдийн гаргадаг гол алдаа…
    -Эмчид үзүүлэхгүй цаг алдаж удах, эмчийн зөвшөөрөлгүй дур эм өгч “эдгэчих байх” гэж найдвар тээж харах. Эмчээ сонгож эмчлүүлж чадахгүйгээс бол олон эмнэлэг дамждаг.

     Ургамлын тоос хувцсанд тунадасжин тогтдог тул гадаа хатаах хэрэггүй

    -Харшлын шинж тэмдэг ихэвчлэн биеэр юм туурах, нус гоожих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүүхдэд ч бас ийм шинж илрэх үү?
    -Адилхан. Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох, нуухтах зэрэг шинж илэрнэ. Гэхдээ нүд, хамрын зовиур хамт явагддаг. Хүмүүс харшлаа ханиад гэж буруу эмчлүүлэх, эмчлэхгүй удах, дан ганц хамрын дуслаар аргацааж удах зэргээс манайхны хэлдгээр астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин болдог.

    Бас өвчлөөд удаагүй, зөв эмчилж байхад ч багтрааны шинж илэрдэг тал бий. Энэ нь тухайн хүний хэт мэдрэг байдлаас шалтгаалж, шарилж ихтэй газар ажиллах, машины цонхоо онгойлгож хол газар өвс ногоон дундуур удаан давхих зэрэгт амьсгал давчдан багтрааны шинж үүсдэг. Зарим хүн кеналог-40, дексаметазон, преднизолон гэх мэт дааврын бэлдмэл хэрэглэж өөрийгөө хордуулдаг. Гэтэл зарим нь ганцхан нафазолин дусаасаар хамрын салстаа гэмтээх нь ч бий. Бас зарим нь ганц мэддэг хлорфенаминаа уусаар байгаад түүндээ дасал болж үйлчлэхээ больчихсон байдаг. Үүнээс мөн л гаж нөлөө илэрдэг.
    -Харшилтай хүмүүс эмнээс гадна ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
    -Цонхныхоо салхивчийг өдөржин хааж, хүн, машины хөл хөдөлгөөн зогссон шөнө дундын үед онгойлгож, үүрээр хаах хэрэгтэй. Дээр нь гэр бүлийн гишүүд гадуур явж ирээд хувцсаа сольж, гэрийн хувцас өмсөн, толгойгоо угааж занших ёстой. Харшил хөдөлсөн үедээ архи, шар айраг, дарс, халуун ногоо, самар, жимс, далайн хоол зэрэг хоол хүнс аль болох бага хэрэглэ. Ургамал болгон өөр хоол хүнстэй солбих урвалаар харшил хөдөлгөдөг. Тухайлбал, хус, улиас, бургас модлог ургамлын тоосонд харшилтай бол алим жимс, самар, жимсний харшилтай байдаг. Харин намар болж шарилж, лууль хагдарч унасны дараа цонх болон гэрийн доторх тавилгаа сайн цэвэрлэж ургамлын тоосноос салах хэрэгтэй. Угаасан хувцас, ор хөнжлийн даавууг гадаа хатаахад ургамлын тоос тунадасжин тогтох тул гадаа хатаах хэрэггүй.

    -Нэг төрлийн эм удаан хугацаанд уувал дасал болдог тал бий. Ургамлын тоосны харшилтай хүмүүс ямар эм уувал үр дүнтэй вэ?
    -Монголд сүүлийн үед нойронд гаж нөлөөгүй, 24 цагаа барьж үйлчилдэг эм үйлдвэрлэж байгаа. Тэр тусмаа гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүрэлцээтэй бий. Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэй эмчлэгддэг. Хүмүүс харшлын эмчийн хяналтад орж, сорил тавиулж харшилтай ургамлаа тодорхойлуулан хэдийнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхээ мэдэж авсан тохиолдолд харшил даамжрахгүй.

                                                                                                                               Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй