Товч мэдээ мэдээлэл
GAMI брэнд : Ямарваа зүйлийг эхлэхдээ тууштай, түүндээ хайртай байх ёстой. Энэ бол хамгийн гол зарчим.
2016 оны 10 сарын 10

Өнгөлөг бас чанартай хувцасаар залуучууддаа бэлэг барьж байгаа "Gami" брэндийн үүсгэн байгуулагч охидтой уулзлаа. Хувцас дээрээ өөрсдийн зурсан абстракт зургийг буулгаж өнгөний сонголтоо тод өнгөөр сонгодог нь тэд бусдын адил нэгэн хэвийн биш зоримог, залуучуудыгаа шинэ зүйлд уриалсан хүчирхэг охид гэдгийг баталж байсан юм.

Оёдолынхоо деталь бүр дээр анхаарч эсгүүрээ гарган бүтээлээ чанартай хийж байгаа тус охидтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

"Gami"-г хэрхэн байгуулсан бэ? Цаашдын зорилго

Бид 2 хоёулаа өөр сургууль, Би(Туяами) Урлах эрдэмийн дээд сургууль, Уянга(ukirvd) Сити дээд сургуульд сурдаг байсан. “We Are Mods”-с зохион байгуулдаг “Backstage 4” шоунд оролцож танилцаад нилээн дотно найзууд болж шоундаа орж байхдаа брэндээ гаргая гэж шийдсэн.  Албан ёсоор байгуулагдаад гурван сар болж байна.

Асуудал хэр тулгарав? Жишээ нь: Амьдрал дээр маш сайн найзууд байж байгаад ажил хэрэг болгон мөнгөтэй харилцаад ирэхээр хүмүүс асуудал үүсдэг гэж ярьдаг шүү дээ.

Одоохондоо бол зүгээр л байгаа шүү дээ. (инээв) Гэхдээ санал зөрөх асуудал олон гардаг л даа тэр болгонд бие биенийгээ ойлгож ярилцдаг.  Удаан найзлаагүй ч гэсэн бид хоёр маш сайн ойлголцдог. Ярилцаагүй байсан ч “за ингэх гэж байна даа” гээд л...

Танай багт ямар ямар хүмүүс байгаа вэ?

Одоогоор бид 2 л байгаа. "Gami" гээд нэрний утга нь бид хоёрын нэгдэл гэсэн санаагаар Уянга гэдгийн “ГА ” Туяами гэдгийн ”МИ” юм. Бас тэгээд эсгүүрээ, зохион бүтээлтээ, оёдолоо ч өөрсдөө хийж байгаа.

Танай брэнд ямар төрлийн хувцас хийдэг вэ?

Диффуз гэж нэрлэгддэг. Нэг чиглэлээ бариагүй олон стилийг хольсон гэсэн санаа юм л даа. Саяны коллекци бол яг энэ чиглэлээр гарсан, цаашдаа ч гэсэн энэ чиглэлээ бариад явна. Нэг хэлбэрт баригдахгүйгээр Япон талын хэв маягтай байх бoлов уу.

Зорилго гэвэл залуусын сонирхлыг татсан, шинэ дүр төрхийг бий болгоод Монголдоо нэртэй брэнд болохыг зорьж байгаа.

  

Хамтарч ажиллах санал хэр ирж байга вэ?

Гэрэл зурагчид санал тавьж байгаа. Туяами маань энэ жил сургуулиа төгсөнө. Одоогоор төгсөлтийн ажил их байгаа учраас ажлаа түр завсарлаад 12-р сараас шинэ коллекцио гаргах бодолтой байгаа. Тэр үед л хүмүүстэй хамтрах байх.

Хамтарч ажиллаж байхад хэцүү санагдсан зүйл нь юу вэ? Мөн жаргалтай үеээ уншигчиддаа  хуваалцаач

Дандаа л жаргалтай байдаг. Өөрсдийнхөө зурсан sketch дээрээ дуртай зүйлээ хийдэг болохоор жаргалтай байдаг. Хамт байхдаа инээсээр байгаад л таардаг.

Хүндрэлтэй асуудал нь нээрээ материалаа олоход хэцүү байдаг. Бүхий л материал зардаг дэлгүүрүүдийг хэсч байна даа(инээв)

Хэдэн цагаар ажиллаж байна?

Эхний коллекци дээрээ бараг амралтгүй ажилласан. Өглөө ирээд л 10 өнгөрөөж гэрлүүгэээ явдаг байлаа. Одоо арай гайгүй болсон.

Загварууд дээр маш сонирхолтой зурагууд байдаг. Хэн нь зурдаг вэ?

Хоёулаа зурдаг. Зурах дуртай.

    

Та 2-ын ажиллах арга барил юу вэ? ямар онцлогтой вэ?

Хувцасныхаа стилийг төгс гаргахын тулд бүх зүйлд ач холбогдол өгч ажилладаг. Зураг зурахдаа царайг нь иймэрхүү ч  гэдэг юм уу сайн ярилцаад зурдаг. Оймс дээр хүртэл ач холбогдол өгдөг. Төлөвлөгөө гаргаж ажилладаг.

Ямар төрлийн хөгжим сонсдог вэ?

Амьд хөгжим сонсдог тэр дундаа инди рок хөгжмийг хоёулаа сонсдог.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Чөлөөт цаг маш бага байдаг. Цаг гарвал гадуур алхаад кофе шоп орж ярилцах дуртай. Юунд ч санаа зовохгүй, тайван байхыг хичээдэг. Бас зураг зурж, хөгжим сонсох дуртай.

Загварын шоу хийх үү? Хэзээ вэ?

3 дахь коллекцоо гаргахдаа хийе гэж бодож байгаа. Гэхдээ бас санхүүгийн асуудал маш их байна.

Анх брэндээ үүсгэхдээ санхүүгийн эх үүсвэрээ хаанаас авсан бэ?

Энэ салон бас өөрсдөө мөнгө нийлүүлээд санхүүгээ босгосон.

  

Салоноо танилцуулбал?

'Геле' салоноос гарсан 'Gami' брэнд гэж явж байгаа. Эндээ байрлаад зарим материалаа бас авдаг.

Бизнес ба урлагын ялгааг юу гэж боддог вэ?

Одоохондоо ашиг ольё гэсэн бодолгүй байгаа. Хүмүүст энэ "Gami" дажгүй шүү гэж хэлтэл нь танигдаж, чанартай зүйл бүтээхийг зорьж байна даа. Бизнес талаасаа гэж үзээд нийт олонд зориулсан хувцас нь бид хоёрт сонирхолгүй байдаг.

Өнгөний талаар? Өнгө гэж юу вэ?

Бид хоёр тод өнгөнд маш их дуртай. Хийж байгаа хувцаснаас амьдралыг харах өнгө харагдана гэж үздэг. Ер нь манай залуучууд маш бараан хувцасладаг. Тод өнгөтэй хувцас харагдвал гайхаж хараад л. Энэ үзэл бодлыг нь өөрчлөхийг л хүсч байна.

  

Хувцасны захиалга ирж байна уу?

Уг нь захиалга авахгүй гэж бодож байсан ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас бид хоёрт санал болгосон загвар таалагдвал захиалга авна.

Багтаа хүн нэмж авах бодол байгаа юу? Жишээ нь маркетинг, оёдолчин ч юм уу

Одоохондоо тийм бодолгүй байгаа. Ирээдүйд бол хүмүүс нэмнэ л дээ. Зурагчин, маркетингын менежер г.м

Хувцас хийхээс өөр хобби юу байна.

Их байгаа (инээв). Зураг зурна, ном уншина, кино үзнэ. Дизайнер хүн бол бүх талын мэдлэгтэй байх ёстой. Тийм учраас судалгаа сайн хийдэг энд тэндийн вэб сайт ухаад л мэдээлэл цуглуулдаг. Чөлөөт цаг гарвал мэдэхгүй зүйлээ мэдэх гээд л хичээдэг.

Монголоос хамгийн их таалагддаг дизайнер?

Цоломөнх мөн Овдогмид маш гоё санагддаг. Хувцасны материал нь сонирхолтой, гоё байдаг. 

Та хоёр шиг сургуулиа төгсөөд шинэ брэнд нээх хүсэлтэй залуусдаа юу гэж хэлэх вэ?

Сүүлийн үед хэн мөнгөтэй нь загвар гаргаад, шоу хийгээд байдаг болсон. Манай мэргэжил үнэгүйдэхэд хүргэж байна л даа. Бид ч мөн адил 4 жил сурчихаад өөрсдийгөө дизайнер гэх хэцүү. Гэхдээ одоо ерөнхий боловсорлын сургуулиа төгсөөгүй хүүхдүүд нэг коллекци гаргаад л алга болчихдог. Яг очоод үзэхээр оёдол нь муу, чанаргүй байдаг бөгөөд өөрсдийгөө таниагүй, түр зуурын сонирхлоор шийдсэн хэрэг. Ямарваа зүйлийг эхлэхдээ тууштай, түүндээ хайртай байх ёстой. Энэ бол хамгийн гол зарчим.

Facebook page:G A M I

Манай сайт таалагдсан бол лайк дараарай