ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл амьдралын үндэс 10: Уушгиа хайрлаж, хамгаалцгаая

    Хүн хоолгүйгээр хэдэн долоо хононо. Усгүйгээр хэдэн өдөр байж чадна. Харин амьсгал, агааргүйгээр нэг хором ч байж чадахгүй. Амьсгал гэдэг нь уушгинд орох ба уушигнаас гарах агаарын хөдөлгөөн юм. Амьсгалах үед биеийн эсүүдэд хүчилтөрөгч түгээгдэж, биеэс нүүрс хүчлийн хий гадагшилдаг.
    Уушиг цээжний хөндийд байрлаж, мөгөөрсөн хоолойгоор хамрын хөндийтэй холбогдоно. Уушиг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд баруун тал нь зүүнээсээ арай том. Энэ нь цээжний зүүн хэсэгт зүрх багагүй зай эзлэн оршдогтой холбоотой. 
    Бид амьсгалахдаа уушгиндаа агаар дүүргэж, дараа нь буцаан гаргадаг. Энэ агаарын 21 орчим хувийг хүчилтөрөгч эзэлнэ. Түүний зарим нь л цусны урсгалд орж эсүүдэд хүргэгдэнэ. Эсийн дотор орсон хүчилтөрөгч нь тэнд органик бодисуудын тасралтгүй задрах, эсэлдэх явцыг хангана. Үүний дүнд эс амьдарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах эрчим хүч үүснэ.

    Машины хөдөлгүүрт бензинийг хүчилтөрөгчтэй хамт шатахтай адил, орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлэхэд түүнийг шатаахын тулд хүчилтөрөгч /агаар/ хэрэгтэй байдгийн адил бие махбодын эсүүд хүчилтөрөгчийг хэрэглэнэ. Эсүүд өөрийн түлш болох саахарыг хүчилтөрөгчийн оролцоотойгоор шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг. Ийм химийн урвалаас үүсэх бүтээгдэхүүн нь хүний бие махбодод ч, машины хөдөлгүүрт ч адил бөгөөд энэ нь нүүрсхүчлийн давхар исэл ба ус юм.


    Тиймээс амьсгалахад үүссэн нүүрсхүчлийн хий гэдэг хэрэггүй бүтээгдэхүүнийг зайлуулах хэрэг гарна. Цус түүнийг уушгинд шуурхай хүргэж, уушиг гадагшлуулна. Дээрх ажлыг уушиг тун сайн гүйцэтгэнэ.
    Бие махбодын зарим эсүүд хэсэг хугацаанд хүчилтөрөгчгүй ажиллаж чаддаг байхад уураг тархи ингэж чадахгүй.
    Уушиг нь цусаар сайн хангагддаг учир ягаан өнгөтэй. Уушгинд агаар дамжуулах сая сая бяцхан сувгууд байдгаас уушиг сэвсгэр байдаг. Уушиг ганцхан кг орчим жинтэй атлаа 6 литр орчим эзлэхүүнтэй.


        

    Уушгины эдүүд дундаа нүхтэй сэвсгэр бөгөөд олон сая хоолойгоор нэвт сүвлэгдсэн байдаг. Ийм хоолойнуудыг нь бронх ба бронхиол гэдэг. Тэдгээрийн төгсгөлд агаараар дүүрэн, нимгэхэн гадаргуутай хийн цэврүүнүүд байдаг. Агаараар дүүргэгдсэн тийм их орон зайтай учир уушгинд амьсгалаар орж ирсэн агаараас хүчилтөрөгч шингээж авах асар том талбай үүсдэг.Хэрэв уушгийг хавтгай болгон тэнийлгэж болдогсон бол газрын теннис тоглодог талбайтай тэнцэхүйц хальтаргаатай талбай үүсэх байсан. Уушгины доторхийг харвал үндэс нь дээшээ харчихсан мод шиг зүйлийг олж үзнэ.

    Энэ модны “гол” нь мөгөөрсөн хоолой бөгөөд том “мөчрүүд” нь гуурснууд /бронх/ юм. Гуурс бүр нь олон жижиг болж салаална. Жижиг гуурсанцруудыг бронхиол гэх ба өргөн нь нэг миллиметрээс ч бага. Бронхиолуудын төгсгөлд альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангууд/цэврүүнүүд/-ын хонгорцог/усан үзмийн хонгорцог адил/ байдаг.
    Хүн яаж амьсгалдаг вэ? Амьсгалж байгаа учир цээж нь түнхэлздэг гэж ихэнх хүн боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ эсрэгээр байдаг. Цээж түнхэлзэж байгаа учир амьсгалж байна гэсэн үг.

    Уушгинд булчингийн эдүүд байхгүй учир өөрөө тэлж, агшиж чаддаггүй. Цээжний хөндийн тэлэгдэн уушгинд агаар сорогдож, дараа нь агшиж уушгийг шахан агаарыг гадагш түлхэн гаргахад өрц чухал үүрэгтэй. Өрц нь цээжний хөндийн ёроолд байх булчин бөгөөд амьсгал авахад тэгширч, хавиргануудын доод хэсгийг түлхэж тулахад цээжний хөндий тэлэгдэнэ. Уушги хамт тэлж, гаднаас агаар сорогдоно. Амьсгалаа гаргахад өрц дээшээ хотойж хавирганууд дотогш татагдан, цээжний хөндийн эзлэхүүн багасахад уушиг шахагдан доторх агаар нь гадагшилдаг.

    Амьсгалын хэмнэлийг уураг тархин дахь амьсгалын төв-уртавтар тархи зохицуулдаг. Зохицуулах хүчин зүйл нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс илүүтэй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ болдог. Цусан дахь нүүрстөрөгчийн давхар исэл ихсэхэд амьсгалын тоо нэмэгдэж,амьсгал гүнзгий болно.Ингэснээр хүчилтөрөгч ихээр орж ирэн зүрхний ажиллагааг идэвхжүүлж,цусны урсгалын хурд нэмэгдэн,нүүрстөрөгчийн давхар исэл биеэс хурдан гадагшлахад амьсгал хэвийн болно.
    Агаар нь хамрын хөндийгөөр дамжин, тэнд цэвэрлэгдэн шүүгдэж, халж, чийглэгдэн амьсгалын зам руу орж, төвөнх мөгөөрсөн хоолойгоор уушгинд хүрнэ. Бидний амьсгалдаг агаар цэвэр байх нь ховор бөгөөд ялангуяа том хотуудад байдал их хүнд. Бохир агаар нь тоос, шороо, цэцгийн тоосонцрын үр гэх мэт янз бүрийн хэлбэр хэмжээтэй элдэв хэсгүүдийг агуулдаг. Эдгээр нь уушгинд хүрч очдог байсан бол эмзэг эдүүдийг нь яалт ч үгүй гэмтээхсэн. Тийм учраас агаар урьдчилан шүүгдэж цэвэрлэгддэг. Хамрын доторх гадаргуугийн сормууснууд болон тэнд ялгардаг салиа нь тэдгээр хэсгүүдийг баривчлан саатуулж, микробуудыг аюулгүй болгодог.

    Хүн тайван байхдаа нэг минутад 15 орчим удаа, нэг удаад 500мл агаараар амьсгалдаг. Биеийн ачаалал нэмэгдэхэд амьсгалын тоо, амьсгалах агаарын хэмжээ өснө. Богинын зайн гүйлтийн тамирчин минутад 25 удаа амьсгалдаг байна.
    Хүний биеийн олон триллион эсүүд амьдралыг тэтгэхийн тулд хүчилтөрөгчөөр тасралтгүй хангахыг шаардаж байдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг нэг минутад 70 удаа эдүүд рүү шахна. Биеийн тамираар хичээллэх гэх мэт биеийн ачаалал ихэссэн үед түүнээс ч олон удаа шахдаг. Энэ ажиллагаа хоёр үе шаттай. Эхлээд цус уушгинд хүчилтөрөгч нөөцөлж авна. Дараа нь цус маань бүх биеэр эргэнгээ замдаа хүчилтөрөгчөө тарааж өгнө.
    Өндөр ууланд агаар хүчилтөрөгчөөр ядмаг байдаг. Амьсгалах бүртээ өөрт шаардлагатай хүчилтөрөгчийг авахын тулд илүү их агаар сорох хэрэгтэй учир их өндөрт амьдардаг хүмүүсийн уушиг том байдаг.

    Тамхичин хүмүүсийн уушиг эрүүл ягаан биш хав хар өнгөтэй болсон байдаг. Тамхины утаанд агуулагддаг хорт бодисоос уушигны хорт хавдар үүсдэг. Гэмтэж төрөл арилжсан эсүүдийн хуваагдал хяналтаас гарч, тамхичныг үхүүлж чадна.
    Амьсгалын зам нь эзнээ амьсгалуулахаас гадна дуу авиа үүсгэнэ. Дуу авиа нь төвөнхийн мөгөөрсний завсарт орших салст хуниас-дууны хөвчид үүсдэг. Ярих, дуулах үед дууны хөвч нийлнэ. Амьсгалаар орж ирж буй агаар хуниасуудыг дарж, тэд хэлбэлзэж эхэлснээр дуу авиа үүснэ. Дууны өнгө нь дууны хөвчийн урт богиноос хамаарна. Хөвч богино байх тусам нарийхан дуу гарна.
    Найтаах, зогисох, инээх, ханиах нь амьсгалын хэвийн биш хөдөлгөөн юм. Найтаана гэдэг нь агаарын өндөр даралтаар хүч нэмэгдүүлсэн амьсгалыг хамраараа гэнэт цочир гаргахыг хэлнэ. Энэ үед хамарт орсон тоос мэт нь үлээгдэн гардаг. Харин ханиана гэдэг нь мөгөөрсөн хоолойг цочроож байгаа элдэв зүйлийг цэвэрлэж гаргахын тулд агаарыг цочир шахаж гаргахыг хэлнэ.
    Инээнэ гэдэг нь өрц огцом агшиж, агаарыг бага багаар шахаж гаргах.
    Зогисох нь өрц цочирсны үр дагавар бөгөөд өрц гэнэт тэнийж, агаар сорогдсон хэрэг.
    Ярих, дуулах, хооллох үед амьсгалын хэм аяндаа өөрчлөгддөг Инээх болон уйлахад амьсгал богиноор гарч, уртаар татагдах нь сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй амьсгалын өөрчлөлт юм.
    Амьсгалаа зориуд түгжих /усанд шумбан сэлэх гэх мэт/ буюу санаандгүй гэнэт амьсгал боогдох/ мэдрэлийн цочирсноос гэх мэт/-д амьсгалын хэм өөрчлөгдөнө. Амьсгал боогдоод удвал уураг тархи идэвхжүүлэгчгүй  болох тул хүн ухаан алдах, тэр ч байтугай үхэх аюултай. Харин уртаар амьсгалж эхлэнгүүт л цусан дахь нүүрсхүчлийн давхар ислийн агууламж буурдаг тул үхлээс аврагдана.
    Зөв амьсгалах нь зөвхөн агаараас хүчилтөрөгч ялгаж авах ажил биш бөгөөд амьдралын хүчээ сэлбэх, сансрын эрчим хүчтэй холбогдон амин орноо тэжээх маш чухал ажиллагаа юм. Бид махбодоос гадна хийбодтой гэдгээ ямагт санах учиртай.
    Эрүүл агаараар зөв амьсгалж амьдардаг хүн эрүүл урт насалж чадна.

    "ВИП клуб" ТББ-ын тэргүүн  Б.Гэрэлмаа

        

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй