ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    BBC телевиз шинэ ажилтан ямар журмаар сонгож авдаг вэ?

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь BBC юм. Лондон хотод төвтэй тус байгууллага нь дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд нийт 20950 ажилтантай. Эдгээр ажилтнуудын 16672 нь олон нийтийн хэвлэл мэдээллийн чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар 16672 ажилтны 8169 нь бүтэн цагаар ажилладаг гэсэн мэдээллийг өгчээ. (BBC now has more staff outside London than in the capital, 2014) Үүн дээр хагас цагаар болон уян хатан нөхцлөөр, тусгай гэрээний дагуу ажилладаг хүмүүсийг нэмбэл BBC-ийн нийт ажилтнуудын тоо 35402 давна. Бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн адилаар жил бүр Британийн айл өрх, албан байгууллага, компаниудаас бүх төрлийн хэрэгслээр телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авсан хураамжаар санхүүждэг байна. BBC нь телевиз, радио, цахим хуудаснаас гадна олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.  Телевизийн тухайд 28 орны хэлээр үйл ажиллагаа явуулж байна.

    Их Британийн BBC телевиз бүх төрлийн ажил мэргэжлээр сул гарсан орон тоог нөхөхдөө дотоод эх үүсвэрт хандах зарчмыг эн тэргүүнд баримталдаг. “BBC телевизийн хүний нөөц бүрдүүлэлтийн бодлого” нэртэй баримт бичигт сул гарсан орон тоог дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх тухай тодорхой заасан байна.

    • Сул гарсан орон тоог нөхөхдөө тухайн ажилтай холбоотой шалгуурыг үндэслэн  өрсөлдөөнт сонголтыг гол болгоно гэж заажээ.
    • Мөн бүрдүүлэлт, сонголтын үйл ажиллагаа нь бүх хүнд хүртээмжтэй байхын дээр хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг ч бүрэн хамруулах ёстой.
    • Тухайн ажилтны ур чадвар, ажлын туршлага нь шаардлага хангаж байгаа тохиолдолд өөр ажилд шилжих хүсэлтээ өмнө гаргасан байсан ажилтнуудыг тухайн шинэ гарсан ажлын байранд өрсөлдөх хүсэлт гаргасан хүмүүсээс илүү тэргүүн эгнээнд авч үзэх ёстой.
    • Хүн ажилд авах гэж байгаа удирдах шатны менежер бүрдүүлэлт, сонголтын үйл ажиллагаанд оролцохын өмнө Хүний нөөцийн газраас үзүүлэх зөвлөгөө сургалтанд заавал хамрагдсан байна гэж заажээ.

    Шинэ ажлын байрыг зарлах

    • Бүх шинэ ажлын байр болон гурван сараас дээш хугацаатай ажлын байрыг BBC-ийн дотоод сувгуудаар зарлаж, сурталчилна.
    • BBC-ийн ажилтан бүр тухайн үед ажил эрхэлж байсан ч шинэ ажлын байранд өрсөлдөх эрхтэй.
    • Шинэ ажлын байранд өрсөлдөх, өргөдөл гаргахын өмнө өөрийн удирдах ажилтны зөвшөөрлийг авсан байна.
    • BBC-д ажиллаж эхлээд зургаан сар болоогүй тохиолдолд шинэ ажлын байранд өрсөлдөхдөө Хүний нөөцийн албаны зөвшөөрлийг авсан байна.

    Сонголт хийх үйл явц

    • Нэр дэвшигчдээс өрсөлдөх хүмүүсийг сонгох, тухайн ажилд тохирох нэг хүнийг сонгох үйл ажиллагааг хүний нөөц ажилд авах үүрэг бүхий менежер дор хаяж өөр нэг хүнийг байлцуулан шийдвэрлэнэ. Аливаа маргаанаас сэргийлж, сонголтыг шударга явуулахын тулд боломжтой бүх шат дамжлагыг хэрэгжүүлэх ёстой.
    • Ажилд авах үүрэг бүхий менежер нь сонголт хийх хамгийн тохиромжтой аргыг сонгохын тулд Хүний нөөцийн газартай хамтран ажилалсан байна. Тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагад үндэслэн дараа дараагийн шатны шалгаруулалтыг явуулна.
    • Өргөдөл, намтар, албан ёсны үнэлгээ зэрэг нотлогдох боломжтой мэдээллийг үндэс болгоно. Ямар ч сонгох үйл ажиллагаанд дор хаяж нэг удаагийн ярилцлага багтах ёстой.

    Дотоод эх үүсвэрээс ажилтан сонгосон тохиолдолд ажилд орохыг зөвшөөрсөн өдрөөс 8 долоо хоногийн дотор ажил эхэлнэ. Мөн тухайн ажлын байранд тохирох ажилтан өөр ажилд шилжих хүсэлт гаргасан байсан бол, гадаадад ажиллаж байсан BBC-ийн ажилтан эргэн ирсэн бол зэргээр өрсөлдөөнгүйгээр шууд шинэ ажилд томилох тохиолдол байж болохыг тус баримт бичигт заажээ. Мөн хилийн чанад дахь салбарт ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар тусгасан байна.

                Шинэ гарсан орон тоог ийнхүү дотоод эх үүсвэрээс нөхдөг бол хүний нөөц, ажиллах хүчний шинэ үеийг бэлдэхдээ өөрийн мэдээллийн сангаас сонгох аргыг гол болгодог. Хүний нөөцийн сангийн мэдээллйиг арвижуулахын тулд дараах гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

    1. Олон улсад нэр хүндтэй их дээд сургуулийн шилдэг оюутнуудын сан бүрдүүлэх, дадлага хийлгэж, гэрээгээр ажиллуулах,
    2. Сэтгүүл зүй, продакшн, технологи гэсэн гурван чиглэлээр өөрийн ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг BBC Академийн үйл ажиллагааны хүрээнд салбар нэгжээр дамжуулан сургалт зохион байгуулж, мэргэжлийн зэрэггүй хүмүүсийг элсүүлэх,
    3. Хилийн чанадад ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажиллагсдыг өөрийн салбартаа дадлагажуулах гэсэн гурван арга замаар бүрдүүлж байна. 

    Жич: Энэхүү мэдээлэл нь магистрын судалгааны ажлын нэг хэсэг бөгөөд зөвхөн мэдээлэх зорилгоор нийтлэв. Эрдэм шинжилгээний аливаа бүтээлд энэ нийтлэлээс хуулсан тохиолдолд таны бүтээлийг хүчингүйд тооцохыг анхаарна уу. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй