Товч мэдээ мэдээлэл
“PLAYTIME 2016” олон улсын амьд хөгжмийн наадамд 10 гаруй гадаадын хамтлаг оролцоно
2016 оны 6 сарын 15

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам 3 дахь жилдээ  энэ оны 6-р сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд болно.  Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж наадмын тухай мэдээлэл өглөө.

“Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж  Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж  байгаа юм байна. Мөн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж наадмыг зохион байгуулагчид хэллээ.

Playtime 2016 оны онцлох уран бүтээлчээр залуу уран бүтээлч У.Нарбаясгаланг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг тэмдэг болох Playtime орчин үеийн урлагийн инстоляцийг бүтээлгэж байгаа юм байна. Энэ жил Playtime 2016 наадам 3 хоног болох болсон мөн Монгол шилтгээн дэх автомашины зогсоол хомс байгаа тул хувийн тээврийн хэрэгсэлээс аль болох татгалзаж нийтийн тээвэр болон наадмын үнэгүй автобусаар зорчихыг наадамд хүрэлцэн ирэх амьд хөгжим сонирхогчиддоо уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт таалагдсан бол лайк дараарай