ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сар шинэ болохоос өмнө заавал хийх ёстой зүйлс

    Билгийн улирлы сар бүрийн гучинд тэнгэрт саргүй битүү харанхуй байдаг тул Сар шинийн өмнөх өдрийг “Битүүн”хэмээн нэрийджээ. Ингээд сар шинэ болохоос өмнө заавал хийх ёстой зүйлсийг танилцуулъя.

    1.Өр зээлээ барагдуулах

    Өвлийн адаг сар буюу “Лавай” сарын галын тахилга хийснээс хойш ирж буй шинэ ондоо хуучин улирлын өр шир, өглөг авлагыг дамжуулахгүй байхыг туйлаас хичээж, хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх хэрэгтэй.

    2.Ам мурийсан хүнтэйгээ эвлэрэх

    Эв түнжин эвдэрсэн, ам муруйсан хэн хүнтэй ч гэсэн зориуд уулзан учирч таатай сайн үгийг ярьж хоёр биедээ өс өвөрлөхгүй явах учраа хэлэлцэн эвлэрэх ёстой.

    3.Идээ ундаагаа бэлдэх

    Өвлийн адаг сарын 25-наас эхлэн битүүлэг цагалгын идээг айл хотлоороо хамжин дэмжин бэлтгэх бөгөөд бууз хийж, банш чимхэж хөлдөөхийн дээр идээний боов, зараалын боовыг чихэр бурам шар тосоор амтлан хийж чанадаг.

    4.Орон гэрээ цэвэрлэх

    Билгийн сарын 29-нд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос товргийг үргээж, утаа исийг цэвэрлэн хот хороогоо засч, хог буртгийг түүж цэмцийлгэхээс эхлээд мал адгуусны сэг, зэмийг булж далдална.

    Битүү гаргах ёс

    5.Сайн сайхныг даллан дуудах

    Битүүний орой малаа хотлуулан, гэрийн эзэн идээлэх ундаалахынхаа өмнө гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг цас, мөс гурвалан тавьж, сайн зүгийн эзэд сахиулсны орох үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хааж тавьдаг байна.

    6.Битүүлэх

    Битүүлгийн идээ будаагаа базаан зэхэж, эхлээд гэр гэртээ битүүрнэ. Өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэн эхэлж аягалж барьдаг.

    7.Зоогийн ёс, журмаар нь бэлтгэх

    Битүүний өдрийн зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Хэрэв өвчүү чанавал өвчүүг өөд нь харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайн түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна.

    8.Зооглох

    Хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтан бэлгэ дэмбэрэлийн ёсоор битүү чанасан толгойн шөл хөц буюу бууз, банш зэрэг битүү хоол зоргоор идэцгээсэн “битүүртэл” хооллохыг ч энд оролцуулан бэлгэдлийн утгатай хэмээн ухаарах учиртай.

    9.Идээ засах

    Битүүний үдэш тэнгэрт захын ганц од үзэгдмэгц цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхэлдэг ёсон буй. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, таваг идээ, боов боорцог цагаан идээгээр зассан өөр нэг таваг нийлээд хоёр таваг чимж засдаг.

    10.Тоглож, наадах

    Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, уусны дараа шөнө дөл өнгөртөл ширээ, ширдэгний олон тоглоомоор тоглож нааддаг нь мөн л ёс болсон зүйл юм. Тоглоом наадмын дундаас шагайлцахыг эрхэм дээд, бахтай, бэлэг дэмбэрэлтэй тоглоом үздэг. Битүүлгийн дараа томчууд нь шагайлцаж, багачууд нь морь уралдуулдаг байна. Хожим алаг мэлхий тоглодог болжээ.  

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй