ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спортын мастер Ш.Даваадорж: 2018 оны өвлийн олимпоос медаль авахыг зорьж байна

    Украин улсад 5-р сарын 6-9-нд үргэлжилсэн усанд сэлэлтийн Украины Мастерсын нээлттэй тэмцээнд Монгол улсаас бодибилдингийн спортын мастер, өвлийн усанд сэлэлтийн тамирчин Ш.Даваадорж оролцож нэг дор долоон алтан медаль хүртжээ. Энэ тэмцээнд Латви, Литви, Эстон, Беларусь, ОХУ-ын тамирчид оролцсон байна. Ш.Даваадорж 50 болон 100 метрийн ар, өврөөр даллах, мэлхий сэлэлт, 50 метрийн дельфин сэлэлтийн төрөлд нийт долоон алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгалаа. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчнаа манай сэтгүүлчид Монголын Майкл Фелпс хэмээн хүндэтгэж байна. Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс 2004, 2008, 2012 оны олимпийн наадмуудад оролцож нийт 22 медаль хүртсэн билээ.

    Олон улсын  нэр хүндтэй тэмцээнд оролцож, долоон алтан медаль хүртсэнд тань юун түрүүнд баяр хүргэе ээ. Украйн улсад цаг тайван байв уу? Тэмцээний сонин сайхнаас хуваалцана уу?

    За баярлалаа. Украины Мастерсын тэмцээнд Латви, Литви, Эстон, Беларусь, Оросын нас насны тамирчид ирж оролцлоо. Энэ жил Украин улсад цаг төрийн байдал хурцадмал байгаа учраас хил залгаа зургаан улсын тамирчид өмнөх жилүүдтэй адил ирж оролцоогүй.  Мастерсын тэмцээн дөрвөн  нас бүрээр ангилал тогтоодог.  Хорин наснаас эхэлж, хамгийн дээд тал нь 100,104 насны ангилалтай. Сая болсон тэмцээнд хамгийн ахмад нь 92 настай хүн ирж оролцлоо. Миний хувьд 45-49 насанд нь оролцдог. Насны ангилал надад давуу тал болсон. Усан спортоор нийтдээ 33 жил, бодибилдингийн спортоор хичээллээд 27 жил болж байна.  “Монголын Мистер” тэмцээнд 1990-1995  онд оролцож, жиндээ гурван удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль , нэг удаа багаараа алтан медаль авсан. Усан спортоор дэлхийн хэмжээнд амжилт үзүүлэх боломжтой гэсэн үүднээс 2014 оноос хичээллэсэн. Хоёр жилийн хугацаанд сэлэлтийн бүх төрлөөсөө нийт 2-8 секунд хасч чадлаа. Насны ангилалдаа дэлхийн аварга болохын тулд дахиад дөрвөн секунд хасах шаардлагатай байгаа. 2020 он хүртэл хичээвэл би чадна шүү дээ.

    Дөрвөн жил хөдөлмөрлөж байж дөрвөн секунд хасах юм байна. 

    Тийм ээ. Ойрын зорилго бол 2017 оны 7-р сард  болох Будапештын мастерсын насанд хүрэгчдийн ДАШТ-ийн финалд үлдэх, 2018 оны 3-р сард Эстон улсад болон Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс  медаль авах. Энэ тэмцээний үеэр өвлийн усанд сэлэлтийг Олимпийн нэг төрөл болвол тэр жилийнхээ 12-р сард Олимпийн наадмаас медаль авах зорилготой. Яг одоогоор шийд нь гараагүй байгаа ч Олимпийн төрөл болох магадлал өндөр байгаа. Энэ хугацаанд бэлтгэл тасрахгүй бол 2020, 2022 оны ДАШТ, Олимпийн наадмаас медаль хүртэх боломж гарна. Гэхдээ өвлийн сэлэлт хэцүү. Далайн мөстэй хасах хоёроос 14 хэмийн хүйтэн усанд уралддаг болохоор тэсвэр хатуужил их шаардана. Одоогоор Монголоос надаас өөр энэ тэмцээнд бэлдэж байгаа тамирчин байхгүй.Рейтингээрээ аваад үзвэл 2014 оны Канадын тэмцээнд 192 хүнээс  38-д, Казаны ДАШТ-д эхний  20 байрт орж  байсан. Би байнга бэлтгэл хийж байгаа учраас амжилт ингэж ахиж байгаа юм. 

    Өвлийн усанд сэлэлтийн тухай би өмнө нь сонсож байсангүй. Өвлийн усанд сэлэлтийн холбоонд хэчнээн сэлэгч хамаарагдаж байна вэ?

    Монголд “Өвлийн усанд сэлэлтийн холбоо” байгуулагдаж захирлаар нь “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал М.Идэр, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус компанийн аюулгүй байдлын албаны дарга Б.Булган , ерөнхий нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байна. Энэ байгууллага маань Украины тэмцээнд оролцоход спонсорлож тусалсан. Тамирчин гэдэг зардал өндөртэй ажил. Хоол хүнсэнд гэхэд л сардаа 600-800 мянгыг зарцуулдаг. Өнгөрсөн 10-р сарын 17-19-нд Оросын Твери мужийн нэрэмжит 16 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд  “Номин констракшн” компанийн захирал Б.Хүрэлхүү, “Баялаг Жонш” компанийн захирал н.Хурцбилэг нар дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлсэн дээ.

    Та цаашид олон тэмцээнд оролцох зорилт тавьсан байна. Энэ зорилтоо биелүүлэхэд мэдээж санхүүгийн дэмжлэг шаардлагатай.  Спонсор байгууллагууд гарч ирвэл танд оролцохоор төлөвлөсөн үүнээс ч олон тэмцээн байгаа байх.

    Тэгэлгүй яахав. Өнгөрсөн тэмцээнүүдэд зөвхөн таньдаг хүмүүсээсээ туслалцаа авч явсан. Ер нь байгууллагуудад хандаж үзээгүй явна. Ийм хямралын үед бусдад май гээд мөнгө өгөхөд хэцүү л байх. Ирэх 8-р сард гэхэд л АНУ-ын Миссисипи мужийн мастерсын тэмцээн, 10-р сард Сингапурт,  2017 оны 2-р сард Финланд улсын өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аварга, 4-р сард Шинэ Зеланд улсад Мастерсын их наадам, 9-р сард нь Японы Мастерсын нээлттэй тэмцээн  гэхчилэн олон тэмцээн байгаа. Шинэ Зеландад болох тэмцээний хувьд 100 гаруй улс орны 25 мянган тамирчин оролцоно, дөрвөн жилд нэг удаа л болдог бага Олимпын дайтай тэмцээн.  Мэдээж оролцох боломж гарвал амжилт гаргана гээд хичээнэ шүү дээ. 

    Манай улсад усан спортоор хичээллэхэд нөөц бололцоо тааруу л гэдэг. Гэтэл та тааруу нөхцөлд 33 жил тасралтгүй хичээллэж өндөр амжилт үзүүлсэн байна. Ер нь ганц монгол хүн биш олон монгол амжилт гаргах боломж бий юу?

    Тийм ээ. Сүүлийн жилүүдэд  дүүрэг бүрт усан спортын  төв байгуулагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд л Хан-Уул дүүрэгт  байгуулагдсан. Энэ бол хөгжих боломж. Нийтийг хамарсан боломж нээгдэж байна. Улаанбаатарт 50 метрийн нэг, 25 метрийн 10 гаруй нийт 30 шахам бассейн байна. Хүүхэд залуучууд энэ төвүүдэд хичээллэж байгаа боловч хүүхдийн суурийг бага насанд нь тавьж өгөх сайн байдаг. Арван нас хүрчихсэн хүүхдүүдийн боломж нь багассан байдаг.

    Ер нь хэдэн наснаасаа хичээллэвэл сайн байдаг вэ?

    Гадаадын орнуудын жишгийг харахад дөрвөн наснаас нь сонгож авдаг. Зургаан  настайдаа улсынхаа шигшээ багийн тамирчнаар хичээллэж эхэлдэг. Тэгээд л 14,15 настайдаа олимпийн аварга болж байна.

    Та бодибилдингийн спортоор 30 шахам жил хичээллэсэн байна. Усан спортоор амжилт гаргахад биеийн хөгжил давуу тал болдог байх?

    Усан спортод дан ганц сэлэлтээр амжилт гаргахгүй л дээ. Хүчний бэлтгэл зайлшгүй хийж байж усанд  хурдан хүчтэй сэлнэ. Хоол, хүчний бэлтгэл, сэлэлт бас амралт нийлж байж амжилт гарна. Энэ бүгдийн аль нэг байхгүй бол амжилт гарахгүй.

    Тэгэхээр та энэ олон тэмцээнээс тэмцээний хооронд хангалттай амрах бас чухал юм байна. 

    Тэмцээний тухайн жилийн бэлтгэл ямар байх, ямар тэмцээнд орох гэж байна гэдгээс шалтгаалж, макро, микро циклүүд нь гарч ирнэ. Хэдийд нь хүндийн хүчний дасгалаа багасгах вэ гэдэг  эндээс шалтгаална. Усны спортын тамирчдыг дотор нь ойрын, дундын, холын зайн гэж хуваадаг. Үүнээсээ шалтгаалаад бэлтгэл нь өөр байдаг. Миний хувьд ойрын зайн тамирчин. 27 жил бодибилдингээр хичээллэж, биед маань нэгэнт дадал болчихсон учир булчингууд эцэж цуцаад байдаггүй. Одоо бүр сайжрахын тулд үсрэлт дээрээ ажиллах, техникүүдээ засах гээд хийх зүйлс олон байна. Энэ бүгд нүдэн дээр харагдаж байгаа учир засах боломжтой юм. Надад анх 1983 онд Орос багш нар усанд сэлэлтийг зааж байсан. 33 жилийн өмнөх тэр үеийн техникүүд ер нь хоцрогдчихоод байна. Одоо бол интернет хөгжчихсөн, facebook, youtube байгаа учраас хараад харьцуулаад өөртэйгөө ажиллахад үр дүн гарч байгаа юм. Би дасгал хийж байхдаа камераар бичиж аваад дэлхийн шилдгүүдийн бичлэгтэй харьцуулж, маш их уншиж судалдаг. Энэ боломжийг хүн бүр ашиглахад нээлттэй шүү дээ.

    Хэдэн жилийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын тамирчид Монголын чөлөөт бөхийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр зорьж ирж байсан. Манай чөлөөтийнхөн дэлхийд чамгүй амжилт гаргадаг болохоор туршлага судалж байгаа нь тэр. Яг үүн шиг танд усанд сэлэлтээр тэр оронд очиж туршлага судлах юмсан гэдэг бодол байдаг уу?

    Гадаадын туршлагаас суралцах зүйл их. Ний нуугүй хэлэхэд манай улсад хүүхдүүдийг багаас нь бэлдээд 14,15 нас хүрэхэд нь дэлхийн хэмжээнд бэлтгэх туршлага дутмаг. Өмнөх жилүүдэд хүчний бэлтгэл гэдэг юмыг хийдэггүй байж байгаад саяхнаас л хийж эхэлж байна. Бас хоолны талаар ямар нэгэн судалгаа байхгүй, шууд л бантан, гурилтай шөлөө иддэг. Хүүхдүүд мантуун бууз, хуушуур идчихээд бэлтгэл хийгээд байдаг. Ингэж болохгүй шүү дээ.

    Тэгвэл багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд ямар ажлууд хийвэл зохих вэ?

    Сүүлийн хоёр жил багш, дасгалжуулагчид нэг, хоёр, гуравдугаар төвшний сургалтуудад хамрагдаад хэрэгцээтэй мэдээллээ авч байгаа л даа. Тийм болохоор аажимдаа хөгжинө. Бас насанд хүрээд олон улсад амжилт гаргаж чадахгүй байгаа нь арван жил, их дээд сургууль гээд тамирчид цаг зав  хомс, дундаас нь хаях гэх мэт шалтгаанууд их байна. Ийм учраас залгамж халаа алдагдаж байна. Гэхдээ бид мастерс ангиллаараа өмнө нь хичээллэж байсан хүмүүсээ цуглуулаад эхэлбэл болохгүй зүйл байхгүй. Дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд нас насны ангиллаараа амжилт гаргах боломжтой.

    Оюутан тамирчдыг хичээлийнх нь хажуугаар бэлтгэл хийлгэдэг сургалтын тогтолцоотой болох, багш нарыг сайн сургах зэрэг олон ажил хийх  шаардлагатай гэж ойлголоо. Тэгвэл усан спортоор тасралтгүй хичээллэвэл ямар ач холбогдолтой вэ? Яагаад хүн бүр сэлж сурах ёстой байдаг юм бол?

    Гадаадын сургуулиуд бүгд өөрийн спорт клубүүдтэй. Нэг , хоёрдугаар ангиас нь долоо хоногт 1-2 удаа усанд сэлэлтийн хичээлийг явуулдаг. Тэгээд цаашдаа сэлэх сонирхолтой хүүхдүүдийг шигшээ багтаа авч сургадаг. Сая Украинд тэмцээн болсон бассейнд Украины олимпын нөөцийн тамирчид бэлтгэл хийж байсан. Дөрвөөс зургаан насны 60 гаруй хүүхэд байсан. Тэгж л бэлдэж байна. Манай улсад тийм нөөц байдаггүй. Багаасаа ингэж усан спортоор хичээллэвэл илүүдэл жинтэй болохгүй. Таргалахаас сэргийлснээр өвдөг, шагай өвдөхгүй. Нас ахиад ирэхээр хулуудах өвчин тусахгүй. Тарган хүмүүсийн бүдүүн нарийн гэдэс өвчилсөн байдгаас үүдэж олон өвчний эх үүсвэр тавигддаг. Мөн цусны даралт ихсэх гэж бие даасан өвчин үүсдэг. Тарган байснаас нурууны дискнүүд сууж эхэлдэг. Хаана яаж суусан бэ гэдгээс шалтгаалаад таван цул эрхтнүүд өвчилж эхэлдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлээд дасгал хөдөлгөөн хийгээд байвал 70 нас хүрсэн ч эрүүл саруул, нуруу бөгтийхгүй байж болно. Жишээлбэл миний үеийнхэн таргалалт ихтэй, том том гэдэстэй хүмүүс байна. Дээрээс нь архи ууж байна. Үүнээс болоод харвалт өгч байна. Энэ чинь өөрөө зовлонтой шүү дээ. Хүн болж төрснийх үр хүүхдэдээ дараа болохгүй байх хэрэгтэй. Би иймэрхүү зүйлд дургүй. 80 хүрээд зодог тайлна гэсэн бодолтой байгаа. Миний зорилго бол 2018 оны өвлийн олимпоос медаль авах, 2019 оны Мастерсийн ДАШТ-ээс медаль авах. Хэрвээ чадахгүй бол 2021 оных наадамд орох боломж байгаа юм. Гэхдээ усанд сэлэлт миний хобби гэдгийг хэлэх хэрэгтэй.

    Та усанд сэлэлтийн тамирчин хүн учраас гэр бүл, үр хүүхэд чинь ч бас энэ спортод дуртай байх?

    Би гурван хүүхэд, хоёр ач хүү, хоёр зээ охинтой. Миний том охин анх есөн сартайдаа, бага охин маань 11 сартайдаа бассейнд орж байсан. Одоо зээ охин маань ч бас бассейнд ордог.

    Та 80 насандаа зодог тайлна гэлээ. Тэр болтол хэдэн шижигнэсэн шавь бэлдэж амжина  даа.

    Надад одоогоор шавь байхгүй. Эхлээд өөрөө өндөр амжилт гаргах бодолтой байна. Гэхдээ усан спорт сонирхогч хүмүүст хоолны зөвлөгөө, хүчний бэлтгэлийн програмуудыг заадаг.

    Та өөрөө өөрийгөө дасгалжуулж Украины нээлттэй тэмцээнээс долоон алтан медаль авч иржээ. Та бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?

    Баянгол дүүргийн усан спортын төвд өглөөний цагаар 05-08 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг. 08-11 цагийн хооронд багшилдаг. Үдээс хойш бас фитнесийн багш хийдэг.

    Уг нь миний мэргэжил бол эрх зүйч хуульч, олон улсын аюулгүй байдлын мэргэжилтэн. Би 1988 онд ЗХУ-д Цахилгааны сургууль, 1997 онд Биеийн тамирын дээд сургууль, 2006 онд Хуулийн сургууль, 2013 онд Новосибирскийн ОУ-ын Харилцааны их сургуулийг аюулгүй байдлын чиглэлээр, Москвад ОУ-ын харилцааны сургуульд магистр хамгаалсан. Төрийн тусгай хамгаалалтын газарт багш, хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан. 

    Таны мэргэжил ч бас биеийн өв тэгш байдал, олон төрлийн чадвар шаарддаг юм байна шүү дээ.

    Тийм ээ. Би бас хооллолтын талаар зөвлөгөө өгдөг. Миний сурсан мэргэжил маань үүнтэй холбоотой. Аюулгүй байдлын зөвлөх учраас. Ерөнхийдөө сонирхсон юмандаа лавшраад л яваад байгаа. Жишээлэхэд тураах эм цай хэрэглээд л гэдсээ цэвэрлээд 5,6 кг хаслаа гэдэг хүмүүс байдаг. Энэ нь механикаар нарийн бүдүүн гэдсийг гүйлгүүлж, цэвэрлээд байгаа юм. Ингэснээрээ гэдсийг өнгөргүй болтол нь туулгадаг болохоос өөхөнд ямар нэгэн нөлөө байдаггүй. Үүнд зүгээр л фитнесийн дасгал хийх ёстой. Яг хаагуураа таргалаад байна, түүндээ зориулалтын дасгал хийх ёстой. Хүн бүр давтагдашгүй байдаг болохоор өөртөө таарсан дасгалаа л зөв олж хийх хэрэгтэй. Аэробик, бодибилдингээр анх хичээллэж байхад ачаалал даах чадвартай хүн мөн үү? Ямар хоолны дэглэм барих ёстой вэ? гэх зэргийг тогтооход хэцүү байдаг учраас тусгай хөтөлбөр гаргахад хэсэгхэн хугацаа шаарддаг. Эм тан болон тураах бэлдмэлүүд хэрэглэхээр сар, сар хагасын дараа буцаад илүү их жин нөөцөлдөг.

    Аливаа спортод амжилт гаргахад багш, дасгалжуулагчаас гадна тамирчин хүний хичээл зүтгэл, шинийг судалж, мэдэх хүсэл их нөлөөлдөг юм шиг санагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

    Тийм. Өөрөө сайн судлахгүй бол үр дүн муу гарна. Хүмүүс залхуурахгүйгээр долоо хоногт 2-3 удаа 30 минутын зав гаргахад үр дүн гарна. Зорьсон зорилгынхоо төлөө сайн зүтгэх хэрэгтэй. Жишээ нь би гэхэд өглөө 04 цаг 30 минут, 05 цаг гээд л бэлтгэлээ эхэлдэг. Долоо хоногийн зургаан өдөр усандаа сэлнэ. Бага үдийн 11 цагийн үед хоолоо идчихээд, үдээс хойш фитнесийхаа багшийн ажлыг хийгээд орой 9 цаг гээд гэртээ ирдэг. Би машинаа саяхан зарсан. Яагаад вэ гэхээр төв замаар автобусанд явж байхдаа 30 минут гаран нойроо авдаг болохоор. Ийм байсан ч би 7 хоногт 6 удаа усандаа сэлж байна,4 удаа төмөр өргөж байна, нэг удаа дугуй унаж, 2 удаа гүйж байна. Харин ням гаригт бол бэлтгэлээ хийхгүй цэвэр амардаг.

    Та спортоор тасралтгүй 30 гаруй жил хичээллэсэн болохоор спорттой анх холбогдсон түүх тань маш сонирхолтой байж таарна. Бас өнөөдрийн амжилтанд хүрсэн нууц тань юу вэ?

    Бэлтгэлээ таслахгүй тууштай байх л миний амжилтын нууц. Би бие султай хүүхэд байсан болохоор ээж маань усанд сэлж сурвал бие чинь чийрэг болно гэж Эрдэнэт хотын “Хангарьд клуб” анх 1983 онд нээгдэхэд л оруулж байсан. Тэр үеэс хойш спортоо орхиогүй. Бэлтгэлээ хийхээ болилоо гэхэд хэд хоноод л бие чилнэ. Дээрээс нь олон жил бэлтгэл хийсэн болохоор зүрх маань өмнөх 33 жил шигээ цусаа шахахын тулд бэлтгэл хийхийг цаанаасаа шаардаж эхэлнэ. Ийм л учраас би спорттой 80 нас хүртлээ нөхөрлөхөөр шийдсэн дээ.

    Усан спортын, бодибилдингийн спортын тамирчин төдийгүй хэд хэдэн мэргэжил эзэмшиж өөрийгөө бүрэн дүүрэн, өв тэгш хөгжүүлж чадсан энэ эрхэмтэй товчхон ярилцаад өнгөрөхөд л ийм. Сэтгүүлч хүний хувьд олон сэдвээр асууж шаллгаамаар байсан ч өнөөдрийн хувьд олон улсын тэмцээнээс долоон алтан медальтай ирсэн усанд сэлэлтийн тамирчин гэдгээр нь танилцуулахыг хүслээ. Украины мастерсын тэмцээнээс долоон алтан медаль шүүрснээрээ Ш.Даваадорж монголчууд усанд чулуу биш, харин цаг үргэлж урсгал сөрж сэлдэг яргай загас шиг байж чадахыг батлан харууллаа. Цуцашгүй Монгол тамирчны спортын замнал дардан байг ээ.  

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй