ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Бямбабаяр: Эх оронгүй хүнд гишгэх газар олдохгүй

    Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөгжмийн цөөхүүл, том хэмжээний симфони бүтээл туурвидаг Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын нэг. Туурвисан бүтээлүүд нь хөгжмийн зохиолчдын дунд зохиогддог “Алтан намар” хөгжмийн наадмаас “Оны шилдэг хөгжмийн зохиолч”-ийн шагнал удаа дараа хүртсэн, мөн “Морин хуур” наадамд гурвантаа тэргүүлж, найман удаа аман хүзүүдсэн. Түүнийг “Орхон түшээ мөрөн”, “Үегүй цавьдар”, “Эрийн сайхан хийморь”, “Гунигийн дуу”, “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Номин талст”-ын “Ээждээ өргөх дуу” зэрэг бүтээлээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр “Хязааргүй” моно операг туурвисан нь  “Гэгээн муза-2010” наадамд шилдгийн шилдгээр шалгарч, Гранпри шагнал хүртсэн билээ. Энэ жүжиг тэр үед хөгжимт драмын төрлийн бүх шагналыг хамсан нь  Монголын театрын урлагт анхны гэсэн тодотголыг авчирсан юм.

    Б.Бямбабаяр: Өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй. Уран бүтээл минь оргилж байна

    -Намрын налгар өдрүүд үргэлжилсээр. Уран бүтээлчид энэ цагт голдуу бүтээлээ туурвих дуртай байдаг даа?

    -Миний хамгийн дуртай улирал намар. Уран бүтээл минь энэ л цагт онгодоор хөглөгддөг юм. “Алтан намар” наадам 33 жилийн түүхтэй. Дэлхийд тоогдсон сайхан бүтээлтэй Монголын гайхалтай авьяастай хөгжмийн зохиолчид энэ наадмаас төрсөн. Энэ жил “Алтан намар” наадам болохгүй хойшиллоо. Улс орны эдийн засаг хямралтай  байгаа тул Засгийн Газар бүх яаманд чиглэл өгсөн байна. Урлагийн байгууллага хариуцсан яам наадмын шилдэг бүтээлд 50 сая төгрөг олгодог. Энэ удаа өгч чадахгүй учраас өнжиж байгаа. Улсын санд жил бүр шилдэг бүтээл худалдаж авдаг. Шилдэг бүтээлийн дараалал энэ жилээс алдагдах болсонд урлагийнхан сэтгэл гонсгор л байна. 2010 оны мэргэжлийн шилдэг хөгжмийн бүтээлийг худалдан авах жагсаалтад миний “Дэглий цагаан уул” бүтээл шалгарч байв. Энэ наадмыг төрийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд “Алтан намар" хөгжмийн наадмаас таван шагнал хүртсэн дээ. Дан хөгжмийн бүтээл, морин хуурын дөрвөл, найрал хөгжмийн концерт ч бий. ОХУ-ын Халимагт болсон Монгол туургатны наадамд ‘Монгол шатар" симфониор оролцсон. Уг бүтээл ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын холбооны “Хүндэт гишүүн” болгосон. Энэ нь Монголын хөгжмийн зохиолчдыг гадаадын уран бүтээлчидтэй  хамтарч ажиллах боломжтой болгосон гэсэн үг.  Тухайн үед Орос, Хятадын уран бүтээлчидтэй ярилцаж суухад “Танай улс хөгжмөө, хөгжмийн зохиолчдоо дэмждэггүй юм уу” гээд их гайхаж билээ. 

    -Та ямар бүтээл сойхоор зэхэж байсан бэ?

    -Надад бэлтгэж буй бүтээл бий, хойтон болтол хүлээх нь.

    -Үе үеийн уран бүтээлчид тантай нөхөрлөдөг. Тэдний уран бүтээлд ч таны нэр зүй ёсоор байдаг шүү дээ?

    -Миний уран бүтээлээс нийтэд түгсэн нь ховор. Голдуу “Морин хуур”, “Алтан намар” зэрэг урлагийн томоохон наадамд тоглогддог бүтээлүүд байдаг. Би нийтийн дууны бүтээл туурвидаггүй гэж худлаа хэлэхгүй. Тэднээс “Арвай хээрийн хавар”, “Хонхны нулимс”, “Гунигийн дуу”-г хүмүүс мэддэг. “Морин хуур” наадмаас хамгийн олон төрлөөр шагнал хүртсэндээ урамшдаг л юм.  Мэргэжлийн дуучдыг түшиж, тэднээр  дамжуулж, ардынхаа өв уламжлалыг  сонгодог урлагтай хослуулж хийсэн бүтээл надад нэлээд бий. 2002 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шүлэг “Эрхлэхийн заяатай хорвоо” бүтээлээрээ ”Морин хуур” наадмын тэргүүн шагналыг гурав дахь удаа хүртсэн. Энэ дууг ДБЭТ-ын дуучин Б.Эрдэнэтуяа, ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд нар дуулж, олны сонорт хүргэсэн. Д.Лувсаншарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж хэмээх Монголын алдартай хөгжмийн зохиолчидтой тайзан дээр уралдаж түрүүлсэндээ баярладаг. 2007 оноос Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах алба хаших болсон тул энэ наадамд дахиж оролцоогүй. Наадам дөхөхөөр өөрийн эрхгүй хорхой хүрнэ. Байгууллагын тэргүүн болчихоод залуучуудтай уралдаж шагналыг нь түүгээд байлтай биш. Уран бүтээлчийнхээ хувьд  оролцохгүй өнжихөөр сэтгэл дундуур үлддэг юм даа.

     -Хамгийн сүүлд ямар хүмүүстэй уулзаж, ямар сэдвээр яриа өрнүүлэв?

    -Сүүлийн үед найз нөхөдтэйгээ уулзахаараа эх орны тухай сэдвээр яриа өрнүүлдэг болсон. Миний уран бүтээлийн ихэнх нь эх орны тухай өгүүлсэн байдаг юм. Тиймээс бүтээлүүдээ нэгтгээд бүх тивийн хүмүүс сонсоход зориулсан DVD хэвлүүлэх гэж байгаа. Төрийн айчлал хийж Монголд ирсэн, эсвэл эх орныг маань үзэж сонирхохоор ирсэн жуулчин, гадны томоохон элч төлөөлөгчдөд бэлэглэж дурсгах зорилготой хэвлүүлэх юм. DVD маань монголын сайхан байгаль, түүх, өв соёлын бүтээлийг сурталчилж харуулсан зурагтай хэвлэгдэнэ. “Херо” энтертайнмэнтийн хамт олон энэ ажлыг хариуцан ажиллаж байгаа.

    Сэтгэлийг нь хүнийх байлгахгүйн тулд бүүвэйн дуугаар хөглөе гэж бодсон

     -Таныг “Монгол хүний ургийн боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа тухай сонслоо. Энэ төсөлдөө юун тухай тусгасанаа сонирхуулж яриач?  

    -Манайхан орчин үеийн гэж их туйлширдаг. Модерн, авангард, сонгодог  нь мэдэгдэхгүй дуу, бүжиг хийчихээд нэг их том бүтээл туурвичихсан юм шиг ярих юм. Радио, телевизээр нэвтрүүлж буй уран бүтээлийн 90 хувь гадаадынх. Урлаг үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Урлагаа олигтой хөгжүүлж чадахгүй бол улс, орон мөхлийн ирмэгт ирдэг гашуун түүх бий. Өнөөгийн залуусын сэтгэлгээ солонгосчуудынхтай адил болж байна. Энэ нь цаагуураа Монголын ирээдүйг чимээгүй мөхөөх харанга дэлдээд эхэллээ гэсэн үг. Монгол цус судсаар минь гүйж байгаа цагт үндэснийхээ өв соёл, нүүдэлчний угсааг хадгалж үлдэхийн тулд би урлагийнхантайгаа хамтраад “Монгол хүний ургийн боловсрол” төсөл хэрэгжүүлж, бүүвэйн дуу хийж буй. Монголынхоо хойч ирээдүй болсон хүүхдүүдийг эхийнхээ хэвлийд ураг байх үеэс эхэлж бүүвэйн дуу сонсгож, монгол хүмүүжлээр хүмүүжүүлж, эх орноо хайрлах сэтгэлгээг сэтгэлд нь багаас нь бий болгох зорилготой юм. Бүүвэйн дуугаар дамжуулж хүмүүст ухаарал, сэхээрэл өгөх хэрэгтэй байна. Сэтгэлийг нь хүнийх байлгахгүйн тулд бүүвэйн дуугаар хөглөе гэж бодсон.Улс үндэстний бахархал хүүхдийн хүмүүжил бүүвэйн дуу, бичиг соёл дээр тогтдог. Бид үүнийг ажил хэрэг болгож чадвал 20 жилийн дараа Монгол хүн гэж бардам ярьж чадна. Энэ төслийг хэрэгжүүлэх юмсан гэж олон жил бодсон, олон ч хүнтэй зөвлөлдлөө.               

    -Монголд ололтой сайшаамаар нэг зүйл  бий болж л байна. Саяхан “Монгол уран бүтээл хөтөлбөр” батлагдлаа?

    -Тийм ээ. Энэ хөтөлбөр Монголын ард түмнийг харийн, хүний сэтгэлгээнээс аврах аврал гэж ойлгож болно. Радио телевизээр эгшиглэж буй хөгжмийн 60 хувийг монгол хөгжим болгох ёстой. Мэдээ, кино гарах үеэр гадаад аялгуу эгшиглэдэг. Сэтгүүлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгийн ард мөн л гадаад хөгжис явж байх жишээтэй. Урлаг хүчтэй, нөлөөлөх хүрээ нь өргөн. Тиймээс хүүхдүүдийн компьютер, гар утсаараа тоглоод байгаа тоглоом, үлгэр, хөгжмийг монгол болгох хэрэгтэй цаг иржээ.

    -Эх орон гэж ярьдаг хэрнээ хэрхэн хайрлаж, хамгаалахаа залуус нэг л сайн ойлгохгүй байх шиг ээ?

    -Эх орноо хайрлах үзэл ардын зүйр цэцэн үгэнд байдаг. Өвгөд минь эх нутаг, элгэн саднаа хайрлах үзлийг захиж сургамжлахдаа цөөн үгэнд багтааж хэлсэн нь гайхамшигтай. Залуус эх орноо хайрлах гэдгийг дайн самуун болоход буу шийдэм барьж хамгаалах гэдэг утгаар төсөөлж ойлгох юм. Эх орон энгийн зүйлээс эхэлдэг, энгийн зүйлийг хайрлахаас эх нутгаа хамгаалах үзэл бий болдог гэдгийг нэг л сайн ойлгохгүй байна. Аргагүй шүү дээ харж үзэж байгаа бүх зүйл нь харийнх болохоор тийм л сэтгэлгээгээр сэтгэнэ шүү дээ.  

    -Сүүлийн үед та тайзны бүтээлд хүч сорих болжээ. Дуурийн бүтээл туурвих танд илүү ойр байдаг юм шиг санагддаг?

    -Тийм ээ, тайзны томоохон бүтээлүүд рүү ханцуй шамлаж байгаа. Өнгөрсөн жил “Гэгээн Муза” наадмаас “Хязгааргүй” моно оперийн бүтээлээр хоёр дахь удаагаа шагнал гардлаа. Өмнө нь Б.Лхагвасүрэн гуайн зохиол, Н.Найрандоржийн найруулсан “Сарны цагаан цус” жүжгийн хөгжмөөр хүрсэн. Би өөрийгөө дуугаар жигүүрлэсэн хүн гэж боддог. Одоогоор хоёр ч дуулалт жүжгийн хөгжим бичих санал ирсэн. Яг одоо Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт , Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуайн цомнолоор “Бадарчин ба ардчилал” балетын хөгжим бичиж байна. Ирэх жил үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн. Аливаа нэг үйл явдал нийгмийн хувьсал, хувьсгал, уур амьсгал сонгодог бүтээлд үлдэх ёстой. Тухайлбал, ардын хувьсгалын дараахан  Д.Лувсаншарав гуай “Шивээ хиагт” дуурийн хөгжим туурвисан байдаг. Үүн шиг ардчиллын тухай өгүүлсэн сэдэвтэй монгол балет хийхээр зорьж, сэтгэл шулуудсан.

    -Таныг дуу, хөгжим рүү анх уруу татсан хүн нь хэн бол гэдэг бодол хааяа төрдөг л юм?

    -Би урлагтай 50 гаруй жил амьдралаа холбож яваа. Намайг өссөн орчин маань урлагтай холбосон. Ээжийнхээ хэвлийд ураг байх үеэс урлагтай салшгүй нөхөрлөлөө. Намайг бага байхад манайх Өвөрхангай аймгийн Соёлын ордны хажууд байдаг байсан. Бага байхдаа ээжийнхээ ажил дээр өнжиж, соёлын ордны уран бүтээлчдийн дуулж хөгжимдөхийг сонсож, тоглосон жүжгийг нь үзэж өссөн. Урлагийн хүний амьдрал хэрхэн буцалж, яаж өрнөдгийг багаасаа харж, мэдэрч өссөн. Тийм байх үеэсээ л би урлагт завгүй зүтгэсэн хүн шүү дээ.

    -Ээж тань уран бүтээлч болоход нөлөөлсөн юм биш үү. Харин та аавыгаа ямар хүн байсан тухай төдийлэн ярихгүй юм?

    -Би хүүхэд насаа Өвөрхангайн Хужиртад Онгийн голын хөвөөнд өнгөрүүлсөн. Манай аав нутаг усандаа алдартай албан хаагч байсан. Яруу найрагч Ц.Гайтав гуайтай Санхүүгийн сургуульд хамт сурч байсан гэдэг. Аав маань хийж байгаа ажилдаа үнэнч ханддаг байсан. Намайг төрөх жил Соёлын  хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан юм билээ. Аав зан чанарын хувьд энгийн эвсэг зантай, хүмүүстэй ойр дотно байж, энд тэндхийн ажлыг сайжруулж ажиллахаар уригддаг байв. Аав маань магтаалын үгэнд харам хүн байсан. Биднийг нүүрэн дээр минь магтаж ярихгүй. Миний хийсэн “Эрийн сайхан хийморь” дуу олонд түгээд гурван жил болж байтал аав нэг өдөр “Миний хүү ч нас ахиж, эрийн сайхан хийморь дуу ч өтөлж” гэж ёжтой хэлж билээ. Цаагуураа бол “Шинэ дуу гараад яагаад хүнд хүрэхгүй байна вэ” гэсэн утгаар хэлсэн үг л дээ. Аав, ээж биднийг үглэж зэмлэхээс илүү үйл хөдлөлөөрөө үлгэрлэдэг байсан.

    -Хүүхдүүдээс тань уран бүтээлч төрөх нь үү?

    -Манай охин шүлэг бичдэг л юм, яруу найрагч болох эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хүү минь багаасаа урлагийн мэдрэмжтэй өссөн. Даанч урлагаар замнасангүй, өөр мэргэжил сонгохоор гадаадад комьютер график, программист дизайн мэргэжлээр суралцдаг. Урлагаар явсан бол юм дуулгаж мэдэхээр байсан даа гэж боддог юм.

    -Телевизээр юу сонирхож үздэг вэ?                                    

    -Монголд ямар асуудал өрнөж байгааг мэдэхээр мэдээ үздэг. Би кино үзэж цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй. Зав ч гардаггүй. Гэхдээ өөрийгөө хөгширч байна гэж хэзээ ч боддоггүй. Учир нь миний уран бүтээл цэл залуугаараа оргилж байна.    

    Бид тэр гашуун түүх рүү дөхөж явна уу даа гэх харуусал төрсөн

    -Гэртээ тухтай амардаг өдөр танд ховор гардаг байх аа. Найзууд тань таныг ажлынхаа өрөөнд голдуу өнждөг гэж ярих юм билээ?

    -Хөгжмийн ард үргэлж сууна гэж юу байхав. Хааяа хөдөө явж амрангаа уран бүтээлийнхээ санааг олдог. Би хэд хоноод л хөгжмөө өөрийн эрхгүй санаад эхэлдэг. Тийм үедээ ажлынхаа өрөө рүү ямар их яардаг гээч. Өрөөндөө тухалж, хөгжмийнхөө аягууг сонсох гэж тэр. Өнгөрсөн зун Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ойн баяр болсон. Аавын минь төрсөн нутаг л даа. Хүмүүс намайг хоёр нутагтан гэж ярьдаг л юм. Уран бүтээл дэлхийн хэмжээнд яригддаг болохоос биш жалга довны үзэл байх ёсгүй. Их зохиолч Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ “... Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” гэж хэлсэн байдаг. Уран бүтээлч хүн эх орноо хайрлаж хамгаалах сэтгэлтэй байж бүтээл туурвидаг. Тэр туурвисан бүтээлээ олонд хүргэж, түүгээрээ дамжуулж эх оронч үзлээ илэрхийлдэг юм. Би арван жилийн, ангийн, унаган багын, уран бүтээлч, улс төрч гээд найз нөхдийн хүрээлэл өргөнтэй. Яруу найраг бичдэг нь шүлгээ барьж ирээд дуу хийлгэдэг. Хүнтэй нээлттэй, эвсэг нөхөрлөж явах сайхан. Хүнд найз нөхөд, гэр бүл, хамт олноос илүү эрхэм зүйл байдаггүй. Уран бүтээл бол хүмүүстэй ярилцаж, зөвлөлдөж байж хийдэг зүйл. Түүнээс биш өрөөндөө суучихаад өдөржин хөгжим дуугаргаж өнжихийг хэлдэггүй.

    -Уран бүтээлч хүмүүс хаана ч явсан аливаа зүйлийг соргог олж харж бүтээлдээ тусгадаг. Хөдөөгийн амьдралаас юуг их мэдэрсэн бэ?

    -Өнгөрсөн зун нүүдэлчдийн өвөрмөц өв соёл, уламжилж ирсэн ёс заншил өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгааг хараад сэтгэл эмзэглэсэн. Хөдөөгийн залуус морио унахаа больж, малаа мотоциклиор хариулдаг болжээ. Морио унахаа болохоор монгол заншил мартагдаж, үндэсний сэтгэлгээгээ мөхөж байна гэсэн үг. Энэ бол харуусмаар эмгэнэл. Нүүдлийн ахуй соёлыг хадгалсан ард түмэн гэж гайхуулж чадахгүйд хүрч байна. Аливаа улс өв соёл, зан заншил, үндэсний сэтгэлгээнээсээ холдвол мөхдөг гэдэг. Дэлхийд ингэж мөхсөн улс олон бий. Өнөө цагийн хөдөөгийн амьдралыг хараад бид тэр гашуун түүх рүү дөхөж явна уу даа гэх харуусал төрсөн. Ямарваа зүйл устаж, уусаж алга болохдоо амархан, харин хайрлан, хамгаалж, бусдын нөлөөнд автахгүй авч үлдэх хэцүү. Бидэнд өв соёлоо хамгаалж үлдэх цаг иржээ гэдгийг мэдэрсэн. Эх орон, үндэсний сэтгэлгээ, өв соёлгүй хоцорвол өнчирснөөс ялгаагүй. Эх оронгүй хүнд гишгэх газар олдохгүй шүү дээ.

    Хайран сайхан эх орон минь гэж халаглаж үлдэхгүйн тулд бид өв соёл, түүх дурсгал, байгальд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна.

    Хайран эх орон минь гэж халаглаж үлдэхгүйн тулд бид өв соёл, түүх дурсгалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ

    -Монгол хүнээ Монгол чигээр нь авч үлдэхийн тулд бид яах ётой вэ?

    -Залуучууд хүүхдүүдээ гадаад хэл сургах гэж битгий яараасай. Төрөлх хэлээ төгс эзэмшээгүй байж харийн хэлийг эх хэл шигээ сурна гэж байхгүй. Улс үндэстний үнэ цэнэ хэл, хил, түүх соёл дээр оршин тогтдог. Монгол хүнээ Монгол чигээр нь авч үлдэхийн тулд бид үндэснийхээ гэсэн бүхэнтэй ойр байх ёстой. Үлгэр туульс, ардын аман зохиол, дуу хөгжим, нутаг нутгийн ёс заншил тэр чигээрээ Монголчуудын харийнхнаас харамлах хамгийн үнэ цэнэтэй зүйл. Хойшид хайран сайхан эх орон минь гэж халаглаж үлдэхгүйн тулд бид өв соёл, түүх дурсгал, байгальд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна. Хэлж ярих бус хийж хэрэгжүүлмээр байна. Монголд би гэж ярьдаг, би гэж цээжээ дэлддэг хүн олон болсон. Монголчуудад уг нь ийм зантай байгаагүй. Бага ярьж, их сонсож, ярихаасаа илүү хэрэгжүүлдэг улс. Нийгэм бухимдалтай хөгжил буурай орны иргэд хошин урлаг руу хошуурдаг. Өнөөдөр бид яг ийм байна.

    -Монголыг 10 жилийн дараа гээд төсөөл дөө?

    -Энэ чигээрээ байвал  хөгжихгүй, бахь байдгаараа л байна.  Дээр өгүүлсэн  төслийг дэмжээд, бас хэрэгжүүлээд эхэлвэл бид үндэс угсаагаа цэвэр авч үлдээд хөгжиж чадна. Цэцэрлэгийн хүүхэд “Миний жолоочийг дууд” гэж ярьж байна. Нийгмийн харилцаа, аав ээжийнх нь үзэл бодол, ярьж хэлж байгаа зүйл, харж үзэж байгаа бүх зүйл нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Хүүхэд ийм сэтгэлгээтэй, ингэж ярьж байгаа цагт эх орны ирээдүй ямар байхыг ярих бүрхэг байна. Хамгийн гол нь хүүхдийн хөгжмийн боловсролд үндэсний урлаг алга болчихсон нь том айдас. Хүүхдийн төлөвших нас бол сургуулийн өмнөх нас. Гэтэл энэ насанд нь сургаж байгаа хөтөлбөрт ямар ч үндэсний гэх зүйл алга. Манайхан дөнгөж төлөвших насанд нь Англи, Хятад, Орос гээд гадаад сургуулиудад өгдөг. Энэ нь хүүхдийг Монгол бус  хүмүүжлээр төлөвшүүлж байна.

    -“Гунигийн дуу”-г гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Д.Сосорбарам бас С.Цэрэнчимэд агсан дуулсан байдаг. Ингэхэд та энэ дууг хэнд нь эхэлж аялгууг нь хийж өгсөн бэ?

    -Яруу найрагч Р.Чойном, Н.Төмөрхуяг хоёр Хэнтийнх. Тэд насаар хол зөрүү ч уран бүтээлээр салшгүй холбоотой. Н.Төмөрхуяг 1989 онд  “Би түүнийг нас барахынх нь өмнө бичсэн 10 бадаг шүлгээс дөрвийг нь авсан юм” гээд надад “Чи энэ шүлгэнд нэг сайхан аялгуу хийгээч” гээд өгсөн. “Гунигийн дуу” ингэж төрсөн түүхтэй. Тэр даруйдаа л олонд түгсэн дээ. Энэ дууг эхлээд Н.Төмөрхуяг, дараа нь С.Цэрэнчимэд агсан дуулсан. Сүүлд гавьяат жүжигчин Д.Сосорбарам дууллаа. Тэр үед Төмөрөө бид хоёр залуу ч байж  бор дарсыг ч багагүй балгаж ч явсан. Хүн алдаж, онож болно. Гэхдээ одоо хэн байгаа нь чухал. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүнээр томилогдсоноос хойш бор дарснаас татгалзсан. Зүтгэснийхээ хүчинд хэдэн нотноос өөр өмчгүй ч хийсэн зүйлтэй, хэний ч өмнө бардам зогсох бүтээлтэй болсон гэж боддог.

                                                                                           Г.Батцэцэг

     

     

    .

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй