ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Буйдхан сумын “Эйфлийн цамхаг”

    Алс холын буйдхан сууринд энэ явдал болсон  юм. Суурингийн хамгийн өндөр цэг цахилгаан холбоо байрлах байшингийн дэргэдэх хоёр цамхагийн хажуугаар жаалхүү өглөөний есөн цагтаа уралдан сургуулийн зүг явж өнгөрдөг байлаа.  Цамхагийн дэргэдэх цагаан хоолой цаг агаарын мэдээ,  хот хөдөө явах унаа тэргийн зар, наймаа панз, байнга шахуу эгшиглэдэг нутгийн дуучны дуу гээд орой зургаан цаг хүртэл  тасрахгүй дуугарна.  Жаалхүү  цамхагийн дэргэдүүр өнгөрөх болгондоо оройг нь  ширтээд “Энэ өндрийн орой дээр миний аав л гарч чадна даа” гэж үргэлж боддог байлаа. Түүний аав суурингийн цахилгаанчин учраас  гэрлийн шон өөд авирч тог шалгах ажилтай. Тэгээд л жаалхүүгийн толгойд аав нь бодогдсон хэрэг.

    Тэр өдрийн хичээл дээр физикийн багш Европ тивд орших Францын Парис хотод байдаг том цамхагийн тухай ярьж  орой дээр нь гарахад өчнөөн сая хүнтэй хот бүхлээрээ харагдан, хүчтэй салхилахад үл мэдэг найгадаг тухай ярихад жаалхүү сууриндаа сүндэрлэх хоёр өндөртэйгээ баахан харьцуулж бодлоо. Хичээл тараад  жаалхүү шууд л өндөр цамхагийн зүг алхлаа. Тэр өдөр намар дуусч  тогтох цас орсон хүйтэн өдөр байсан юм. Ингэхэд өндөр дээрээс хүмүүс ямар харагддаг бол, аав маань үнэхээр азтай юмаа, өндөр цамхагийг гүйцэхгүй ч гэрлийн шон бас л өндөр биздээ. Багшийн ярьдаг Эйфлийн цамхаг, Парис хот манай суурингаас хэр хол бол. Би чинь холдоо л аймгийн төв орж үзсэн. Манай аймгийн төвийн таван давхар байшингууд бас л өндөр шүү. Даанч сүнстэй л гэж ярьдаг юм билээ хэмээн тэр элдэвийг бодсоор цамхагийн дэргэд иржээ. Тэнгэрээс цас бударч, жаалхүүгийн нүүрийг гижигдэнэ. Цамхагийн орой дээр бөөвийн суух ганц хэрээ сууринг яг л энэ орой дээрээс уйдталаа харсан мэт хөдөлгөөнгүй хөшжээ. Хэрвээ ярьдагсан бол хэрээнээс манай суурин наад дээрээс чинь ямар харагдаж байнаа гээд хашгирах юмсан гэж тэр бодов. Гэнэт “Муу хэрээг хараач ээ. Хэний нүдийг тонших гээд тээр орой дээр суугаа вэ? Цасан сумны амтыг чамд үзүүлье л дээ” гэх хүүхдүүдийн дуу хадан өнөөх хэрээний зүг цас бөөрөнхийлөн нүүлгэлээ.  Жаалхүү  хүүхдүүдээс бэрэгшээн явах гэтэл “Хөөе чи бидэнтэй тоглохгүй юм уу? Цасаар байлдая. Чи ядаж сум бэлтгэгч хийлдээ” гэж түүнийг  уруу татав.

    -Би байлдах дургүй ээ,

    -Энэ чинь ямар жинхэнэ байлдаан юм уу, цасаар л тоглож байна шүү дээ.

    -Тэглээ ч гэсэн.

    -Чи тэгээд ямар тоглоомонд дуртай юм. Арай дээстдэг юм биш биз. Энд юу хийж ганцаараа зогссоноо хэл.

    -Та нарт хамаагүй.

    -Хамаагүй гэнээ. Чи тэгвэл жинхэнэ охидтой адилхан хулчгар байна даа.

    -Би цамхаг өөд харж байсан юм.

    -Ээ манай өвөөгийн эргүүтсэн бяруу л тэнгэр өөд ганцаараа харж зогсдог юм.

    -Тэгвэл чаддаг юм бол хэн нь хамгийн өндөрт гарахаа үзье л дээ. Та нарын хамгийн зоригтой нь надтай цуг авир. Хожигдвол та нар өөрсдөө охид болно шүү.

    -Болж байна. Харин өндөрт гарчихаад айгаад уйлав даа. Энэ бол хүүхдүүдийн  төлөвлөгөөнд хэзээ ч байдаггүй тоглоом байлаа.  Найзуудынхаа дундаас хамгийн зоригтой гэж тодорч гарсан шар банди жаалхүүтэй уралдан цамхаг өөд авирч эхлэв. Цас лавсан орж бие биенээсээ өндөрт гарахыг чармайх хоёр хүү улам өөдөө мацна. Хүүхдүүд цамхаг өөд авирах хоёрыг харан хөгжилдөнө. Замын талд гарсан шар хүү гэнэт зогссоноо “Хөөе жаалаа би ингээд буулаа. Нүд рүү цас ороод байна. Танай аав чинь гэрлийн шон өөд авирдаг юм чинь чи оройг нь үзнэ биз дээ. Аягүй бол айгаад одоохон бууна даа. Чамтай дараа цасгүй өдөр уралдана аа гээд доошиллоо. Жаалхүү юу ч хэлэлгүй цааш авирав. Ингээд л буух юм бол  доор үлдсэн хүүхдүүдэд ялагдах юм шиг санагдан шүд зуув. Зөвхөн тэнгэр өөд харна шүү, доош харах л юм бол толгой эргэн гараа алдана. Би чинь өдөр болгон өндөр шон дээр гардаг аавын хүүхэд. Буух л юм бол хүүхдүүд намайг шоолно гэж тэр бодов. Цамхагийн хүйтэн төмөр гарыг нь хайрч байгааг тэр мэдлээ. Харцаа алгуурхан тогтоон харахад жаалхүү цамхагийн орой дээр бараг гарч иржээ. Хэрээний сууж байсан оройн хэсгээс тэр чанга атгасан байгааг анзаарав. Салхи хүчтэй үлээж, нүүр нүдгүй цас хүчтэй цохив.  Доор хүмүүс хашгиралдах чимээ чихэнд бүдэг бадагхан дуулдахад харцаа тэр зүг аяархан чиглүүллээ. Жижигхэн хорхойнууд цагаан манан дунд эрээлжлэн харагдав. Гар нь хүйтэн төмөр барихын эцэсгүй бээрчээ. Жаалхүү нэг гараараа цамхагийн төмрийг хамаг л хүчээрээ атган нөгөө гарынхаа ханцуйг амаараа зуун гартаа жийрэг хийв. Цамхаг салхинд савлаж байгааг тэр мэдэрлээ. Яг багшийн ярьсан Эйфлийн цамхаг шиг. Харин жаалхүүгийн амьдардаг буйдхан суурин цамхагийн орой дээрээс цагаан манангаар хучигдан юу ч харагдсангүй. Харин “Танай аав чинь гэрлийн шон өөд авирдаг юм чинь чи оройг нь үзнэ биз дээ” гэсэн шар хүүгийн хэлсэн үг л түүний чихэнд хангинаж байлаа.  

    Э.Ган-Очир 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй