ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл амьдралын үндэс 2: Ходоодоо цэвэрлэхийн ач тус

    Бие эрүүл байхын хамгийн гол үндэс суурь нь ходоод байдаг. Та ходоодондоо юу орж байгааг үргэлж санах хэрэгтэй. Учир нь таны ходоод бол хогийн сав биш юм шүү. Тиймээс таны биед хэрэгцээгүй хоол хүнсээс татгалзаж сурах хэрэгтэй. Энэ удаагийн цуврал зөвлөгөөг бид ходоодоо хэрхэн цэвэрлэх талаар нарийн мэргэжлийн хүнээс тодуулсан юм. 

    Эрүүл амьдралын үндэс: Ходоодоо цэвэрлэе

    Урин дулаан цагт цагаан идээ идэхийгээ монголчууд “гэдсээ цайлгах” гэдэг байсан нь гүн гүнзгий агуулгатай бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны хэллэгээр бол бие доторх микрофлорыг сэргээх гэсэн утгатай юм байна.

    Өвлийн 3 сард л улаан идээ буюу махаар дагнан хооллохдоо ходоод гэдсэнд төдийгүй бусад эрхтэнд нутагшин амьдардаг бичил биетнүүдийнхээ тэнцвэрт харьцааг алдагдуулснаар өөртөө учруулсан гэм хорыг мал төллөж эхэлмэгц даруй засаж эхлээд 9 сарын турш гэдэснийхээ өнгөрийг тууштай сэргээдэг байжээ.

    Гэтэл одоо жилийн 4 улиралд өглөө үдэшгүй мах идэж, зүгээр ч идэхгүй хиам, консерв зооглож, болгох, утах, шуузлах, борцлох зэргээр хүндрүүлж, үхмэл чанартай цагаан гурил, хальсалж өнгөлсөн цагаан будаа, шарсан төмс, пүнтүүз мэт хүнстэй байнга хольж иддэг хүний доторх амьд орчин авах юмгүй болсон байхад гэдэс цайлгах тухай бодох ч үгүй амьдрах болж.

    Тэгвэл гэдэсний өнгөр гэж юу вэ?

    Бие биедээ харилцан ашигтайгаар энх тайвнаар зэрэгцэн оршиж, эзэндээ төдийгүй амьд байгальд тустай байх чухал үүрэгтэй нэг эст бүдүүлэг биет амьтад болох бактери /ашигтай, болзолт/, дрожж, мөөгөнцөрүүд хүний арьс, амьсгалын зам, ам, ходоод, гэдэс, үтрээнд өөр өөрийн бүсэд зохицон амьдардаг.

    Эдгээр нь олон төрлийн нэн чухал чиг үүрэгтэй бөгөөд заримаас нь нэрлэвэл:

    1. Биеийн ерөнхий дархлааг хэвийн байлгах

    2. Фермент үйлдвэрлэхэд оролцож, эслэг болон химус хэмээх хоолны холимогийн үлдэгдлийг задлах, гэдсэн доторх хийн бүтэц, хүчиллэгийн түвшинг хэвийн байлгах

    /фермент гэдэг нь нийлмэл бүтэцтэй хүнсийг энгийн хэсэгт задалж, тэдгээр энгийн хэсгүүдээр нарийн нийлмэл бүтэцтэй өөрийн бодис, бүтээгдэхүүнүүдийг шинээр бүтээх бодисын солилцоон дахь биохимийн урвалууд цаг алдахгүй шуурхай явагдахад тусалж, урвалуудыг хурдасгагч шүүрлүүд бөгөөд хүн өөрөө ялгаруулдаг/

    3. Гэдэсний хоол боловсруулах болон хоргүйжүүлэх ажиллагаанд оролцох

    4. Болзолт бактериудын зохист харьцааг тохируулан барих

    /хэвийн хэмжээнд байхдаа тун чухал үүрэгтэй болзолт бактериуд илүү олон болчихвол хөнөөл учруулдаг нь үлийн цагаан оготнын амьдралтай адил/

    5. Уураг нийлэгжүүлэхэд оролцох

    6. Д амин дэм, кальци шимэгдэх, бүдүүн гэдсэнд В-гийн бүлэг, К амин дэм нийлэгжихэд оролцох

    7. Нарийн гэдсэнд боловсруулагдаж чадаагүй хүнсний бодисуудыг задалж, аминууд, фенол, органик хүчлүүдийг үүсгэх

    8. Хорт хавдар үүсгэх чанартай хорт бодисууд уургийн задралын явцад үүсэхийг дарангуйлах

    9. Холестерины түвшинг бууруулах

    10. Эстроген даавар нийлэгжихэд оролцох

    11. Бүдүүн гэдсэнд дулаан үйлдвэрлэх

    Эрүүл хүний биед байх ёстой бичил биетний нийт биомасс/гэдэсний өнгөр/ 2,5-3 кг болдог. Бүдүүн гэдэсний микрофлорыг жишээ болгон авч үзвэл тэнд 17 аймаг, 45 бүлэг, 500 төрлийн 2 тэрбум амьтад хоорондоо маш нарийн тэнцвэрт харьцаатайгаар зэрэгцэн амьдарч идэвхтэй ажиллаж байвал тухайн хүн эрүүл гэсэн үг.

    Тэдгээрийн 90 орчим хувийг бифидобактери, бактероидууд эзэлж, 8-9 хувь нь лактобактери, энтерококк,гэдэсний савханцрууд байвал сайн ажээ.

    Бие махбодод тасралтгүй явагдаж байдаг үйл ажиллагаа, сайн муу хувирал өөрчлөлтийн нөлөө, өөрсдийн нь амьдрах хугацаа зэргээс шалтгаалан байнга шинэчлэгдэн сэлбэгдэж, зохистой харьцаагаа тогтмол хадгалж байх ёстой гэдэснийхээ өнгөрт эзэн хүн санаа тавьж чадвал эрүүл, гоо сайхан урт наслах нэг баталгаа нь болдог байна.

    Өнгөрийн энэ тэнцвэр яагаад алдагддаг вэ?

    1. Антибиотикийн хэт хэрэглээ: Өвчин үүсгэгч бактериуд ба байх хэмжээнээсээ хэт олширсон болзолт бактериудыг устгах чадалтай энэ хүчирхэг зэвсэг нь байг сонгож онох чадваргүй тул сайнтай муутай нь хамт сөнөөж, байгалийн тэнцвэрийг бүрэн алдагдуулдаг төдийгүй, сайнуудын үлдээсэн орон зайг муунууд нь маш хурдан эзэлж, тухайн антибиотикт тэсвэртэй хэлбэрт хувилан дураар дургих үр дагаварыг үүсгэдэг. Антибиотикийн сөрөг нөлөө үүгээр зогсдоггүй. 

    2. Буруу хооллолт: Түр зуур үргэлжлэх таашаалын төлөө идэх зорилгоо умартсан хоолонцор хүмүүсийн өдөр тутам иддэг хүний биед хэрэгцээгүй хоол хүнс. Залгиур даваад ямар ажил эхэлж байгааг төсөөлдөггүй хүний бие хэрхэн бохирдож, гэмтэж байдгийг ойлгохыг хичээвэл ашигтай.

    3. Архидалт

    4. Орчны бохирдолт: /Ус, агаар, хөрсний бохирдолт, химийн бордоо, үсний будаг, хүнд металл агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн г.м./

    5. Шимэгчид

    6. Гэдэсний хурц халдварт өвчин, хордлого

    7. Клизм байнга тавих,туулга байнга уух

    Гэдэснийхээ өнгөрийг яавал сайн байлгах вэ?

    Эсэг цагаан идээгээ жинхэнэ монгол хүн шиг идвэл энэ асуудлыг бүрэн шийднэ. Ашигтай бактериудаар сүүг задлуулан боловсруулж, гэдэсний өнгөрт том байр эзэлдэг тэдгээр бактерийг сүүгээрээ тэжээн олшруулж аваад дотогш нь явуулна гэсэн үг юм байна.

    Тиймдээ ч монголчууд ялангуяа насанд хүрэгсэд сүүг дангаар нь уудаггүй, тараг, айраг, хоормог, ээдэм, бяслаг, аарц, ааруул болгон идэж хэрэглэдэг байжээ.

    Хүн хоолоороо авах ёстой бичил биетнүүдийг пробиотик гэж нэрлэдэг бөгөөд тэдгээрийг агуулсан цагаан идээ нь пробиотик бүтээгдэхүүн юм.

    Тараг дөнгөж бүрэлдээд элгэн байхдаа, зөөлөн исэж байгаа хөхүүрийн айраг, шинэ хоормог, монгол бяслаг нь пробиотик хүнс юм.

    Жинхэнэ номоор нь гэдсээ цайлгаж чадвал ходоод, гэдэсний шарх эдгэж, хоол сайн шингэдэг болж, тамир тэнхээ сайжирч, ханиад томуу тусахаа больж, арьс үс сайхан болдог.

    Том амьтад, түүний дотор хүн бактери тээгч /гэдэсний өнгөртэй/ болсноороо вирустэй шууд харьцахгүй байхаар хувьсал хөгжлийн явцад тогтсоныг зугаа цэнгэл хөөцөлдсөөр эвджээ гэдгийг амьдрал нотолж, эрдэмтэд тогтоогоод байна. Гэдэсний өнгөр хэвийн сайн байхад хүн элдэв вируст дээрэлхүүлэхгүй бөгөөд даварсан вирусуудыг устгахад нь биедээ туслах боломжтой.

    Мах их идэхэд бичил биетнүүдийн нарийн тогтолцоо эвдэрдэг учир үр дагавар нь биед нь шууд мэдрэгдэж, эсэг цагаан идээгээ идэхэд нь байдал хэрхэн сайжрахыг мөн л биеэрээ мэдэрдэг байсан учир гэдсээ цайлгах ажлыг монголчууд их таашаалтайгаар хийдэг байж. Түүнээс биш харамч хатуу, харанхуй бүдүүлэгтээ зун, намар цагаан идээгээр дагнаж, биеэ зовоон гүрийдэг байгаагүй юм байна.

    Тиймээс монголчууд өнөөдрийн үр сад шигээ идэхийн тулд амьдардаг хоолонцор идэмхий хүмүүс биш, улиралдаа тохируулан маш бага иддэг, оюунаар /энергээр/ хооллодог хүмүүс байжээ.

    Эрүүл хүний гэдэсний өнгөр буюу бие доторх микрофлор нь хоногт 82 грамм уураг нийлэгжүүлж байхад 70 орчим кг жинтэй эрүүл хүний хоногийн хэрэгцээт 90 грамм уургаас үлдэх 8 граммыг юухнаас ч авчих боломжтой тул их идэхгүйгээр тараг, хоормог, бяслаг идээд, өвдөх өвчингүй, хүч тамир сайтай, цовоо сэргэлэн байхгүй гээд яах билээ?

    Тарагны ач тус: 

    Дөнгөж бүрэлдсэн элгэн тараг уухын тулд тарагны сайн эхтэй байх хэрэгтэй. Сайн эх гэдэг нь ашигтай бактериудын нь зохистой тэнцвэрт харьцаа алдагдаагүй тараг эсвэл тийм өсгөвөр гэсэн үг юм. Ацидофилус /acidophilus/, бифидобактери /bifidobacterium/, болгар савханцар /L.bulgaricus/  гэх мэт бичил биетнүүдийн цэвэр өсгөврөөр бүрсэн биотараг, бифидо таргийг ГУМ компани үйлдвэрлэж байгаад баярлаад баршгүй.

    Ийм таргийг төрөл бүрийн шинэ болон хатсан жимс, түүхий болон жигнэсэн ногоо, мөн ногоон навчнуудтай хольж уувал оройн онцсайн хоол болно. Та ходоод, гэдэснээсээ сайн үнэлгээ авах тул өглөө хөнгөхөн босно.

    Тараг нь пробиотик буюу ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлөн бэлдсэн эсэг цагаан идээний нэг юм.

    Орой бүр нэг аяга элгэн тараг уувал урт насална гэж анагаах сударт тэмдэглэсэн байдаг.

    Ашигтай бичил биетнээр баяжуулсан бүтээгдэхүүн нь бие махбодыг сэргээн төлжүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх ач холбогдолтойг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнө нээсэн юм. Илт зүйлийг шинжлэх ухаанаар нотолсон гэсэн үг.

    Эсэг цагаан идээний уураг, нүүрс ус,тослог нь бичил биетний тусламжтайгаар бүтцийн энгийн хэсгүүдэд задарч, биологийн идэвхт олон бодисуудаар нэмж баяжсан учир сүүний зохицуулах үйлчилгээ, эмчилгээ сувиллын ач холбогдлыг олон хувиар нэмэгдүүлдэг.

    Айраг, хоормогоор эмчлэн сувилахын үр дүнг монголчууд сайн мэднэ.

    Халуун чанартай, гал махбодтой зуны улиралд сэрүүн чанартай цагаан идээгээ иддэг нь байгалийн зохицол юм. Халуун чанартай махыг хүйтэн сэрүүн улиралд иддэг нь аливаа юмны нарийн учрыг мэддэг оюунлаг ард түмний соёл байжээ.

    "ВИП" клубын тэргүүн Б.Гэрэлмаа

    Эрүүл амьдралын үндэс 1: Турах, таргалахын шалтгаан

             

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй