Товч мэдээ мэдээлэл
Хайнаны аялал жуулчлалаас Монгол юу суралцаж болох вэ?
2016 оны 4 сарын 5

Хятадын Хавай гэгддэг Хайнан аралд зочлох гадаад дотоодын жуулчдын тоо эрс буурсан байна. Бүс нутаг дахь аялал жуулчлалын өрсөлдөөн, Хайнан хүрэх нислэгийн тоо цөөрсөн нь энэ уналтанд нөлөөтэй гэж албаны хүмүүс мэдэгдлээ. 2020 он гэхэд Хайнан арал дээр 80 сая жуулчин тэр дундаа гадаадын 1.2 сая жуулчин хүлээн авч, 100 тэрбум юаний ашиг олох төлөвлөгөө гаргажээ. Хайнаныг 2020 он гэхэд дэлхийн амрагч жуулчдын шилдэг чиглэл болгох зорилтыг 2010 онд тавьсан ч энэ зорилтыг биелүүлэхэд хэд  хэдэн бэрхшээл тулгарч байна. Хайнан аралд хамгийн сүүлд 2013 онд 33.2 сая жуулчин хүлээн авч түүхэн амжилт тогтоосноос хойш сүүлийн гурван жилд жуулчдын тоо эрс буурчээ. 

Үүний шалтгаан нь нэгд Хайнаныг чиглэсэн олон улсын шууд нислэг нийт нислэгийн ердөө 8 хувийг эзэлж байгаатай холбоотой. Саяхныг хүртэл  гурван улсаас Хайнан руу шууд нислэг үйлддэг байсан бол оны эхээр  Саняа хот хүрэх агаарын гурван зам нээгдсэн байна. Гэсэн хэдий ч Хайнанд жуулчин татахад агаарын тээврийн тоо хангалтгүй гэж салбарынхан үзжээ. Мөн 26 улс орны иргэд Хайнан руу визгүй зорчих боломжтой ч зөвхөн бүлгээрээ аялсан тохиолдолд л энэ зохицуулалт хүчинтэй нь өрсөлдөх давуу тал болж чадахгүй байгаа юм.

Хайнан арлын аялал жуулчлалын хорооны тэргүүн Лу Зиюаний ярьснаар “Хайнанд амрах зардлыг бууруулж, агаарын тээврийн тоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна” гэжээ.Түүнчлэн эх газрын жуулчид төдийгүй Орос, Япон, Өмнөд Солонгос, Америкын жуулчдыг татах нь Хайнаны эдийн засгийг сэргээхэд ихээхэн нөлөөтэй гэж үзсэн байна. Өнөөдөр Хайнань арал Тайланд, Индонез, Малайз, Вьетнам зэрэг азийн улс орнуудын амралт, аялал жуулчлалын бүс нутагт зах зээлээ алдсан байна. 

Манай сайт таалагдсан бол лайк дараарай