ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатар дахь сүм хийдүүд

    Улаанбаатар дахь сүм хийдүүдийг танилцуулж байна.

    Пунцоглин хийд

    Монголын Сүсэгтний холбооны анхны гишүүн Д.Галбадрахын санаачилгаар 1990 оны 10-р сарын 1 буюу цагаан морин жилийн намрын дунд сарын 12-ны өдөр Монголын сүсэгтний холбооны төмөр зам дахь зөвлөл нэртэйгээр Төмөр замын удирдах газрын урд талд байх сурагчдын дотуур байрны гадна нэг гэр барин Дархан ловон лам А.Дэрэндорж, Н.Соном гуай нар сан тавьж нээлтэй хийсэн. 1991 оны 5 сарын 28 буюу төмөр хонин жилийн зуны арван тавны билэгт сайн өдөр Төмөр замын сүсэгтний холбоо нэртэйгээр бие даасан холбоо байгуулагдснаар 
    хүүхдийн сектор байсан дан байшинд хурал ном хурж, үйл ажиллагаа явуулан эхэлжээ. Тус холбооны анхны тэргүүлэгчээр Галбадрах болж Сосорбарам, Нямбуу, Даваасамбуу, Лхамсүрэн нарын долоо найман хүний бүрэлдхүүнтэй байсан.
     1992 оны Усан бичин жилийн хаврын тэргүүн бар сард олноо элчин багш  хэмээн алдаршсан БНЭУлсын Элчин сайд Бакула ринбүүчи багшийн хамт  одоогын МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  ламтан хэлмэрчээр морилон саатаж лам хувраг сүсэгтэн олонд ном айлдахын дашрамд сүсэгтний холбоо нэрийг өөрчилж, орон хийдийн нэр хайрлахын айлтгасанд «Пунцоглин» хэмээх нэрийг хайрласан. Мөн ондоо цэцэрлэг байсан байрыг авч сүм дуганы хэлбэр маягын дагуу засч янзлан албан ёсны хийд болж дэг жаяг дагуу өдөр бүрийн уншлага, сарын дүйчэн хурлууд хурдаг болсон.
    1992 онд хийдийн удирдлагын зохион байгуулалтанд оорчлолт оруулж хийдийн тэргүүн, Цорж лам, Ловон лам, Их, Бага умзад, Их Бага гэсгүй зэрэг мяндаг тушаал гаргаж Хийдийн тэргүүнээр Д.Галбадрах, Цорж ламаар С.Очир, Ловон ламаар Т.Бадам очир, Их умзад АДэрэндорж, Бага умзад О.Наваанжамц, Их гэсгүй Б.Цэнджав, Бага гэсгүй Х.Доржпалам нар, хурлыын ламаар Н.Соном, Лувсанданзан, Ширбазар, Д.Маналсүрэн, Ч.Эрдэнээ, Г.Хишигмөрөн, Адъяа, Пүрвээ, Батсайхан, Эрдэнэбилэг, Батбаяр, Дүгэрээ, Доной, Аптангэрэл, Гомбоо, Цэнд-очир, Отгонбаяр, Дамдиндорж, Дамдинсүрэн зэрэг хорь гаруй ламтай хурж эхэлсэн байна.
    1993 оны үед лам нарын дийлэнх хувь нь хуучны гярган зоч лам нар байсан бөгөөд ярьж зөвлөсний үндсэн дээр номт гурван у.пс хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол гурван оронд дэлгэрсэн Их хөлгөний урсгалуудыг нэг болох Шижэдва(амирлуулан үйлдэгч) буюу Жод, лүйжингийн ёсыг баримтлан, Монгол оронд дэлгэрсэн олон жүд дамжлагаас нэн ялангуа Жагар ламын жүдийг голлон хурал номоо явуулжээ.
    Тухай үеийн лам нараас дурьдвал Цорж лам Очир, Ловон лам Бадамочир, Гэсгүй Цэнджав, Маналсүрэн. Ширээбазар зэрэг лам нар байсан байна.

    Монголын бурхан шашны их сургууль

     
    Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургууль нь Монголын Бурхан Шашны Төвийн тэргүүн хамба лам, номч мэргэн гавж агсан С. Гомбожав, ОХУ-ын Буриадын бандида хамба агсан Гомбоев   нарын санаачлагаар Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр анх 1970 онд байгуулагджээ. Тус их сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй удаагийн төгсөлт хийж Бурханы шашны дээд боловсролтой олон зуун лам нарыг төрүүлэн гаргасан. Буддын гүн ухаан судлаач, Эм зурхай судлаач, Шүтээн урлаач, Түвд хэл судлаач, Уншлага, зан үйл судлаач зэрэг мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ их сургуулиас олон эрдэмтэн, мэргэд төрөн гарч Монгол болон Оросын холбооны Буриадад Бурханы шашныг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд тус сургуулийг Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гийгүүлэгч “ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР”-ын нэрэмжит болгов.
    Цогчэн сургууль: Монголын Бурхан Шашны их Сургуулийн харъяа бөгөөд 1992 онд Гандантэгчэнлин хийдийн лам Б.Эрдэнэхүү Гандан хийд болон хөдөө орон нутгийн хийдүүдийн залгамж лам нарыг бэлтгэх зорилготой байгуулжээ. Тус сургууль нь дөрвөн жилийн хугацаанд суралцагчдад хурлын уншлага, ая дан, балин тахил, жаяг дүлба болон зарим ерөнхий боловсролын хичээлийн мэдлэгийг олгодог бөгөөд анх байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт зургаан анги төгсгөөд байна.
    Шашны сургалттай 112-р дунд сургууль: 1990 онд Бурхан шашныг хөгжүүлэхэд мэдлэг боловсролтой залгамж үе бэлдэх, Бурханы шашны уламжлалт ёс заншил, энэрэнгүй сургаалийг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоор тус их сургуулийн салбар болгон байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь Бурхан шашны сургалтыг ерөнхий боловсролын сургалттай хослуулан заадагт оршдог бөгөөд тус дунд сургуульд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийн болон Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн багш нар хичээл ном зааж байна. Тус сургууль нь төгсөгчиддөө бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Эдгээр сургуулийн төгсөгчид нь хөдөө орон нутаг болон бүх хийдүүдэд ажиллаж байна.

    ГУНГААЧОЙЛИН ДАЦАН

    Монголын IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц санаачлан Буддын гүн ухааныг судлах “Ванчэн Лосойлин Игчаа”-г судлах дацанг 1809 онд буюу XIV жарны цагаан хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Дэчингалавын үүдний Гонжирт Богд өөрөө ламдаж шаржин хурж үүсгэснийг V Богд цаашид дэмжин тусгай дуган бариулж “Гунгаачойлин” хэмээх нэрийг хайрласан байна. Түвдийн оройн дээд номын мэргэдийн нэг болох Банчин Сономдагвын гүн ухааны сурах бичгийг голлон судалдаг. Эл дацанд 1908 онд VIII Богд Жэвзүндамба хутагт бээр хувилгааны аймгийн Лувсанчойнзин Цоржтой хамт гавжийн дамжаа барьжээ. Энэхүү дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1937 онд хэлмэгдүүлэлтэнд өртөн хурал ном нь зогссон бөгөөд 1992 онд дахин сэргээд сургалт номын үйл ажиллагаа нь дахин сэргэж, энэхүү дацангийн дуганыг 2001 онд  “Боярс констракшн” компани болон “Зарубеж строй” компани барьж ашиглалтанд оруулжээ. Эдүүгээ энэ дацан сургалт номоо амжилттай явуулж байна. Мөн энэ дацан лам нараа дацандаа болон Энэтхэг дэх Гоман дацанд сургаж байна.

    Идгаачойнзинлин дацан

    Идгаачойнзинлин дацанг VБогд Лувсанцүлтэмжигмэддамбийжанцан Жэвзүндамба хутагтын шав тавьж аравнайлсан газар VIII Богд Агваанлувсанчойжинням Жэвзүндамба хутагт 1910 оны цагаан нохой жилд Монголын шашны мандал бадралыг болгоох гүн тааллын үүднээс байгуулжээ. Шашин, төрийг хослон баригч VIII  Богд Жэвзүндамба хутагт бээр 1912 оноос эхлэн жил дараалан Идгаачойнзинлин дацанд түмэн гэлэнгийн хайланг гурван удаа хуруулсан нь Монголын Бурхан Шашны мандал буурлыг харуулсан түүхэн ач холбогдолтой зүйл байлаа. Энэ дацанд Түвдийн алдарт Сэр Жэвзүнба-Чойжижалцангийн туурвисан буддын гүн ухааны 5 ботийг голлон судалдаг. Анх Идгаа дацанг байгуулахад Даш чойнпэл, Гунгаачойлин дацангуудаас гэвш нарыг VIII Богд бээр сонгон авч 1000 гаруй лам хуврагтайгаар эхлүүлж байжээ. Дахин сэргэсэн нь 1991 оны цагаан хонь жилийн зуны эхэн сарын шинийн гурванд нээсэн бөгөөд Зопо ринбучийн өглөг хандиваар дацангийн шинэ дуган буюу одоогийн энэ дуганыг 2003 оны 12 сард ашиглалтанд оруулж  эдүүгээ сургалт, хурал номоо явуулж байна. Энэ дацан нь лам нараа дацандаа болон Энэтхэг дэх Сэра хийдэд сургаж байна. 

    Мамба дацан

    Тус дацан нь III Богд Жэвзүндамба хутагтын үед Их хүрээнд 1760 онд үндэслэн байгуулагджээ. Тухайн үед эл дацан уламжлалт анагаах ухааны хамгийн чухал сургалтын төв болж, энэ салбарт нэн чухал гайхамшигтай бүтээл туурвисан олон мэргэдийг төрүүлжээ. Мамба дацан нь таван ухааны эрдэм дундаас хүмүүн, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг анагаахын тулд жүши / дөрвөн үндэс / номонд боловсрох, судал бариа хийх, өвчний байдлыг таних, олон зүйл өвчнийг дарах эмийг найруулах, хэрэглэгдэхүүн ургамлыг шинжлэн таних тэргүүтнийг эрхэлдэг болно.1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд үйл ажиллагаа нь зогссон хэдий ч 1991 онд Хоовой лам Гандантэгчэнлингийн “ Мамба дацан” нэртэйгээр байгуулж, Гэсэр сүм дэх одоо Бадам-Ёго дацан байгаа дуганд хурж байгаад Гандантэгчэнлин хийдийн ард нүүн ирж шинэ дуганаа 2001 онд бариад хурлаа хурж байна. 

    Бадам Ёго Дацан

    II Богд Лувсандамбийдомэ бээр шашин, амьтныг харшлах шалтгаанаас хамгаалж энх амгалангийн тусын тухайд ХII жарны модон үхэр жил / 1745 он. “Аг дацан” нэртэй анх байгуулжээ. Хожим 1806 онд IV Богд “ Бадам Ёго” хэмээх нэрийг хайрлажээ. Их хүрээний Гандан хийдэд оршиж гүрмийн Бадам Ёго дацан 1937 онд бүр мөсөн хаагдсан. 17-р жарны цагаагчин могой жилийн өвлийн адаг сарын шинийн 4-ний өдөр 2002 оны 1-р сарын 16-нд гэсэр сүмд сэргээн Дамдин Янсангийн үүднээс уншлага номоо голчилж уншдаг. Бадам Ёго дацан нь Буддын шашны нууц тарнийн ёсны таван язгуурын дотроос Бадмын язгуурыг голлон суралцаж, бясалгал бүтээл хийх орон бөгөөд тус дацангаас Дамдин Янсан бурханы дамжлагын багш нар олноор төрсөн байдаг. Өнөөдөр тус хийд нь өдөр тутмын хурал номоо хурж байна.

    ОЧИРДАРИЙН ДУГАН

    Тус дуган нь 1838-1841 оны үед чулуу, туупуйгаар хийсэн алтан шармал ганжиртай, вааран дээвэр бүхий Очирдарийн дуган, үүний дотор Өндөр Гэгээн Занабазарын 1677 онд урлан бүтээсэн Монголын нийтийн нандин шүтээн Очирдарь хэмээх Махаяана /  Их хөлгөн / ёсны бурханы дүрийг голд нь байрлуулан залсан байдаг. Өндөр Гэгээн бээр Очирдарь бурханыг бүтээгээд сүншиглэж байхдаа:
    “Очирдарийн эрхэт язгуур үндэсний багш хийгээд
    Ялгуусан амирлангуй, хилэнт хөвгүүн хийгээд шавь сэлтэд
    Үнэн үгийг бүтээх их төрөлхийтөн бүгд бээр 
    Зориулга ерөөлийг зориулан сэтгэлчилэн бүтээхийг зохион соёрх” хэмээн энэхүү номыг айлдсан түүхтэй. 1000 гаруй жилийн өмнө Балба улсад гошар зандан модоор хаврын адаг сард эргэдэг Майдар болон 1000 мутарт Жанрайсиг, Баргын найман манла, 1958 онд Гандантэгчэнлин хийдийн лам Самбалхүндэв Монгол зургийн аргаар зурж бүтээсэн дөрвөн Маха-Ранзын дүр, эвт дөрөв хэмээх зураг зэрэг олон ховор нандин, хосгүй үнэт бүтээлүүд залагдаж байна. Мөн Жадамба, Юмын 16 боть, Сундуй, Үлгэрийн далай / До Занлүн /, Алтангэрэл, Маань гамбум, Ламрим Нийтийн 4 боть, Таравчэнбо, Додүдва, Дашзэвэг 8 гэгээн, Догсом, Банзрагч гэх зэрэг олон чухаг ном судар байдгаас гадна өдөр тутмын хурал нь Цогчэн хурал ажгуу.  Энэ дуганд Өндөр Гэгээний дэгэлсэн цогчэн хурлыг өдөр тутам хурдаг болно. Энэхүү дуганыг Цогчэн дуган, Очирдарийн дуган гэх болсон нь Цогчэн хурал хурдаг учир Цогчэн дуган гэсэн. Очирдарийн дуган гэсэн нь Очир Дара шүтээн залаатай байдаг учир ийнхүү нэрлэсэн байна. 

    Гандан дуган

     Тус хийдийн Гандан дуган хэмээх анхны дуганыг Монголын V-р богд Цүлтэмжигмэддамбийжанцан санаачлан Монголын үндэсний хэв маяг оруулж, алтан шармал орой ба алтан ганжир бүхийгээр 1838 онд бүтээгээд V Богд тус дуганд Сандуйгаар дагжидлан равнай уншжээ. Ийнхүү Сандуйгаар дагжидлан уншсан нь Сандуй бурхан суугаа байдаг тул энэ дуган болон хурал номыг өнөд удаан оршихыг бэлгэдсэн байна. Гандантэгчэнлин хэмээн нэр соёрхож тус дуганд буяны  садан олон зуугаар цугласанд V Богд  бээр Богд Зонхавагийн буман зарлигийн амны эш тэргүүтэн зарлиг номууд олныг соёрхож, хурсан бүхний сэтгэлийн гэгээрлийг ханган зохиожээ. Тус дуганы дээврийг Янжив Далай гүн алтаджээ. Гандан дуганы дотор байрлуулан залсан бурхан, номуудаас заримыг дурьдвал: Өндөр Гэгээн Занабазар эхийнхээ хүсэлтээр бүтээсэн өөрийн хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монголын лам нараас хар цаасан дээр алтаар бичсэн Бурхан багшийн сургаал Ганжуур 108 боть, 1956 онд бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн лам Дамбадаржаа, Данзан нарын зэрэг лам нараас урлан бүтээсэн Бурхан  багшийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Джавхалал Неругээс 1957 онд дурсгал болгон өгсөн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Бурхан багшийн цутгамал дүр, Шри Ланка / Цейлон / улсаас дурсгал болгон ирүүлсэн Бурхан багшийн ринсрэлээс оруулсан жижиг мөнгөн суварга, ХХ зууны эхээр Монгол улсын захиалгаар Польш улсын нийслэл Варшав, Өвөрмонголын Долоон нуур хотод хийсэн Аюуш бурханы дүрүүд, Баруун Ойрад Монголд 15 кг цэвэр мөнгөөр хийсэн шарын шашныг үндэслэгч Богд Зонхавын XVI зууны үеийн дүр / Энэ хөрөг нь уг нутгаас Ижил мөрөн хүрээд Монгол нутагтаа буцаж ирсэн болно. / Өөлдийн 5 нандин, Дорнод аймгийн Зонхава, Олон хүрээний Дүйнхор болон олон нандин шүтээн хожим ирсэн билээ.  Бэхэн ганжуурын 108 боть, Юмын 16 боть, Гүнрэг, Арван хангал, Бурхан багшийн чога, Сандуйн чога, Дэмчог, авидын чога, Минтүгийн чога, Тарвын чога, Их манал, Бизъяагийн чога, Жүдэрнажилын чога, Богд ламын чога, Уулын ламын чога зэрэг чогуудын судар байдаг. Энэ дуганд дээр дурьдсан чогууд болон хангалуудыг уншиж тахидаг болно. Энэ дуганд  мөн шашны ёсны их, бага үлээгүүр хөгжим, Монголын гар урлалаар бүтээсэн үндэсний хээ угалз бүхий хэнгэрэг, цан зэрэг цохилуур хөгжмүүд, 18 кг-ын цэвэр мөнгөөр хийсэн дахин давтагдашгүй мандал, цөгц, бумба, цар мэтийн эртний дурсгалт тахилын бүрэн хэрэгсэл бий. XIV Далай багш энэ дуганд 8 удаа морилж лам хуврагуудад айлдвараа айлдсан. 

    Дашчойлин хийд

    1937 оны хэлмэгдлийн шуурганд  хүрээ гучин аймгуудын дугана, лам хувраг,хурал номын хэрэгсэл, бурхан шүтээнүүдийг устган үгүй хийж, нэгэн цагт буян ном, хурал уншилгын дуу тасралтгүй дуурсаж асан газрыг эд хогшилын агуулах, элдэв үзвэр үзэсгэлэнгийн байр болгох зэргээр ашиглаж байсан байна. 
    Харин ардчилал, шинэчлэлийн үрээр шашин шүтлэг чөлөөтэй болж, бурханы шаин сэргэн дэвжих боломж нээгдэхийн хамт их ламтан Ч.Дамбажав, С.Чадраабал нарын буянтай лам нарын санаачлага, идэвхитэй зүтгэлээр энэхүү 2 аймгийн хуучин дуганы буурь суурин дээр XYII-р жарны цагаан морин жилийн зуны суул сарын шинийн дөрвөний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны 7-р сарын хорин зургааны өлзий буян бүрдсэн сайн өдөр "Өлзий хутгийн номын орон" буюу Дашчойлин хийдийг сэргээн байгуулсан юм.Бурхан багш Шагжаамуний шадар зургаан Архадын нэгэн болох, энэ Халх Монголын орноо Бурханы шашин, номын цагаан гэгээ түр нэгэнтээ бүдгэрч, дахин товрон гэрэлтэн, гийх тэрхүү торгон үед эртний сайн ерөөлийн хүчээр хүрээ хийдүүдийг дахин сэргээн босгох, лам хуврага нарыг заан сургахад их нигүүлсэхүй бодь сэтгэлээр өөрийн биеийн алжаал, өндөр насан сүүдрийн зүдрэлийг үл хэрэгсэн, адистид жинлавын их далай болсон судар, тарнийн гүн нарийн утгат авишиг, даган соёрхол тэргүүтэнг хайрласан, Энэтхэгийн элчин сайд Бакула ринбүчэ багш шинэ хийдэд өргөх яруу сонсголонт агаад утга төгөлдөр нэрийг болгоон "Өлзий хутгийн номын орон" буюу "Дашчойлин" хэмээх алдрыг соёрхсон билээ.

    Дашчоймпэл дацан

    Дашчойнпэл дацанд Түвдийн алдарт гүн ухаантан Гүнчэн Жамъяшадвийдорж ламын таван ботийн зохиол бүтээлийг голлон судалдаг. Энэхүү дацанг II Богд Лувсандамбийдонмэ Жэвзүндамба хутагт, түүний Ёнзин багш буюу Манзушри хутагт Донхор цорж Агваанжамбалданзан Өвөр Монголын Долоон нуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 1756 онд Ар халхын Их хүрээнд нүүн ирэн суурьшсан. Хожим 1937 оны их хэлмэгдүүлэтэнд өртсөнөөр дэлхийн анхны их сургуулиас улбаатай олон зууны түүхтэй тус дацангийн уламжлалт сургалт, хурал номын үйл ажиллагаа бүрмөсөн хаагдсан байна. 1991 онд тус дацангийн номын үйл ажиллагаа дахин сэргэж одоогийн энэ дуганыг Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчэнлин хийд бариулснаар хуучны эрдэм номтой мэргэд, багш нарын хичээл шамдлаар уламжлалт гүн ухааны сургалтаа явуулсаар өнөөг хүрсэн. 2002 онд тус дуганы ард талд Домын өргөөг дацангийн лам нар барьсан. Түүнчлэн XIV  Далай багшийн ач ивээлээр Энэтхэг дэх Гоман дацангаас Буддын гүн ухаанд мэргэжсэн багш нар хүрэлцэн ирж дацангийн шавь нарт хичээл орж байсан юм. Эл дацан дахин сэргэсэн цагаасаа өнөөг хүртэл 36 гавж шинээр төрүүлсэн бол гэвшийн дамжаа барих ёсыг дахин сэргээснээр 220 гаруй лам нарт гэвшийн зэрэг цол олгоод байна. Тус дацан шавь нараа дацандаа сургахын зэрэгцээ Энэтхэг дэх Гомон дацанд сургаж байгаа юм. Анхны явж суралцсан шавь нар нь эргэн ирж одоо дацандаа хичээл орж, зааж сургаж байна. Эл дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арван эрдэмтэн төрөн гарсан юм.  Эдүгээ гэвш, гавжийн дамжааг бариулж буй юм. Өдөр тутмын болон цагийн хурлаа хурж байна.

    Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханы сүм

    1911 оны 7-р сарын 30 буюу Цагаагчин гахай жилийн зуны илүү сарын шинийн арванд VIII Богд Жэвзүндамба хутагтын лүндэнгээр Мэгжид Жанрайсиг бурхан бүтээх ажил эхэлжээ. 1913 оны 8-р сарын 13-нд Монгол улсын олноо өргөгдсөний III оны зуны сүүл сарын 8-нд Мэгжид Жанрайсиг их шүтээний цогцолборыг бүтээн дуусгаж аравнайлжээ. Ийнхүү их бурханг бүтээж Богд гэгээний билгийн мэлмийг амгалан болгох, Монгол улсын төрийн мэлмийг амгалан болгох хоёр их үйлст нэгэн цаг үед давхцан таарсан нь огтоос санамсаргүй тохиол бус, онцгой учир утгын нэгдлийг илэрхийлж авай.  Төр, түмний шүтээн 80 тохой өндөр Мэгжид Жанрайсиг шүтээнийг Богд хаант Монгол улс тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээсэн билээ. Гэтэл 1937 онд их хэлмэгдүүлэлтэнд өртөж их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Туурга тусгаар Монгол улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжид Жанрайсиг бурханыг Оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан том гамшиг болой. 1940-1960-аад он хүртэл энэ дуганд Монгол Улсын Үндэсний Төв архив байрлаж байсан төв архивыг өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд нь том гараа болсон юм. 1990 онд шашин дахин хурал ном үйл ажиллагаагаа явуулж болох болсноор Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд Соёлын сайдаар дамжуулан ярьж хэлэлцсэний эцэст 1991 оны 2-р сарын 13-нд “Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын 33 дугаар зарлиг гарав. Ингэснээр дахин бүтээх ажилдаа орж, 1996 оны 10-р сарын 27-ны 11:40 мин-д” гал хулгана жилийн намрын адаг сарын 16-ны их тэргэл өдөр морин цагт нээвэй. Үлэмж амгалан гарахын орон, билгийн мэлмий нээгч Мэгжид Жанрайсиг их шүтээнийг бүтээх үйлсэд Монгол улсын хоёр сая ард түмэн бие, хэл, сэтгэлээрээ оролцжээ. Шашны их сургуулийн оюутнууд 2000 Аюуш бурхан сүншиглэж залжээ. Одоо ард түмний өргөсөн Аюуш бурхан 4500 бий. IX Богд Жэвзүндамба хутагтын санаачлагаар Мэгжид Жанрайсиг бурханы 2 талд нь нууцын эзэн буюу Очирваань Бурханыг / 2011.02.27-нд / бүтээн залсан. Мөн Манзушри Бурхан бүтээн зэрэгцүүлэн / 2011.09.29-нд / залсан юм. Тус дуганы хурал нь 1996.10.30-нд эсгий гэрт анх хурлаа хурж байгаад 2004 онд Гандангаас одоогийн шавар гэр дуганыг бариулж өгсөн. Эдүүгээ хурал номоо хурж байна.Монголын II Богд Жэвзүндамба Лувсандамбийдомэ бээр Их хүрээнд судар, тарнийн гүн ухааныг судлах сургууль болох цаньд дацан, Жүд дацанг үндэслэн байгуулсан түүхтэй юм. XII Жарны Шаргагчин хонь жил / 1739  он/ Монголын  II Богд нас сүүдэр арван зургааг зооглосон жилээ анх санаачлан үүсгэж зарлигдсанаар “Жүд санагдэчэнлин” Түвдийн Жүддодмад дацангийн дэгтэй эн түрүүний жүдийн дацангийн үндэс суурь тавигджээ. IV Богд гэгээнтнээс таалж Жүд дацанд анх аграмбын дамжаа бариулсан. Жүд дацан нь дөрвөн аймаг үндэсний номд суралцах гол сургууль бөгөөд эл дацанд суралцагч нь чойрын гурван дацанд гүн ухааны сургалтаа төгсгөж, гавжийн зэрэг цол хамгаалсныхаа дараа дэвшин суралцдаг бөгөөд дандарын дөрвөн үндэсний номыг судлан дүүргэж “ Аграмба ”-ын зэрэг цол хамгаалдаг байв. Аграмбын дамжаа баригчид уг орны тогтоосон ёсыг дагалдан сайн сайхнаар үргэлжлүүлсээр 1937 онд их хэлмэгдүүлэлтэнд өртсөн байна. Монголын Бурхан  Шашны Төв Гандантэгчэнлин хийд 1998 оны захиргааны шийдвэрээр Жүд дацанг сэргээн байгуулсан. Энэ дацан нь анхны хурлаа Дэдэнповронд хурж байгаад 2004 оноос гэр дуганд хурж байсан юм. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн тамгын лам, цогчэн хурлын ловон лам Б. Эрдэнэхүү нь өвлийн адаг сарын шинийн 27-ны хурлыг хуруулж эхэлсэн. 20 жилийн ойг буяны арга хэмжээгээр угтаж анх санаачлан шавь нараа оролцуулан тэр дундаа “Хурд интернэннл” компаний ерөнхий захирал Б. Балдорж манлайлан оролцож шинэ дуган, бурхан шүтээнүүд, арслант ширээ, лам нарын байр, суварга, гадна дотно тохижилт тэргүүтнийг Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд  2011 оны 10-р сарын 27-нд хүлээлгэж өгсөн. 17-р Жарны / Илжиг хэмээх Цагаагчин төмөр туулай жилийн намрын адаг шар нохой сарын шиний нэгэнд шинэ дуганд Дашчийрэв равнай, Жигжид данжүг. Шинийн хоёронд Сандуйн чого, шинийн гурванд Дэмчог хурснаар одоо өдөр болгоны уншлагаа хурж сүсэгтэн олонд ном айлтгалаа уншиж байна. Дацангийн гол шүтээн нь Сандуй, Жигжид, Дэмчог, Гэгээн XIV  Далай багш Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд морилон саатаж таарсан юм. Улмаар тус дуганд заларч бурхан шүтээнд равнай өргөсөн. Мөн энэ дуганд Далай багш хийдүүдийн ловон лам нарыг хүлээн авч айлдвараа айлдсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй