ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Мөнх-Эрдэнэ: Мөсөн хотхон урлахад Монголын цаг агаар хамгийн тохиромжтой

    Өвлийн улирал хүйтэн ч хүүхдүүд цас, мөсөн дээр цана, тэшүүрээр гулгахыг хүсдэг бол томчууд шинэ оноо баяр хөөртэй угтаж авахаар хоног тоолон хүлээдэг. Шинэ жилийн баяр ойртсон өдрүүдэд нийслэлд баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Хаа сайгүй гацуур мод засаж, өнгө өнгийн гэрэл анивчих нь цаанаа л нэг сэтгэл догдлуулна.Мөсөн хотхон энд тэндгүй сүндэрлэж, их хотыг чимэн хол ойроос ирсэн олны нүдийг хужирлаж буй. Дүрслэх урлагийн нэгэн төрөл болох мөсөн сийлбэр урлагийн дахин давтагдашгүй бүтээл болон амилах нь гайхамшигтай. Улаанбаатарт өвлийн өвгөн цаа бугаа хөлөглөн, чарга дүүрэн бэлэгтэй айлчлан иржээ. Бяцхан жаалуудын сонирхож үздэг үлгэрийн баатрууд, наадаж тоглодог дөрвөн бэрх шагай, идэх дуртай амтат бялуу, өвөг дээдсийн минь уламжилж үлдээсэн өв соёл, нүүдлийн ахуй, амьдралыг харуулсан өргөө цагаан гэр гээд сэтгэл баясгасан олон зүйлтэйгээр монголчууд 2015 оныг угтах нь. Ингээд мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

    Ц.Мөнх-Эрдэнэ:Хүмүүс хойтон жил ямар бүтээл урлах бол гэж сэтгэлдээ төсөөлөн хүлээдэг болсон байна

    -Хүмүүс шинэ оныг угтаж авахаар сэтгэл догдлон суугаа энэ өдрүүдэд Улаанбаатар хотыг мөсөн хотхонгүйгээр төсөөлшгүй нь ээ?

    -Бидэнд хийж, бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэл ид булгилж байна. Өмнө нь хийсэн зүйлүүдээсээ илүү сайхан бүтээл урлаж, нийслэлийнхээ иргэдийг баярлуулахаар зорьж буй. Сүүлийн зургаан жил мөсөн сийлбэрийн гайхамшгийг бүтээлээрээ дамжуулж ард түмэндээ харуулъя гэж шийдэн, мөсөн хотхон урлалаа. Бүтээлийн маань сэдэв жилээс жилд өргөжиж, нийслэлийн өнгө төрх гоё болж байгааг хүмүүс анзаарч эхэлжээ. Хүүхдүүд ч хойтон жил ямар бүтээл урлах бол хэмээн сэтгэлдээ төсөөлөн хүлээдэг болсон байна. Би 2000 онд оюутан байхдаа ангийнхаа нөхөдтэй Сүхбаатарын талбайд мөсөн хотхон урлах тэмцээнд гурван жил оролцсон. Эхний жил XIII зууны үеийн ахуй, соёл харуулсан “Бөө”, дараа жил нь “Анчид” бүтээлээрээ түрүүлж байлаа. Түүнээс хойш олон улсын болоод дэлхийн аварга шалгаруулах мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцдог болсон юм.

    -Өвлийн улирал эхлэхээр таны ажил ид ундардаг бололтой. Энэ жил хаана, ямар газруудад мөсөн хотхон урлав?

    -Бид захиалагч байгууллагуудын саналаар бүтээлээ урладаг. Монголчууд удахгүй шинэ оныг угтаж авна. Энэ жил “Талх чихэр” компани, SKY худалдааны төвийн урд хүүхдүүдийн сонирхол татах мөсөн хотхон урлалаа.Өнгөрсөн жил Монголчууд морь жилийг угтаж авахаар билгэшээж байсан тул морины дүрстэй бүтээл түлхүү урласан. Мөн “Талх чихэр” компаниийн хамт олны хүсэлтээр “Та Чи”, SKY худалдааны төвийн  өмнө бяцхан жаалуудыг дурлаж үздэг үлгэрийн киноны баатрууд дүрсэлж урласан.

    -Та сийлбэрийн ямар төрлөөр бүтээл урладаг вэ?

    -Мөс, элс, модон сийлбэрээр бүтээл урладаг. Өвлийн улирал дуусахаар модон сийлбэрийн ажлаа үргэлжлүүлнэ. Модон сийлбэр авьяас, мэдрэмж, цаг хугацаа их шаарддаг болохоор чанартай, цөөн тооны бүтээл урладаг. Өвлийн улирал богино тул арванхоёрдугаар сард багтаж мөсөөр бүтээлүүдээ хийхийг зорьдог.Хүмүүс сийлбэрийг чимэглэх урлаг төдийхнөөр ташаа ойлгоод байх юм. Гэтэл дүрслэх урлагийн бие даасан том салбар шүү дээ. Сүүлийн үед сийлбэрийн төрлүүд хүчтэй хөгжиж, сийлбэрчид олны сонирхол татсан, ховор нандин бүтээл урладаг болсон. 2013 оны арваннэгдүгээр сард уран сийлбэрч Г.Цогбаяр багшийн шавь болох 42 сийлбэрч хамтран үзэсгэлэн гаргасан. Тэдний бүтээл Монголын сийлбэрийн урлаг, ур хийц ямар түвшинд хүрснийг тодорхой харуулсан гэж боддог. Багш маань Япон улсын Осака хотод болсон олон улсын модон барималчдын уралдаанаас цом хүртсэн гайхалтай авьяастай уран бүтээлч. Уран бүтээлч хүн ажигч зантай, сэтгэлдээ буусан санааг бүтээл болгох гэж яардаг. Олны дунд явахдаа, эсвэл хүүхдээ тоглож байгааг хараад бүтээлийнхээ санааг олох жишээтэй. Миний урласан томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн”. Өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн

    Бүтээл урлахын тулд түүх, домог, туульс уншиж судалдаг

    -Ирэх нэгдүгээр сард болох олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцох уу?

    -Тийм ээ. Бид ирэх нэгдүгээр сарын 24-нд эх орноосоо мордоно. АНУ-ын Колорадо мужийн Денвэр хотод энэ сарын 26-30-нд болох мөсөн сийлбэрийн тэмцээнд реалист (бодит) абстракт мэргэжлийн хэллэгээр бол бодит бус дүрслэлийн урлагийн чиглэлээр оролцохоор бэлтгэлээ базааж байна. Цасан сийлбэрийн төрөлд өнгөрөн жил бид Монгол Улс үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгийг харуулсан “Миний нутаг” бүтээлээр өрсөлдсөн. Манай баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Энэ жил гурав нь оролцохоор болсон. Одоогоор мөсөн сийлбэрийн төрөлд оролцох бүтээлийнхээ санааны талаар ярилцаж байгаа. Бид олон улсын тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. Эхний жил мөсөн сийлбэрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Сэлэлтийн хичээл” бүтээлээрээ мөнгөн медаль, дараа жил нь “Сахиусан тэнгэр” бүтээлээр тусгай байрын шагнал хүртсэн.

    Мөсөн сийлбэрийн тэмцээн дотроо нэг мөс, арван мөс, олон мөсний гэсэн ангилалтай. Найман жилийн өмнө үндэснийхээ түүх соёл, нүүдлийн ахуй амьдралын өвөрмөц байдлыг харуулсан бүтээлээр оролцож байв.Үндэснийхээ онцлогийг харуулсан бүтээл урлахад тэмцээний шүүгчдэд болоод үзэгчдэд тайлбарлах шаардлага заавал гардаг. Тиймээс түүх, ардын аман зохиол, үлгэр, домог, туульс уншиж, судалдаг. Энэ ч хэрээрээ бид бүтээлээрээ дэлхийн олон оронд Монголын ёс заншлыг тодорхой хэмжээгээр таниулж чадсан гэж бодож байгаа.

    -Европын орнуудаас ямар улсад болсон тэмцээнд багаараа оролцож, медаль хүртэж байсан бэ?

    -Итали, Финланд, АНУ, Швед гээд нэрлэвэл олон. АНУ-ын Колорадо мужид болсон мөсөн баримлын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг I байранд шалгарч, алтан медаль хүртсэн. Манай уран бүтээлчдийн “Монгол дайчид” баримал шилдгээр шалгарч, олны таашаалд нийцсэн бүтээлээр тодорч байлаа.

    XIII зууны үеийн монгол баатруудыг дүрсэлсэн уг барималд 20 тонн мөс орсон. Баримлыг бүтээхдээ ямар нэгэн тулгуур ашиглахгүйгээр таван өдөр урласан. 2012 онд Финланд улсын нийслэл Хельсинки хотод болсон мөсөн баримлын олон улсын тэмцээнд оролцож, “Цэцэрлэгч” бүтээлээрээ дэд байр эзэлж, мөнгөн медалийн болзол хангасан. Тэр тэмцээнээс ОХУ-ын сийлбэрчид алт, Голландын уран бүтээлчид хүрэл медаль хүртэж байв. 2007 онд Хятадын Харбин хотод болсон олон улсын тэмцээнд оролцож байхад байгууллагууд нь үүдэн дээрээ мөсөн чимэглэл урлаж, гудамж, талбайдаа мөсөн хотхон байгуулсан байв. Тэнд өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн байдаг. Монголд ч гэсэн өвлийн аялал жуучлал хөгжих боломжтой.

    Мөсөн хотхон урлахад Монголын цаг агаар хамгийн тохиромжтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн зохион байгуулж, гадны уран бүтээлчдийг урьж, бүтээлийг нь шалгаруулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал улс маань алхам алхмаар хөгжинө. Өвөл болдоггүй улс мөсөн сийлбэрийн тэмцээн зохион байгуулаад байхад монголчууд бид энэ талаар бодох цаг болсон юм шиг санагддаг.

    -Гол, цөөрмийн ус хөлдөхөөр бүтээл урлах гэж таны сэтгэл яардаг уу?

    -Өвөл болохоор мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Элсэн сийлбэрээр том хэмжээний бүтээл урладаг тул хөрөнгө, мөнгө нэлээд зарцуулдаг. Монголд элс, мөсөн сийлбэрийн урланг газар нутгийн хувьд хаана ч байгуулж болно. Бид Баянхонгороос гадна Өмнөговь аймагт очиж, үлэг гүрвэлийн баримлууд урласан.

    Мөн “Үхэж үл болно Чингис хаан” уран сайхны кинонд хэрэглэгдэх сийлбэрийн томоохон чимэглэлүүдийг хийж гүйцэтгэсэн. Сийлбэр дотроо чулуу, мод, яс, элс, мөс гэсэн олон төрөлтэй. Монголд элс, чулуу, мод, яс, мөсөөр сийлбэр хийхэд ашиглагдах материал гарын дор бэлэн байдаг. 2012 оны намар бид хөөсөнцрөөр “Холливуд Монголд” хэмээх томоохон бүтээл урласныг хүмүүс мэднэ.

    -Авьяас удамшдаг. Танай удамд уран барималч, сийлбэрч хүн байв уу?

    -Аав маань урлагийн хүн биш ч гэлээ гарын ур дүйтэй. Миний хүсэл, сонирхлыг багаас минь дэмжиж ирсэн. Би тавдугаар ангид байхдаа уран зураг сонирхож зурдаг байв. Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийг дүүргээд, “Соёл” коллежийн сийлбэрийн ангид суралцсан. Дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн орж, уран сийлбэрч мэргэжил эзэмшсэн.

                  Надад гэртээ зориулж хийсэн зүйл ховор

    -Гэр бүлдээ зориулж шинэ жилийн баяраар өвөрмөц бүтээл урладаг уу?

    -Хүмүүс намайг хүүхдүүддээ гоё бүтээл урлаж бэлэглэдэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Монголчууд “Загасчны морь усгүй” гэж ярьдаг. Надад гэртээ зориулж хийсэн зүйл ховор. Би хүүхдүүдээ дагуулж очоод, хийсэн бүтээлээрээ тоглуулах дуртай. Манайх охин, хүүтэй. Гэр бүл маань миний хийсэн бүтээлтэй хамгийн түрүүнд танилцдаг юм.

    -Бүтээл урлах мөсөө хаанаас зөөдөг вэ?

    -Голын ус хөдөлгөөнтэй тул цайралттай хөлддөг. Тиймээс мөсөө бэлдэхийн тулд хиймэл нуур байгуулсан. Нуурын ус хөрсгүй, хөдөлгөөнгүй тогтмол болохоор тунгалаг хөлддөг. Хиймэл нууранд хөлдөөсөн мөсөөр баримал урлахад тохиромжтой. Тухайн жилийнхээ хөлдөлтөөс хамаараад мөс 40-50, 50-80 метрийн зузаантай байдаг. Нэг блок мөс нэг тонн 400 кг жинтэй. Ийм мөсөөр бүтээл урлахад тал нь зоргодос болж хаягддаг.

    Тухайлбал, өнгөрсөн жил “Та, чи” мөсөн хотхон бүтээхэд 120 тонн мөс долоо хоногийн дотор бэлдэж, 14 хоног урласан. Мөсөн сийлбэр урлахад -14-18 хэмийн хүйтэн хамгийн тохиромжтой. Мөс удах тусмаа зөөлөрдөг. Хэт хатуу байвал бүтээл хийх явцад ан цав гарч, хагарал үүсдэг. Жаахан л цуурчихвал цаашдаа ашиглах ямар ч боломжгүй. Тиймээс материалынхаа физик шинж чанарыг сайн мэддэг байх хэрэгтэй. Цаг агаарын хувьд Монгол мөсөн сийлбэр хийхэд хангалттай хугацаатай. Надад бүтээл урлахад ан амьтан, байгаль экологийн сэдэв ойрхон байдаг.

    -Гэр бүлийнхээ талаар яриач?

    -Гэр бүл маань надад урам зориг, эрч хүч, хийж бүтээх итгэл найдвар хайрладаг. Миний эхнэрийг Б. Ууганцэцэг гэдэг. Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. Гэр бүлийнхээ хайр халамж, тус дэмийн хүчээр би тэмцээн, уралдаанд амжилттай оролцож яваа. Тэмцээнд оролцохоосоо өмнө бүтээлийнхээ талаар эхнэртэйгээ зөвлөлдөж ярилцдаг. Дээр өгүүлсэн олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бүтээлийн санааг анх эхнэр маань хэлсэн.

                                                                                                                      Г.БАТЦЭЦЭГ                     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй