ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол кино хэмээх нэгэн харанхуй ертөнц

    Хэрвээ бид орчин үеийн монгол кинонуудын трэйлэрүүдийг дараалуулан үзвэл эргэлзээгүйгээр нэг киноны олон трэйлэрүүд байна гэж ойлгоно. Монголд бүтээгдэж буй кинонууд утга санаа, өнгө төрх, харагдах байдлын хувьд нэг нэгэндээ уусан шингэж, шинэ өнгө төрх харагдахгүй болж байна. Үүний гол шалтгаан нь кино зохиол хөгжихгүйгээр кино урлаг хөгжих гэж оролдож байгаатай холбоотой юм. Тухайлбал моторгүй машин үйлдвэрлэх гэж оролдож байна. Мэдээж хэрэг моторгүй машинийг хэн нэгэн татаж, түлхэхгүй бол урагшаа хөдлөхгүй. Үүнтэй адил кино зохиол сайн бичигдэхгүй бол моторгүй машин мэт хөдлөхгүй урагшлахгүй кино төрнө гэсэн үг. Монголын кино бүтээгчид "бид олон нийтэд зориулж ийм кинонууд хийж байна, тэгэхгүй бол хүмүүс үзэхгүй" гэж өөрсдийгөө өмөөрдөг. Энэ нь хэд хэдэн утга агуулна. Эхний утга нь "Хүмүүс тэнэг учраас тэд нарт ойлгогдох кино хийхгүй бол тэд нар үзэхгүй". Хоёрдахь утга нь "урлаг ойлгохгүй тэнэг ард түмэнтэйдээ харамсаж байна, би уул нь авьяастай аугаа найруулагч байгаамаа, ийм ч кино хийгээд байж байх хүн биш". Гэтэл бодит байдал дээр үзэгчид тэс өөр болж байна. Хүмүүс киног зөвхөн зугаа гаргагч төдийгөөр ойлгохоо больж эхэлж байна. Олон нийт илүү том зүйл хүсэж байна. Боолын гэрээ, Бодлын хулгайч гарч байх үед хүмүүс кино театраас ХӨӨХ гээд гардаг байсан бол одоо тэр үе өөр болсон. Single Ladies үзэж инээх ч биш уйлах ч биш байхыг хүсдэг хүмүүс багассаар байна. Магадгүй Холливүүд бүх санааг түрүүлээд кино болгочихсон гэж хэлж магадгүй. Тийм ч учраас манай кино бүтээгчид сайн дурын хуулбар кинонуудаар театрын дэлгэцүүдээ хуурсаар байна. Киноны трэйлэрүүд нь 90 -д оны хуучин УАЗ шиг. Тухайлбал трэйлэрээр дамжуулж киноны утга санааг хураангуйлан харуулдаг болохоос биш киноны дүрсүүдийг тасалж эвлүүлж бөөгнөрүүлэхийг хэлдэггүй. 

    Кино зохиол... 

    Кино зохилч Төрмөнх гуай "Кино зохиолчдын библи" хэмээх ном гаргасан ч манай найруулагч, кино зохиолчид бичиг үсэггүй хүмүүс байсныг хэн таамаглах билээ. Бид зохиол ямар байх ёстой тухай ярих нь тийм ч тохиромжтой биш зүйл. Яагаад гэвэл зохиол ямар нэгэн хэм хэмжээнд баригдах нь урлагийн бүтээлийн чанарт нөлөөлж муутгах шалтгаан болдог. Гэхдээ яг энэ өгүүлбэрийн өмнөх 2 өгүүлбэр манай кино урлагт одоохондоо тохирох санаа биш. Харин манай кино урлагт дараах өгүүлбэр тохирно. Кино зохиол маш нарийн дэг жаягтай бичигддэг бөгөөд утга санаа болоод дүр дүрслэлүүд хооронд нягт уялдаа холбоотой байж, эхлэл болоод төгсгөлийг холбосон том гүүрээр хязгаарлагдаж байх ёстой. Энэхүү кино зохиолын маш энгийн анхдагч дүрэм, стандартыг суралцахгүйгээр гайхамшигтай бүтээл төрнө гэж хүлээж суух хэрэггүй. Өөрөөр хэлбэл Алтан Хальс кино наадам орших шалтгаан гэж үгүй болно. Кино ямар байх ёстой тэр утгаар нь кино бүтээж чадахгүй байж арт филм, авангардын тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Манай андерграундууд хүртэл андерграунд байх гэсэн тойрог дотроо хайрцаглагдаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Гол нь эхлээд стандартын дагуу хийж сурах, дараа нь түүнээс хазайлгаж хийж сурах. 

    Ярих биш үзүүлэх...

    Монгол кинонууд бол яг үнэндээ кино биш. Зохиомжилсон нэвтрүүлгүүд. Сайн хийгдсэн баримтат кино хүртэл монгол кинонуудын харилцан ярианаас бага яриа оруулсан байдаг. 

    "Бүгдээрээ энэ уулнаас гарч чадахгүй, хаа сайгүй тойроод цэргүүд бүслээд нэгжиж байгаа" гэж ярихын оронд хэрхэн энэ үзэгдлийг нүдэнд үзүүлж нэг үг хэлэхгүйгээр энэ санааг ойлгуулах вэ гэдгийг сэтгэх хэрэгтэй мэт. Бас дээр нь жүжигчдийн орилж хашгирч, бие бие рүүгээ уурлаж байгаа нь авьяас гэхээсээ илүү хэлбэртэлт гэмээр. Мөн түүнчлэн харилцан яриа ямар байх ёстой тухай манай кино бүтээгчид нэг нь ч мэддэггүй. Яриад л байна, яриад л байна, ярилцаад л байна, ярилцаад л байна, зохиолд ямар ч үр нөлөө, хүч өгөхгүй зүгээр л яриад л байна, яриад л байна. Хошин урлагийн хэдэн жүжигчид орилоод л байна, орилоод л байна, зарим нь хашгираад л байна, дуусахгүй. Зохиолд юу ч нэмэр өгөхгүй. Юу ч шалтгаан болж дараагийн үйл явдалтай холбогдохгүй. Дараах хэлбэр манайд ноёлно. Нэг нь сэргэлэн хөдөлгөөнтэй, нэг нь даруухан хоёр залуу нэг бүсгүйтэй хамт гудамжаар алхана. Нэг сэргэлэн байрын залуу хэлнэ: "Хөөш явж хоол идэх үү", нөгөө хоёр нь "тэгье л даа" гээд дагана. Хоолны газар хоолонд орно, сэргэлэн залуу "манай энэ найз багадаа..." гээд баахан хэрэггүй юм ярина. Дараа нь хоолны газраас юу ч болохгүй гарч явна. Тэгээд сэргэлэн залуу салж яваад нөгөө залуу нь эмэгтэйтэй үлдэнэ. Залуу хэлнэ: "Би чамайг хүргээд өгөх үү", эмэгтэй "тэгье, яагаад болохгүй гэж". Цааш явахад бороо орж залуу хүрмээ тайлж эмэгтэйд өмсгөөд хоёул гүйсээр байрны хажууд борооноос хорогдож зогсоно. Тэд бие бие лүүгээ харна. Дараа нь эцэс төгсгөлгүй харилцан яриа өрнөж үүний дараа тэд бие биеэ үнсэнэ. Буруу зүйл байхгүй мэт боловч энэ зохиол тэр чигээрээ буруу. Харамсалтай нь манайд хийгдэж байгаа кинонууд бүгд ийм хэв маягаар явагддаг.

    Нүд хууралт...

    Кино бараг тэр чигээрээ нүд хууралт байж магадгүй. Хэн нэгэн уурлаж босч ирээд нэгнийгээ заамдаж авах гээд л. Гэвч монголд энэ бол арай өөр. Монголчуудын сайн мэддэггүй, холливүүдээс гадуур бүтээгдсэн чанартай киног хуулбарлан, нэгд нэгэнгүй дууриаж хийх буюу үзэгчидийн оюун санааг хуурах гэж оролдох байдал монголын кино урлагт хавтгайрсан. 

    Үзэгчид тэнэг байхаа больж байна. Мөн түүнчлэн нийгмийг түнэр харанхуйгаас татаж гаргах нэгэн хэрэгсэл урлаг, тэр дундаа кино урлаг байх ёстойгоос биш нийгмийн түнэр харанхуйтай эвлэрч, түүнд живж унах ёстой нь биш. Аль ч үед урлагийн бүтээл цаг үеэсээ түрүүлж алхдаг байхад манайд энэ нь эсрэгээрээ хоцорч алхаж байна гэдгийг уран бүтээлчид ойлгох хэрэгтэй болов уу гэж санана.

    Шүүмжийг: Алтан хальс холбоо, Төрбурам, artfilm.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй