ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан шинждэг уламжлалт аргууд

    Салхины чиглэл байдлаар цаг агаар үнэлэх арга

    Хавар, зун халз өмнөөс болон баруун өмнөөс салхилбаас хур орохын шинж. Намар, өвлийн цагт салхилбаас ойрдоо тэнгэр онгойж гийхийн шинж. Салхи зүүнээс удаан үргэлжилвэл зөөлөн шуурга тавихын шинж. Салхины чиглэл нар буруу эргэж өөрчлөгдвөл тэнгэр муухайрахын шинж. Намар өвлийн улиралд улаан тоостой урин салхи баруун зүгээс байх бөгөөд цас орох нь бага байвал өн болохын шинж.

     
     Цагаан сарын шинийн нэгэнд салхилбаас хавартаа цастай, өвлийн адаг сарын аван найманд хур орвоос хаврын эхэн сарын шинийн найман хүртэл үргэлжилхийн шинж. Бороо цас орж байхад зүүн, зүүн хойноос салхитай байвал удаан үргэлжилнэ өөр зүгээс салхи ширүүсвэл удахгүй арилна.

    Нар, сар, одон мичидээр цаг агаарын байдлыг үнэлэх тухай 

      Өглөө эрт нар солонгорч гарвал их салхи босох, үдийн урд наран хүрээлвээс тэр зүгээс салхилна. Нар эрт цагаан, орой тийш улаан байваас маргааш нь нар шингэхдээ бүдэг улайваас цас, бороо арилах, орой нар их улайж жаргавал маргааш нь хур тундасгүй байх ба шөндөө хүйтэн өдөртөө дулаан байхын шинж. Нар тунгалаг тусвал үдэшдээ тэнгэр онгойно. Нар эртдээ сайхан байваас тэр өдөртөө сайхан байх, Нар урвасхийж шар туяа татваас маргааш их салхилах, үдийн хойно нар үүлэнд халхлагдваас шөндөө хуртай. Нар, сар хиртвээс хур буухын шинж.

      Мичид зулзагалвал зудгүй өнтэй өвөл болхын шинж. Өвлийн од анивалзах нь ихэсвэл шөнө хүйтэн хонохын шинж.Бөгчим цочир нар гарвал дуутай штрүүн бороо орно. Өвлийн тэргүүн сард сар мичид тохиохын урд тэнгэр муудвал цаашдаа тэнгэр сайхан болхын шинж. Мичид сарны дээгүүр гарвал зуд болдог гэж зарим хүмүүс шинждэгбол зарим нь сар дээгүүр нь гарахаар сар шэгээ тэнгэр муйхарахын шинж гэж үздэг. Үдшийн гялаан сартай тохиож сарны дээгүүр зөрвөл зуд болхын шинж. Нар, сар хүрээлэхэд тэнгэр муудахын шинж бөгөөд хүрээ нь хичнээн жижиг тод байвал тэнгэр түргэн мууддаг гэлцдэг. Шиний хоёрны хавирга сар эгц босоо байрлалтай, сарны гэдэс зузаандуу байвал дараагийн сарын цаг агаар давгүй сайн байхын шинж юм. Харин сар эгц дээшээ харсан байвал дараагийн сарын цаг агаар өөдлөхгүй гэж шинждэг.

    Тэнгэр, үүл, цас борооны шинж байдлаар цаг агаар үнэлэх тухай   

      Бараан хар үүл гарч нарыг хааваас даруй хур буух, үүлний завсраар нар тусвал тэнгэр онгойно. Бороо орж байхад зүүн, зүүн урд зүгт солонго татвал бороо арилахын шинж. Бороо ороод зогссоны дараа үүл хойшоо нүүж байвал дахин бороо орохын шинж. Үүл урагшаа нүүж байвал тэнгэр цэлмэхийн шинж. Үүл хойш, урагшаа зөрөлдөж нүүвэл цас, бороо орохын шинж. Уулын оройгоор манан будан татвал удахгүй салхи ширүүсэж хур тунадас орохын шинж. Зуны улиралд шөнө нь хүйтэн, өдөр нь халуун байвал гандахын шинж. Шөнөдөө үүл арилаагүй хоновол хур бороо орохын шинж. Хар чийг, шүүдэр, хяруу унах нь маргаашдаа тэнгэр цэлмэг, хур тундасгүй байхын шинж.

    Шөнөдөө манан үүсвэл маргааш нь хур тундасгүй байхын шинж. Говийн тэнгэрийн хаяа алсаасаа тоос сууж ирвэл тэнгэр аягүйднэ. Өглөөний манан дээш хөөрч үүл болбол бороо орохын шинж. Намрын сүүл сарын шинийн есөнд тэнгэрийн заадас арилаад долоо хоногийн дотор эс гарч ирвэл өвөлдөө өнтэй, долоо хонохоос өмнө гарч ирвэл зудлахын шинж. Өвөл тэнгэрийн заадас арилаад дөрвөөс тав хоногийн дараа гарч ирэхэд цасан шуурга болдог.

    Цагаан морь, хонь өдөр цасан шуургатай болон бямба гаригт шуурга эхэлвэл цаашид тэнгэр муухайрахын шинж. Өвлийн хөх хулгана өдөр хур орвоос их хэмжээний нутагт цас их унаж зудлахын шинж. Өвөл дараалан олон удаа цас орж огторгуйд олон солонго наран мэт тоонолжон гарвал зудлахын шинж. Шөнө нь шүүдэр уналгүй хонож, өглөөгүүр тэнгэрйн баруун хаяанд бие биетэйгээ залгагдсан, доод сууриараа зүсчихсэн юм шиг жижиг цагаан үүл гарвал заавал ширүүн бороо орохын шинж. Өглөөгүүр солонго татвал бороо орохын нэг шинж.

    Цас борооны ширхэг жижигхэн байвал удаан, том том байвал түргэн арилдаг. Хурдан нүүж байгаа сэмжин үүлний араас давхарласан, цэмцгэр цагаан үүлс гарч ирвэл цас, бороо орох магадлалтай.

    Мал, амьтны ааш араншин, өвс ургамал, эд зүйлсийн шинж байдлын өөрчлөлтөөр цаг агаарыг үнэлэх нь    

      Хонь, ямааны хамар түгжирч шуухинан дуугараад, морь дахин дахин туриглаад, илжиг чанга орилвол удахгүй цас бороо орохын шинж. Нохой, муур цагираглан хэвтвэл тэнгэр муудах, хонь өглөөгүүр салхи сөрөөд хэвтсэн, адуу бэлчээртээ тааруу идээшлэх, үхэр, нохой хот, хэвтшиндээ тарайж хэвтсэн байхад тэнгэр сайхан болно. Өвөл сарлаг уул хяр өндөрлөг газраар нутаглаад байвал дулаавтар, тэнгэр тогтуун байхын шинж, тал хөндий нам дор газар нутаглаад байвал хүйтэн шуурагтай байхын шинж.

    Өвлийн эхэн сард хонь хотноосоо гарч хэвтээд байвал тэр өвөл өнтэй орохын шинж. Үхэр нохой, хавар нуруу талаасаа гуужвал хангайд, хэвлий, хөлнөөсөө гуужихад говьд өвөл өнтэй, бух эрт тошвол хатуу өвөл болох нь гэж малчид шинждэг. Бух гүймхээ байх, ухнань хойрог байваас өн болно.

    Зуд болох жил хурга сүргээсээ хоцрох ба өн болох жил хурга сүргээ түрүүлнэ. Тарвага, зурам, огтоно ноохой хөеөгөө эрт цуглуул, эрт эчвэл өвөл эрт болох, хөеөгөө өндөр, цомцгор хураавал цас ихтэй, хөеөн дээрээ чулуу тавьсан бол салхи шуургатай, ширүүхэн өвөл болхын дохио. Тэнгэр бүрхэг байхад тарвага хошгорвол тэнгэр цэлмэхийн шинж.Тарвага нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор хүрээлбэл бороо орж их үер болохын шинж. Туулайг алж үзэхэд бөөр нь битүү өөхөлсөн байвал зуд болохын шинж.

    Туулай гэнэт цөөрч, үнэг, хярс, ятуу элбэгшвэл зудахрхуу болохын шинж. Харин говь, тал нутагт ногтруу олширвол өнтэй өвөл болохын шинж. Буга эврээ сэжлэвэлих хүйтэн болохын шинж. Зурам ичихгүй өвөлжих, ичсэн тарвага өвөл дахин гарч ирэх, үнэг, хярс задгай газар хэвтэж өвөлжих байдалтай бол өнтэй өвөл болно. Сохор номингийн шороо олширвол бороо хур элбэгтэй зун болно.

    Голио их шуугих нь намар урт сайхан, хөхөө эрт донгодвол зун богино болохын шинж. Говийнхон могой нүхнээсээ ил гарч явах, ногтруу бутанд шургах юмуу ойр ойрхон нисж бөөгнөрөөд, биеэ сэгсчээд байвал хавар бол цасан шуурга тавих, зун бол бороо хур орохын шинж. Цох хорхой, сохор хорхой нуруун дээр шороо наалдсан байвал бороо орохын шинж. Зуны цагт цох хорхой, бор эрвээхэй элбэгшвэл удахгүй бороо орно.

    Мэлхий уснаасаа холдож гуаглан явбал цаг агаар дулаан байхын шинж. Усны шувууд намар орой маш дээгүүр нисэн өнгөрвөл өнтэй өвөл болхын шинж. Доогуур нисч өнгөрвөл зудархуу өвөл болно. Болжмор сүрэг сүргээрээ олон дахин нисж буух, биеэ ойр ойрхон сэгсрэх нь хйүтэрхийн шинж. Хэрээ мод, чулуу, хашаа хороон дээр сууж орилбол хавар, намрын улиралд шороо шуурах, өвлийн цагт цас орохын шинж.

    Хэрээ ятуу агаарт дээр гарч үймэлдвэл цас орно. Алтан хараацай аажим бөгөөд доогуур нисвэл салхи хөдөлж бороо орно. Галуу сарвуугаа хумиж харагдвал хүйтэрхийн шинж. Галуу, нугас өд далавчаа дэвж, сэгсэрээд байвал шуурга болно. Галуу усанд тайван сэлж дуу шуутай байвал бороо орно. Тахиа өндөр юман дээр гарч зогсоод байвал бороо зүсрэхийн тэмдэг. Зуны өглөө азраган тахиа цагтаа орилохгүй бол дулаарна. Чогчого их жиргэвэл бороо орох дохио. Хөх цөцгий газар суугаад байвал салхисалхилах, дээвэр модон дээр гарч суугаад байвал тэнгэр өөдлөхгүй.

     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй