ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрийн босгон дээр гишгэж болдоггүйн учир

    Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу? Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан. Босгыг гэр-улсын хил зааг гэдэг тул гишгэж бус алхаж гарахыг сургадаг. Иймд тухайн айл, туурга тусгаар улсыг хүндэтгэж босгон дээр гишгэдэггүй учиртай.
     
          Мөн монголчууд гэрийн хаалгыг урд зүгт харуулж барьдаг нь ёс заншил гэхээс илүү амьдралын ухаан, арга логик юм. Манай орон жилийн дөрвөн улиралд баруун хойноос салхилдаг тул бороо, шороо, цас, жавраас сэргийлж гэрийн хаалгыг салхины чиг дагуулан ингэж барьдаг ажээ.
     
    “ИХ ЗАСАГ” хуулийн үндсэн суурь болох тэнгэрийн хуулинд “гэр лүү орохдоо босгон дээр гишгэж болохгүй” гэсэн байдаг. ...Хэрвээ хэн нэг хүн удирдагчынхаа өргөөний үүд босгыг санаатайгаар гишгэсэн байвал алагдан шийтгэгдэх аюултай... гэх мэт гэрийн үүд хаалганы тухай дурдсан байна. Тиймээс Чингисийн үеэс одоог хүртэл гэрийн босгон дээр гишгиж, хаалга алдалж зогсохыг хориглодог.

    Гэрийн тухай нэмэлт мэдээлэл:

    Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг.XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.
    Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон.

    Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.Монгол гэрийн доторх горим ёсГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй