ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Онон: Асар их хөдөлмөрлөж олсон мөнгөө ЭЛГЭЭ солиулахад ашиглаж байна

    Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээр нэг га талбайгаас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдож, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсөж, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна.

    Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна.

    Харин манай улсад “Органик Монгол” гэх нэршил аль есөн жилийн өмнөөс бий болж төсөл, хөтөлбөрөөр дамжигдан монголчуудад танигдаж иржээ. Тодруулбал, “Органик Монгол” хөтөлбөр Монгол Улсын органик, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг гадаад, дотоодын зах зээлд таниулах, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой явдлыг бий болгох, үндэсний органик шошготой брэндүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

    Ингээд “Органик Монгол” хөтөлбөр, хөдөлгөөний үндэсний зохицуулагч, эдийн засгийн мастер Д.Ононтой ярилцлаа.

    -“Органик Монгол” хөтөлбөр монголчуудад танигдаад есөн жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд та бүхэн ямар ажлуудыг хийв?

    -Органик хүнс, ХАА, үйлдвэрлэл, хэрэглээ гэх хэдэн үг монголчуудад танил болоод удаж байна. Гэхдээ анхаарч сонсоогүй хүмүүсийн хувьд сүүлийн 2-3 жилийн турш эрчимтэй сонсогдож байгаа байх. Анх энэ үгний талаарх ойлголтыг олон нийтэд сонсгож, ач холбогдлыг нь тайлбарласан “Органик Монгол” төсөл хөтөлбөр нь есөн жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ХАА-н салбарт ажиллаж буй органик үйлдвэрлэгч, тариаланчдыг дэмжих чиглэлээр бичил зээлийн хөтөлбөр хэлбэрээр ажлаа эхэлж байлаа. Энэ хугацаанд зөвхөн бичил зээл гэлтгүй нийтийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах, боловсрол олгох, байгаль орчны хамгаалалд иргэн бүрийн оролцоог бий болгохоор зорьж ажиллаж ирсэн.

    -Органик хүнс гэж яг юуг нэрлэж байна вэ?

    -Органик гэх үгийн цаана зөвхөн хүнсний асуудал явагдаагүй. Дэлхий нийт одоо зөвхөн энэ л үгэнд асар их ач холбогдол өгч байна. Учир нь тус үг нь цаашлаад байгаль орчин, эко систем, дэлхий дээр амьдарч буй хүн амьтан, ургамал ногоо, хөрсний бичил биетүүдийг хооронд нь холбож өгч байдаг юм. Энэ зүй тогтлыг хүн төрөлхтөн эвдээд байгаа учир бидэнд тохиолдоод буй бүх сөрөг явдлууд болоод байгаа юм. Үүний шийдэл нь ердөө л хүн төрөлхтөн байгаль орчинтойгоо ээлтэй харьцах ёстой. Ингэхийн тулд өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнснээсээ эхлээд өөрчлөлт хийх хэрэгтэйг ойлгосон.

    Уг нь анх 1970-аад оноос НҮБ-ын индэр дээрээс дэлхийн хүн ам хөрс, ус, агаар гэсэн байгалийн хамгийн үнэтэй гурван нөөцийг хайр гамгүй хэрэглэж байна гэж ярьж эхэлсэн. Үүнээс шалтгаалан дэлхий нийтийн органик хөдөлгөөн гэж үүссэн байдаг юм билээ. Тус хөдөлгөөний зорилго нь бүх улс орныг зөв замаар замнах нөхцөлийг нь хууль эрх зүй болон боловсролоор дамжуулан бүрдүүлж өгөхөд оршиж байгаа юм.

    Монгол Улс ч үүний нэг хэсэг болоод 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхай, улс төрөөс өөр зүйл мэддэггүй байсан ард түмэнд арай өөр өгөгдлийг тархинд нь суулгах гэж хичээлээ. Үр дүн ч талаар болсонгүй. Монголчууд байгалиас зөвхөн авах биш мөн өгч чаддаг болж байна.

    Мэдээж “Органик Монгол” хөтөлбөрийн хамгийн том бүрдэл хэсэг бол органик хүнсний асуудал юм. Энэ нь зөвхөн хүний эрүүл мэндийн асуудал биш. Үүний цаана байгаль экологийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, бид хэр удаан хугацаанд эрүүл амьдарч чадах вэ, ирээдүйд дэлхий дээр амьдрах үр хүүхдүүд маань эрүүл аж төрж чадах уу гэдэг нь шийдэгдэх юм.

    -Дэлхий нийт зөвхөн органик хүнсийг хэрэглэж эхэлбэл дэлхийн дулаарал 40 орчим хувиар буурна гэсэн тоон үзүүлэлт байдаг юм билээ?

    -Сүүлийн жилүүдэд хүмүүс дэлхийн дулаарал, хүлэмжийн хий зэргийг илүүтэй сонирхох болж. Үнэхээр ч тийм шаардлага тулгараад байгаа юм.

    Нэлээд олон жилийн өмнө НҮБ-ын суурин судалгааны байгууллагуудын олон эрдэмтэн цогц судалгаа хийсэн байдаг. Үүгээрээ тогтвортой ногоон хөгжил гэдэг нэр томъёог гаргаж ирээд анхаарлаа хандуулж эхэлсэн. Үүний учир шалтгааныг иргэн бүрт ойлгуулах хэрэгтэйг ухаарсан хэрэг. Харин энэ ойлголт манайд хараахан орж ирээгүй байсан үед би интернэтийн эх үүсвэрээс мэдээллүүдийг нэг жилийн турш уншиж судалсан. Үүнийхээ дараа дэлхийн дулаарал бидний амьдрал хэрхэн нөлөөлж байна, Монгол орны минь байгаль орчинг хэрхэн сүйтгэж байгаа талаар бичсэн сэтгүүл гаргаж байсан. Тус судалгаагаар миний ойлгож мэдсэн хамгийн чухал зүйл бол бид дэлхийн дулаарлыг бууруулж болно, гэхдээ органик үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуй, газар тариалан бол үүнд хамгийн хурдан нөлөө үзүүлж чадах юм байна гэдгийг ойлгосон. Учир нь эко системээр дамжин асар их “ногоон” масс үүснэ гэсэн үг.

    Өнөөдөр байгаль, цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн улсын нэгд Монгол Улс орчихсон явж байна. Одоохондоо бидэнд ус, агаар, хөрс гээд бүх зүйл байгаа гээд бодоод явж байж болно. Гэтэл гурван жил дараалаад л бороо орохгүй эсвэл орсон ч мөндөрийн хэлбэрээр багахан орвол үндсэндээ цөл улс болно. Бидэнд ийм болзошгүй аюул нүүрлэж, харанга дэлдээд байгаа юм байна гэдгийг мэдчихээр хүн тайван сууж чаддаггүй юм билээ. Тиймээс бид байгаль цаг уурын өөрчлөлтийг хойш нь татаж чадахгүй юмаа гэхэд хэрхэн дасан зохицох боломжтой вэ, яаж хамгийн бага нөлөөг үзэх вэ, усны эх үүсвэрээ хэрхэн хамгаалах вэ гээд судлаад үзэхээр бүх хариулт нь зөвхөн ХАА дээр төвлөрч байсан юм. Тиймээс олон жил энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, ажил хэрэг болгохыг зорилоо. Мэдээжийн хэрэг энэ бол залуусын сонирхдог сэдэв биш. Гэхдээ ХАА-н салбар дунд манай хөтөлбөрийг мэддэггүй хүн гэж байхгүй. Тэд хөтөлбөрийн зорилго, үр дүн болоод өөрсдөө тус хөтөлбөрийнхөө аль бүрэлдэхүүн хэсэг болж явах ёстойгоо аль хэдийн мэддэг болсон.

    -Анх эхлэхдээ мэдээж амар дардан замаар яваагүй байх. Хүндрэл бэрхшээл хэр их тулгарч байсан бэ?

    -Тэгэлгүй яахав. Уул уурхайд суурилсан “хүрээ” эдийн засгийн үед тэрийг сөрж зогсоно гэдэг бол ширүүн урсгалтай голд сөрөөд сэлж байгаагаас ялгаагүй байсан. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд бодлого тодорхойлж буй бүх түвшин, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд дуу нэгтэйгээр тогтвортой хөгжил гэдэг зүйлийг ярих ёстой юм байна гэдгээ ойлгосон. Үүний хамгийн том жишээ бол Органик хүнсний тухай хууль батлагдаж чадсан явдал юм. Мөн л бид хуулийг анх санаачилж ажил хэрэг болгохын төлөө зүтгэсэн. Одоо стандартууд дээрээ ажиллаж байна. Энэ нь аливаа нэг зүйлийг хийхэд нь хааж боох биш, хэрхэн урт хугацааны тогтвортой, ашигтай ажиллах боломжийг олгох вэ гэдэг ганц цөм бүтцэд тулгуурлаж буй. Үүнийгээ дагаад үндэсний хөтөлбөрүүдийг гаргаж, ирээдүйд олон том мега төслүүд хэрэгжих байх гэж найдаж байна.

    Гэхдээ энэ нь зөвхөн бидний хийх ажил биш. Нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний хэмжээний хөдөлгөөн болох түвшинд ирчихээд байгаа. Иргэн бүр үүний нэг хэсэг болж байж ажил урагшлах уу гэхээс биш хойш суугаад байвал хэн ч өмнөөс нь хийхгүй шүү дээ. Ингэснээр Монгол Улс дэлхийд зөвхөн уул уурхайн хамааралтай орон бус органик ХАА, газар тариалан өндөр хөгжсөн орон болох боломжтой. Үүнийгээ дагаад аялал жуулчлал ч хөгжих боломж бий. Жуулчид хүлээж авч байна гээд хэдэн уул үзүүлээд буцаах биш органик хүнсээрээ дайлж, туршлагаасаа хуваалцана гээд цаана асар том бодлого яваад байгаа юм.

    -Боловсрол олгох тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Та бүхний зүгээс энэ тал дээр ямар ажил хийж, хэрхэн анхаарч байна вэ?

    -Эко боловсролын системийн их сургууль болоод арван жилийн боловсролын хөтөлбөрт ч орж ирэх шаардлагатай болно. Хүн өнөөдөр идэж байгаа хоолондоо анхаарах хэрэгтэй гэдгийг бид чадлынхаа хэрээр ойлгуулаад явж байна. Сүүлдээ салбарын яам ч органик, эрүүл хооллолт, ногоон байгууламжид иргэн бүрийн оролцоог бий болгох тал дээр анхаарч эхэлж байх шиг байна.

    Хийсэн ажлын тухайд Байгаль орчин, ногоон хөгжлийн С.Оюун сайдыг ажилладаг байхад хөрсний үржил шимийг судалдаг н.Пүрэвсүрэн доктортой хамтран байгаль орчныг хамгаалах жил хэмээн зарлуулж байсан. Тус ажлын хүрээнд экологийн боловсрол олгох, ирээдүйн эко элч нарыг бэлтгэх, “Хог хаягдал-эко шийдэл” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хогийг баялаг болгож, ингэснээр байгаль эхдээ ээлтэй байж чадах юм байна гэж үзээд МУИС-ийн Аялал жуулчлалын тэнхимтэй хамтарч ажилласан.

    Одоо цаашлаад органик бүтээгдэхүүний үндэсний хэмжээний сүлжээ үүсгэж, тэр нь хэрэглэгчээс эхлээд фермер хүртэл, үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү чиглэсэн асар том итгэлцлийн гүүрийг бий болгохоор ажиллана.

    Мөн үндэсний үйлдвэрлэлээр дотоодынхоо зах зээлийг хангаад зогсохгүй экспортод гаргаж, орлого олох шийдлийг бий болгохыг зорино. Бид асар том “масс продакшн” хийж чадахгүй. Харин жижиг хирнээ үнэ цэнэтэй зүйлээ хэрхэн зах зээлд үнэ цэнээр нь хүргэх вэ гэдэг тал дээр анхаарч ажиллана.

    -Үүнээс гадна манай улсад хүнсний аюулгүй байдал асар их аюул дагуулаад байгаа?

    -Мэдээж эрүүл монгол хөтөлбөр гэдэг нэрийг их олон жил ярьсан даа. Тухайн үед Монголчууд ч анхаардаггүй байлаа. Учир нь бид материаллаг зүйлд илүү төвлөрдөг байлаа шүү дээ. Харин одоо бид байр, машинтай, гаднын үнэтэй брэндүүдийг хэрэглэж сурлаа. Гэвч гэнэт эрүүл мэндгүй болсон гэдгээ ойлгож эхэлсэн. Үүний төлөө хүн бүр эрүүл мэндээ золиосолсон гэсэн үг. Асар их хөдөлмөрлөж олсон мөнгөө элгээ солиулахад ашиглаж байна. Энэ бол бодит амьдрал. 13-хан настай хүүхдүүд хорт хавдар тусжээ гэх болж. Энэ бүхний шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хөрс усны бохирдол хэмээн тодорхойлж байгаа боловч номер нэг гол шалтгаан нь ердөө л хоол хүнс юм шүү дээ. Хүнснээс тэр дундаа хүнсний зүй бус хэрэглээнээс хамаарч байна. Зөв хүнсийг зөв цагт зөв хэрэглэж чадахгүй байна.

    Ингээд тооцоолоод үзэхээр бидний дараагийн том “челленж” бол эрүүл монгол хүний төлөө тэмцэх явдал юм. Залуусыг нас өндөр гарчихаад таяг тулаад, бөөрний аппаратад ороод, хаа нэг газар руу ямар нэгэн үнэтэй эмчилгээнд явж магадгүй гэсэн айдастай амьдруулмааргүй байна. Энэ бол монгол хүн эрүүл мэнддээ анхаарахгүй байгаагийн нэг илрэл мөн.  Нэгдүгээрт, хувь хүний хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ чиглэлд хандсан төрийн бодлого алга. Эрдэм мэдлэгтэй, авъяас чадалтай монгол хүн чухал хэдий ч энэ бүхэн эрүүл хүнээс л эхэлнэ. Эрүүл хүн эрдэм боловсролынхоо үнэ цэнийг амьдралд хэрэгжүүлж чадна.

    -Үүний тулд бид юу хийх шаардлагатай вэ?

    -“Органик” бол эх орон, бидний ирээдүйг тайван амгалан сайхан орчинд амьдруулж чадах хамгийн үнэ цэнэтэй үг. Үүнийг хүн бүр ойлгоосой гэж хүсдэг. Монголчууд хэдийгээр мэддэг ч нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг.

    Амьсгалсан агаараа буцаж нөхөхийн тулд хүн бүр дор хаяж 16 мод суулгаж, мод бүрийг 5 метр хүртэл ургуулах хэрэгтэй гэсэн байдаг. Ингээд үзэхээр эх дэлхийн иргэн байх үндсэн үүргээ маш сайн биелүүлэх шаардлагатай цаг үед амьдарч байна гэсэн үг. Зөвхөн өнөөдрөөрөө сэтгээд, тогоон дотроо бужигналдаад, илүү гарсныгаа доошоо татаж унагачихаад байж болохгүй. Монголчууд зөв зүйтэй ярьж, хийж чадах хүнээ гаргаж ирж, түүнийхээ үгийг сонсож, сонсох хүсэлтэй болох цаг нь ирсэн. Одоогийн нийгэмд муу мэдээ асар хурдтай тарж байна. Гэвч сайн мэдээг хэзээ ч цааш нь тараахгүй. Ийм нийгэмд энэ бүхнийг ойлгуулна гэдэг амаргүй ажил. Гэхдээ нийгэм тийм байлаа гээд бүгд тийм байх ёстой гэсэн үг биш. Заавал манлайлагч масс байх ёстой. Үүнийг монголын “ногоонтнууд”, “органикчууд гэж нэрлэгддэг хүмүүс дор дороо үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа.

    Энэ бүх мэдээлэл, боловсролыг нийгэм хүсэхгүй байлаа ч заавал хийх хэрэгтэй. Ногоон мэдээ болгоныг тарааж байгаасай, хэн нэгэн сайн үйл хийсэн бол тэр үйлээр нь бахархаж гэж хүсдэг. Үгүй бол бид бие биеэ хогийн сав мэтээр төсөөлж, өөрсөд рүүгээ хог л шиддэг ард түмэн болж хувирлаа. Муу мэдээг шэйр хийж, цааш нь түгээлээ гэхэд уншсан, мэдсэн хүний бухимдал л төрнө. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнээс авах зүйл байхгүй боллоо. Хэдэн “од”-оо тойрч эргэлдээд, тэдний өмссөн хувцас, зүүсэн эдлэлийг нь ярьж, шүүмжилж байхаас хүнд хэрэгтэй танин мэдэхүй, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, гоо зүйн зөвлөгөө өдрийн од мэт цөөхөн болсон байна. Муу мэдээ уншиж, сошиал сүлжээгээр бие биеэ доромжилж суухаас гадаа гараад ганц мод ч гэсэн тарья гэх сэтгэлгээтэй л болгохыг хүсэж байна даа.

    -Анх "Органик Монгол" хөтөлбөр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой хэмээн танилцуулагдаж байсан. Тэгвэл одоогийн байдлаар монголд ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт хэчнээн ААН байгаа вэ?

    -Монголын хөгжлийн тулгуур, стратегийн салбарын нэг бол ХАА мөн. Өнөөдөр улсад их орлого олдог гэдгээрээ бус Монгол Улсын ирээдүй, ард түмний эрүүл орших үгүйг шийддэг салбар юм. Монголын нийт идэвхтэй буюу 1.300.000 орчим хүн амын 50-60 хувь нь ХАА-н салбартай их, бага хэмжээгээр холбоотой ажилладаг. Цаашлаад эдгээр хүний мөн 50-60 хувь нь цэвэр фермерүүд, малчид, газар тариалан эрхэлдэг хүмүүс байдаг гэсэн судалгаа бий. Энэ хүмүүс баялаг бүтээнэ, бүтээсээр ч яваа. Тэдний үнэ цэнийг ойлгож, хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Үндсэндээ хөдөө аж ахуйн салбарынхан хэнээс ч юу гуйхгүй өөрсдийн хөдөлмөрөөр амьдарч, цаанаа асар олон хүнийг тэжээж байна шүү дээ.

    -Ярилцлагынхаа сүүлд уншигчдад хандаж уриалах үг бий гэж байсан?

    -Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-т орох их газар нутагтай хирнээ хамгийн цөөн хүн амтай орны тоонд тооцогддог. Дээрээс нь маш их байгалийн баялаг дээр амьдарч байгаа ч өнөөдөр эдийн засаг, улс төрийн хувьд дампуурлаа зарлалаа гэх мэдээлэл сүүлийн үед их тарж байна. Энэ надад маш харамсалтай санагддаг. Тиймээс монгол хүн бүр нэгийг тунгааж хоёрыг бодох цаг нь болсон. Өнөөдөр хэн нэгнээс хамаарч, асуудлаа шийдүүлэх гээд суух биш өөрөө яг юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Хоёрдугаарт, органик үйлдвэрлэлээ дэмжиж, монгол хүнсээ хэрэглэе. Үүний цаана олон хүн ажлын байртай болно, орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүний чанар сайжирна. Ингэснээр зах зээлд байр сууриа эзэлж, эдийн засгийн эргэлтээ дотооддоо явуулахаар улсын эдийн засгийн чадавх сайжирна.

    Гуравдугаарт, нэг айл өрх бүр жил бүр мод тарьж ургуулахыг уриалж байна. Учир нь мод бол Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтоос урьдчилан сэргийлэх хамгийн том хүчин зүйл юм.

    Сүүлд нь хүн бүр бие биедээ урмын сайхан үг хайрлаж, эерэг мэдээг түгээж байгаарай гэж хэлмээр байна.

    Эх сурвалж: Unuudur.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй