ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийд ганцхан наадам

    Хаан Чингисийн зарлигаар хамаг Монголоо нэгтгэсэн 
    Хатан Мандухайн зоригоор харь дайснаа сөхрүүлсэн 
    Алунгоо эхийн сургаалаар эв эеэ бэхжүүлсэн 
    Алтан дэлхийн эзэгнэл агуу хүч Монголынх 
    Догшин баатар Зэвийн нум сум эвшсэн 
    Долоо долоо үеийн Хавт Хасарууд дэвсэн 
    Дорноос өрнийг тамгалсан ажнай хvлэг хатирсан 
    Домог амилан огшоох даншиг наадам Монголынх

    Есөн хөлт цагаан сүлдээ хөх тэнгэртээ асаасан 
    Есөн цагаан хүслээ алтан нарандаа цацласан 
    Ерөөл билгийн мэндээ цэнхэр хадгандаа цацраасан 
    Ертөнцийн зүрхнээс дуурьсах цэнгэл баяр Монголынх 
    Уухай хадаан ялалтын тугаа мандуулж наадъя 
    Улс улсын сонорт түгээн дуулж наадъя 
    Умардаас дорныг донсолтол бие биелж наадъя 
    Уул уулсыг сэрээж өндөлзүүлэн байж наадъя

    Агуу сүр хүчээ бахдан алдаршуулж наадъя 
    Ариун тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж наадъя 
    Арван зүгийн бурхдыг хурайлан аргадаж наадъя 
    Атаа таван тэнгэрийн мэлмийг баясгаж наадъя 
    Нүүдэл нүүдлийн жинг хураар аргамжиж наадъя 
    Нүнжиг ханхалсан өвгөдөө хойморьтоо дээдэлж наадъя 
    Нуга нугын зэлнээс гийнгоо нисгэж наадъя 
    Нутаг нутгийн харчуулын аархлаар гангарч наадъя

    Морин хуурын чавхдасаар хорвоог уясааж наадъя 
    Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадъя 
    Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадъя 
    Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадъя 
    Торгон тэрлэгний өнгөнд жаргал хээлж наадъя 
    Тормон нүдэн амрагтай дөрөө ижилсүүлж наадъя 
    Торшгүй шандаст соёолонгийн тоосонд умбаж наадъя 
    Товруу мөнгөн эрвээлж дээр салхи хөлөглөж наадъя

    Бай мэргэн харваачдын цэцийг сорьж наадъя 
    Босоо хийморьт эрсийн мэхийг сонжиж наадъя 
    Бусгаа аргамаг хүлгийн хурдыг шагшиж наадъя 
    Буурал буурал түүхийн хэлхээс шаглаж наадъя 
    Дээдсийн алтан шастир дэгжиж дэлгэрэх наадам 
    Дээлтэй ардын соёл дэгжирхэж гоёх наадам 
    Дэнж дэнжийн гэрээс аварга төрдөг наадам
    ДЭЛХИЙД ГАНЦХАН НААДАМ миний Монголын наадам аа

    А.Сүглэгмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй