ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гандангийн дэнжийн учир /хууч яриа/

    Эдүгээгийн Гандантэгчэнлин хийдийн оршин буй өндөрлөг газрыг Гандангийн дэнж хэмээн бид нэрлэдэг. Гэвч энэ дэнжийн анхны нэр нь Далхын дэнж нэртэй гэнэ. Тэр ямар учиртай талаар Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн гавж Ц.Лувсан гуай доор өгүүлэх түүхийг ярив. Гандан хийд энд байгуулагдахаас бүр өмнө энд Далх хэмээх нэгэн хүн гэр бүлийн хамтаар амьдарч байжээ. Тэрбээр нэг удаа гурван хонь муулах хэрэг гараад эхний хоёр хонийг төхөөрч дуусаад байтал эхнэр нь хоолоо ид хэмээн дуудсан аж.

    Далх хоолоо идсэний дараа үлдсэн хонийг төхөөрье хэмээн бодоод хутгаа тэндээ орхиод гэртээ оржээ. Гарч ирээд хутгаа хайсан чинь олддоггүй гэнэ. Гэтэл нөгөө үлдсэн ганц хонио босгох гэсэн чинь босож өгөхгүй байжээ. Өргөөд хажуу тийш болгосон чинь харин хутга нь хонины хэвтэр дор байна гэнэ. Тэгээд Далх боджээ. Ухаангүй адгуус хүртэл амиа хамгаалж хутга дараад хэвтсэн байхад ухаантай хүн би амьтны амь хороож байх ч гэж хэмээн бодоод “Үүнээс хойш амьтны амь таслахгүй” хэмээн шийджээ. Тэр тухай яриа түүхийг тавдугаар богд сонссон тул “Энэ дэнж эгэл хүнийг бодь сэтгэлтэй болгосон адистидтай газар” хэмээн үзээд Гандантэгчэнлин хийдийг энд байгуулсан бөгөөд энэ газарт олон бодисадва нар төрөх юм хэмээн бэлгэшээн айлдсан гэдэг. 

    (Ц.Лувсан гуайгаас 2012 оны 3 сард сонсов. )

    Гандантэгчэнлин хийд анх хэрхэн үүсэн бий болов

    Мөнөөхөн дээрх түүхэд өгүүлэгдсэн Халхын тавдугаар дүрийн Живзүндамба хутагт буюу өргөн олны нэрлэж заншсанаар тавдугаар богдын үед Хүрээ нь эдүгээгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн буй газарт төвлөрч байжээ. Энэ газар дөрөвдүгээр дүрийн Живзүндамба хутагт Далх тэнгэрийн тахилга хийж газар орныг адисласан ч юм байна. Тавдугаар дүрийн богд харин Хүрээг өөр газар нүүлгэх бодолтой байж. Тэгээд нэгэн өдөр өмнөх дөрөвдүгээр дүрийн үеийн лам гавж гаарамбуудыг цуглуулж “Би дөрвөн дацан, өөрийн ордоноо баруун тийш шинэ газар зөөмөөр байна. Та нар юу гэж бодож байна” гэжээ. Тэгсэн тэдгээр настан ахмад лам нар “Таны урд дүр энэ газрыг адислан номхотгож нэгэнт энд хүрээг төвхнүүлсэн учир шинэ газарт нүүж яах юм бэ” хэмээн уйлан хайлан гуйжээ.

    Тэгэхэд нь тавдугаар богд “За мэдлээ, энэ тухай дараа ярилцая” гэжээ. Түүнээс хойхно хориос доош насны олон лам банди нарыг цуглуулан мөргөл айлдвар айлдсан нэгэн өдөр тэдгээр залуу лам нарт хандан “Би дөрвөн дацан өөрийн орд тэргүүтнээ шинэ газар нүүлгэмээр байна. Тэгвэл бурхан шашны ирээдүйд их хэрэгтэй юм даа. Та нар юу гэж бодож байна” хэмээн асуухад тэдгээр залуу лам нар ямар ч ажиг сэжиггүй нэгэн дуугаар “Бурханы шашинд хэрэгтэй бол нүүе нүүе” хэмээн хэлцгээсэнд тавдугаар богд мишээн “За, нүүх эсэхийг шийдэж дууслаа. Шинэ газар нүүж очицгооё. Би газар орныг номхотгон суурь тавих ажлыг хийнэ. Харин та нар хийд сүм баригдангуут чойр номын хэлэлцээ мэтгэлцээгээ хийж бэлгэ дэмбэрэлийг бүрдүүлээрэй” гэжээ.

    Тэгээд нүүж ирэнгүүтээ шинээр нэгэн модон дуган бариулж түүндээ “Гандантэгчэнлин” хэмээн нэр өгөөд мянга орчим шавь нарт “Богд Зонхавын сүмбүм” зохиолын лүн соёрхож. “Энэ хийд ирээдүйд улаан, хөх, шар гурван өнгө холилдсон чулуу тоосгон дуган болох юм шүү. Ирээдүйд бурханы шашин буурах цагт энэ хийд л шашныг авч үлдэнэ шүү. Одоо энэ дуганыг яаралтай Манж хаанаар баталгаажуулж тамгалуулж авах хэрэгтэй” хэмээн айлдсан гэдэг. Тавдугаар богд “Богд Зонхавын сүмбүм”-ийг айлдахдаа урьд орой нь Жалханз хутагт Балжиржамцаас лүнг нь аваад маргааш нь шавь нартаа айлдддаг байсан гэдэг. Ингэж Гандан хийд анх үүссэн юм гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй