ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Шагдарсүрэн: Элэг солихоор эрүүл болчихгүй, хүний л эрхтэн болохоор байсхийгээд ховхрох гээд байдаг

    М.Шагдарсүрэн: Монголчууд шиг эмчилгээндээ хайнга ханддаг хүмүүсийг олж хараагүй

    -Та “Элэгний өвчтэй хүмүүсийн хоол хүнс 365 хоног” номоо хоёр дахь удаагаа хэвлүүлжээ. Япон хэлнээс хөрвүүлэн хүмүүст хүргэхийн тулд цаг хугацаа их зарцуулсан байх?

     -Энэ номоо уншигчдын хүсэлтээр дахин хэвлүүллээ. Сүүлийн үед хүмүүс эм уухаас татгалздаг болсон. Эмийн эмчилгээ үр дүнтэй ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Элэгний өвчин үүсэхэд вирус, архи, эм гэсэн гурван зүйл нөлөөлдөг. Монголчууд толгойн өвчин намдаана гээд Парацетамал, Цитрамон эм их уудаг. Эдгээр эм элгийг хүчтэй гэмтээдэг тул дэлхийн олон орон эмчилгээнээс хассан. Хүн амын дунд үе мөч, нойр булчирхай, уушиг, сүрьеэгийн өвчин  газар авсаар. Тэр дундаа цэргийн байгууллагад ажилладаг залуус энхийг сахиулахаар халуун орныг зорихдоо хумхаа өвчний эсрэг эм ууж, вакцин хийлгэдэг. Энэ нь элгийг нь их гэмтээж байна. Мөн хорт нөхцөлд, зам тээвэр, барилгын дотоод засал чимэглэл, бензин түгээгүүр, химийн бодисын үйлдвэрт ажилладаг хүмүүсийн элэг их мууддаг. Элэг хоол хүнснээс гадна хүний амьсгалсан хий, бодисын солилцоогоор орсон цусан дахь хорыг шүүсээр эцэст нь өөрөө гэмтдэг эмзэг эрхтэн. Тэр бүү хэл арьсанд түрхсэн гоо сайхны бүтээгдэхүүн, химийн бодисын хорыг элэг давхар шүүдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд элэг судлалын хүрээлэнтэй тул энэ эрхтэнд хэрэг болох олон зүйлийг судалдаг. Зөвхөн ганц элэг гэлтгүй бусад эрхтэнийг эрүүл байлгахад хоол эмчилгээ тустай. Хоол эмчилгээ Азийн  орноос Япон, Солонгос, Хятадад түгээмэл байдаг. Ард түмэн нь хоол эмчилгээг эрхэмлэж, хүнсэндээ эрүүл мэнддээ хэрэг болох тустай ногоо хэрэглэдэг. Хүрэн манжин, улаан манжин, сармис элэгний хорыг тайлж цирроз үүсэхээс хамгаалдаг. Шар буурцаг, хатаасан байцааг буцалгаж шөл хийгээд өдөрт гурван удаа ууж занших хэрэгтэй. Ингэх нь элэгний хорыг шээсээр хөөж гаргадаг. Элэгний өвчнийг хоолоор эмчлэх нь эмийн эмчилгээнээс илүү үр дүнтэй.

    -Монголчууд ногооноос илүү уламжлалт хоолоо түлхүү хэрэглэдэг. Гэхдээ бидний дурлаж иддэг бүхэн эцэстээ өвчний суурь болоод байгаад л хамаг учир байх шиг ээ?

    -Монголчуудын туйлшрах үзэл олон зүйлд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, хөгзөрсөн цагаан идээ идэх сайн гэж хүмүүс ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Зун айраг ууж, боодог, хорхог идэн наадаж цэнгэдэг. Айрганд эрүүл мэндэд хэрэг болох амин дэм бий ч хэтрүүлэн хэрэглэвэл элэг гэмтээх метилийн спирт агуулагдаж байдаг. Айраг их уудаг хүний элэг хэтдээ хатууран томордог. Орон нутгийн байрлалаар авч үзвэл Булган, Өвөрхангай, Архангай, Дундговь, Дорноговь, Хэнтий нутгийн хүмүүс элэгний хатууралтай болсон нь ажиглагддаг.

    -Элэг олон зүйлээс шалтгаалж өвчилдөг тухай өмнө нь уншиж байсан. Энэ өвчинтэй тэмцэж, олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эмчээс сонсох нь илүү үр дүнтэй байх болов уу? 

    -Элэгний үрэвслийг ерөнхийд нь ноцтой болон удаашралтай гэж ангилдаг. Өвчний илрэл нь үргэлжлэх хугацаанаас хамаарна. Хоолны дуршил буурах, дотор муухайрах, гэдэс дүүрэх шинж тэмдэг ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүст тод илэрдэг. Заримд нь шар толбо илэрдэг. Үүнийг элэгний шар гэдэг. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүсийг зөв оношилж эмчилбэл хоёр сарын дотор эдгэрч тэнхэрнэ. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүсийн хажууд удаашралтай элэгний үрэвсэлтэй хүмүүсийн өвчний илрэл тийм ч ил явагддаггүй. Зарим хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Удаашралтай элэгний үрэвслийг хэвийн болон хөдөлгөөнт гэж хуваана. Хэвийн үрэвсэлтэй хүмүүсийн бие ядарч, хоолны дуршил багасан элэгний орчим өвддөг. Харин хөдөлгөөнт элэгний үрэвсэлтэй хүмүүсийн биеийн байдал хурдан мууддаг. Урт хугацаагаар хоол идэх дуршил буурч, турж эцнэ, амархан уурлаж бухимдана, нойр муудна, хүзүү, нүүрэн дээр юм гарч, гарын алга нь хөлөрнө, элэгний орчим байнга өвдөнө. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг мөчлөгт өөрчлөлт орно. Удаашралтай элэгний үрэвсэлтэй хүмүүсийн өвчний явц удаан байдаг тул нэг жил, түүнээс олон жил илэрдэггүй тал бий. Мөн нэг төрлийн ноцтой элэгний үрэвсэл байдаг. Бие хурдан хугацаанд тамирдаж, ойр ойрхон огиулан хамраас цус гарна. Хоёр гар нь салганаж, санах ой мууддаг. Өвчин газар авсан бол  өөр бусад эрхтэнд нөлөөлдөг. Ноцтой элэгний үрэвсэл нь эрүүл мэндэд халтай. Энэ өвчнөөр өвчлөгсдийн ихэнх нь нас барах магадлал өндөр байдаг.

    -Элэгний өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар дэглэм сахих вэ?

    -Тайван орчинд унтаж амрах нь өвчнөө эмчлэхэд хамгийн чухал. Сайн унтаж амардаг хүмүүс хурдан тэнхэрдэг. Амрах үед цусан хангамж сайжирдаг тул элгэнд шим тэжээл өгдөг. Хоол идсэний дараа нэгээс хоёр цаг зайлшгүй амрах хэрэгтэй. Хэвтэхэд элэг хүлээж авсан шим тэжээлээ биеийн шим тэжээл дутагдсан хэсгүүдэд тараах үед амарч чаддаг. Цусан хангамж сайн байвал элэг төлжиж чаддаг. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүс витаминаар баялаг, ялангуяа витамин С-тэй хоол хүнс хэрэглэвэл хорыг түргэн гадагшлуулна. Өвчилсөн үед кальц, төмөр болон давс, витамин В, К зэргээр дутдаг тул хоол хүнснээс гадна витамин хэрэглэх хэрэгтэй. Хэвлийн хэсэг усаар дүүрэх үед давс багатай хоол идэж, шингэн зүйл бага уух шаардлагатай. Хамгийн гол нь хоол хүнсээрээ шингэнээ нөхөж авах нь чухал. Дутагдаж буй зүйлсээ тэр дор нь нөхөж авах шаардлагатай. Элэгний үйл ажиллагаа сулрах үед тархин дахь зэс, хүрэл багасдаг. Үүнээс болж оюун ухаан самуурна. Ийм үед даруй зэс, хүрэл агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

    -Элэгний өвчний тухай өгүүлсэн таны цуврал ном хүмүүсийн сэтгэлд нийцсэн байна лээ. Өвчний наад захын шинж тэмдгийг номны тусламжтайгаар мэдэж авна гэдэг өөртөө эрүүл мэндийн мэдлэг хуримтлуулж байгаа сайн хэрэг шүү?

     -Миний  хэвлүүлсэн ихэнх номонд  элэг судлал, элэгний хавдар судлал, элэгний эмчилгээ, элэгний өвчтэй хүмүүсийг хоолоор эмчлэх тухай бий. Сүүлийн үед эмчилгээтэй холбоотой толь бичиг сонирхож, Англи-монгол толь гаргасан. Хоол эмчилгээ, ургамал эмчилгээний талаар “Монголын эмийн ургамлын толь” хэмээх 6000 үгтэй Монгол латин хэл дээр толь бичиг хэвлүүллээ. Үүнээс өмнө 10-аад төрлийн толь бичиг зохиосон. Хэл сурахад толь бичиг их чухал. Хамгийн сүүлд Хятад Монгол анагаах ухаан, Япон Монгол анагаах ухааны толь бичиж хэвлүүлэв. Элэгний өвчин үүсэх шалтгаан, эмгэг явц, эрт болоод хожуу илрэх шинж, тийм үед ямар эмчилгээ хийх талаар олон ном бичлээ. Элгийг зөвхөн эмээр эмчилдэггүй юм. Элэг нь өвчилсөн хүн амархан ядарч шалтгаангүйгээр турж, царай нь харладаг. Элгэний  гадна нимгэн хальс бий. Элэг томрох, уйланхай үүсэж, хавдар ургах үед хальс нь тэлэгдэж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Монгол хүн өөр бусад үндэстнээс ахуй амьдрал, зан ааш, түүх соёлын ялгагдах олон онцлогтой. Нүүдлийн аж амьдралд сайн тал, муу тал ч бий. Шинжлэх ухаанд батлагдсан эмчилгээний арга байхад тэр сайн, энэ сайн гээд амьтны элэг, уушиг, цус ууна гэж зөрүүдлэн дур мэдэн эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлдэг. Эртний анагаах ухааны сударт энэ аргыг тэмдэглэж үлдээсэн байдаг ч өдгөө 1000 жилийг ардаа үдсэн тул хувьсал хөгжилтэй хамт урагшлах нь зүйтэй юм. Манайхан ямарваа эмчилгээг тууштай хийлгэдэггүй, дундаас нь орхидог дутагдалтай. Эм уух дургүй, тэр дундаа шат дараалсан эмчилгээнд бүр ч дургүй. Аль болох хурдан эдгэхийг хүсэж, янз бүрийн зүйл хэрэглэдэг. Би Ази, Европын олон оронд очиж судалгаа хийсэн. Монголчууд шиг өвчнийхөө эмчилгээнд хайнга ханддаг улс байхыг олж хараагүй. Элэгний хавдрын өвчлөлөөр Монгол дэлхийд дээгүүрт орж байна. Шинжлэх ухаан хөгжиж, өнөө үед элэгний вирус эмнэдэг шинэ эм гарч эхэллээ. Монголд ирэх сард шинэ эмийн эмчилгээ нэвтэрнэ. Элэгний С вирус дийлдэхгүй 50 хувьтай их удлаа. Интерферон тариа,  50-60 мянган долларын үнэтэй эм уусан ч өвчин 50 хувийн л үр дүнтэй байсан. Тэгвэл одоо элэгний энэ өвчинд 90 хувийн үр дүн үзүүлэх шинэ эм дэлхийд гарлаа. АНУ-ын эрдэмтэд элэгний С вирустэй олон жил дайн зарлаж, өчнөөн тэрбум доллар зарцуулж байж амжилтад хүрлээ.

    Bирусын гепатит В

    Энэ вирус  хүн төрөлхтөнд их хор хөнөөлтэй. Жил бүр хурц архаг гепатит В вирусээс болж нэг сая гаруй хүн нас барж байна. Элэгний анхдагч хавдар үүсгэгч нэг шалтгаан нь элэгний хатуурал үүсэх юм. ДЭМБ-ын мэдээгээр жилд элэгний циррозоор хоёр сая орчим хүн нас бардаг. Тэр дундаа элэгний үрэвсэл хурдан явцтай цахилгаан хэлбэр нь бүр аюултай. В вирус гадна орчинд их тэсвэртэй, эмнэлэгт багаж төхөөрөмж ашиглан мэс засал хийх, цус юүлэх үед халдварлана. Мөн нүүр гарын алчуур, хамрын алчуур, шээсний саваар ч халдварлана. Өвчний  нууц үе нь зургаан сар байж болно.

    Bирусын гепатит С

    С вирусын гаралтай элэгний хавдар үүсэх нь өвчтөний настай холбоотой гэж үздэг. Элэгний халдвар нь халдварлагдсанаас хойш 10-29 жилийн дараа үүсдэг. С вирусын халдварын үед цус сэлбэлтээс халдвар авсан бол 20-25 жилийн дараа, хатууралтай бол 5-10 жилийн дараа хавдар үүснэ. Эрчүүд эмэгтэйчүүдээс 4-6 дахин их өвчилдөг. “Чимээгүй хөнөөгч” шинж тэмдэггүй явагддаг. Удаавтар явцтай, үхэл өндөр. В, С вирус хоёулаа зэрэг байх тохиолдол бий. Энэ нь өвчний явцыг улам хүндрүүлдэг. В, С вирус цусаар халдварлана, бас бэлгийн замаар дамжих боломжтой. С вирус бие махбодийн хавдрын эсрэг чадварыг бууруулдаг.

    -Таныг элэгний хорт хавдрын судас боох эмчилгээг Монголд анх нэвтрүүлсэн гэж ярьдаг юм билээ. Энэ эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

    -Энэ эмчилгээг Монголоос анх заалгасан хүн би л дээ. Элэгний судас боох эмчилгээг 25 жилийн өмнө Японы Цүкүбагийн их сургуульд хэлний бэлтгэлд сууж байхдаа анх харж байсан. Миний хувьд тэр үед элэг рүү ямар судас ордог, хэрхэн эмчилдгийг мэддэггүй байсан. Тэр үед надад Токиогийн Икашика их сургуульд суралцах аз тохиосон юм. Тэнд байхдаа тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг дагаж элэгний өвчнийг судсаар оношлох, эмчлэх аргад суралцсан. Японд энэ эмчилгээ их хөгжсөн. Хагалгаа хийх боломжгүй элэг нь  хэт томорсон үед энэ эмчилгээг хийдэг. Элэг жижгэрсэн үед энэ эмчилгээг хийвэл хатдаг. Элэгний хорт хавдрын судас боох эмчилгээ Монголд нэвтрээд 20 гаруй жил болж байна. Одоо Клиникийн I, III эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэгт ажиллаж байгаа шавь нар маань энэ эмчилгээг гардан хийж байгаа. Энэ эмчилгээ өнөө үед хоцрогдсон арга биш. Элэгнийхээ судсыг боолгоод 10 жил амьдарч буй хүн бий. Монголд уг эмчилгээг нэг сая төгрөгөөр хийдэг. Япон, Солонгост бол 20 сая төгрөгийн өртөгтэй. Гэтэл 300-400 сая төгрөгөөр элэг шилжүүлэн солиод гурван сар болохгүй бурхны оронд заларч байгаа хүн олон бий. “Унасан морио хаяад уулын буга хараад давхина” гэдэг шиг өвчний эмчилгээнд хайнга хандаж болохгүй. Элэг солиулах нь  эмчилгээний эцсийн арга хэмжээ. Манайхны дунд элэг солихоор эрүүл болно гэдэг ташаа ойлголт байх юм. Хүний эд эрхтэнийг өөрийн болгохын тулд насан туршдаа гамнана. Хүний л эрхтэн болохоор хүнийх л байна шүү дээ. Элэг солиулсан ч  байсхийгээд л ховхрох гээд байдаг тул дархлаа дарангуйлах эмчилгээ насаараа хийлгэнэ. Элэг солиулаад өөрийн элэг шиг эрүүл саруул байна гэдэг хэцүү. Элэгний судсыг боосон байхад үйл ажиллагаа явуулж байдаг. Элгэнд нөхөн төлждөг давуу тал бий. Элэг шилжүүлэн суулгадаг эмчилгээгээр Швейцарьт алдартай эмч бий. 600 хүнд элэг шилжүүлэн суулгасан тэрбээр “Хоёр өөр эрхтэний хавдартай бол хавдрыг нэгэн зэрэг тайрч болохгүй. 50 хувиас хэтрүүлэн тайрвал элэгний дутагдалд орох гээд байдаг” гэж хэлж байсан. Элэгний хавдрыг тайрах нь элэгний анхдагч болон хоёрдогч хорт хавдартай олон өвчтөний хувьд эмчилгээний цорын ганц арга болоод байна. Хавдар нэгэнт давшингуй ургаж буй шатандаа элэгний хатууралд суурилан үүссэнээр илэрдэг учраас элэг тайрах төгс эмчилгээг зөвхөн цөөн өвчтөнд хийх боломжтой байдаг. Залуу 40-өөс доош настай элэгний эд нь эрүүл хүний элэгний 75 хүртэлх хувийг тайрч болдог, харин элэгний суурь өвчтэй буюу ахмад 70-аас дээш насны хүмүүст тайралтыг харьцангуй бага хэмжээгээр хийх нь зүйтэй. Одоо шинжлэх ухаан хөгжсөн болохоор 60 хувийг нь тайрдаг болсон. Эхлээд элэгний хавдрын том хэсгийг нь тайрч, хоёр сарын дараа мэс засалд дахин ороход тайрсан элэг төлжөөд ургачихдаг тул үлдсэнийг нь тайрч болдог. Тэгэхээр элэг нөхөн төлжиж, эмчилгээ авч чаддаг урамтай эрхтэн байгаа биз.  

    -Судас бөглөх эмчилгээг ямар тохиолдолд хийдэг юм бэ?

    -Элэгний хорт хавдрыг бөглөх гол шалтгаан бол элэгний хатуурал өвчний улмаас хавдартай ихэнх өвчтөн мэс засал хийлгэх боломжгүй байдаг. Судас бөглөх эмчилгээг дараах тохиолдолд хэрэглэдэг. Үүнд:

    -Мэс засал хийх боломжгүй хавдруудын үед

    -Цус алдалтыг зогсоох, хянах

    -Мэс засал хийхээс өмнө хавдрын судасгүй, судас багасгах

    -Артери, венийн гажиг, цорго, цүлхэнг эмчлэхэд

    -Ямар нэг эрхтэнг мэс заслаар тайрахаас өмнөх бэлтгэлд болгоход

    -Цусны урсгалыг өөрчлөхөд

    Бөглөх гэдэг бол тодорхой зорилготойгоор нарийн гуурсыг сонгосон судас дундуур байрлуулж, түүгээр бөглөх материал хийж эмчилгээний үр дүнд хүрэх арга юм.

    -Азийн орнуудаас ямар улс элэгний өвчлөл багатай вэ?

    -Элэг судлалаар Азидаа Япон, Сингапур, Хятад улс тэргүүлдэг. Хүн ам ихтэй учраас эмчилгээний тал дээр илүү туршлагатай. Надаас хүмүүс “Хөх хот, Бээжин хоёрын алинд нь очиж эмчилгээ хийлгэх вэ. Сүүлийн үед Хөх хотыг сайн гэх юм” гэж асуухаар нь “Ховд Улаанбаатар хоёр хөгжлөөр ямар ялгаатай билээ, түүн шиг шүү дээ” гэж хариулдаг юм. ДЭМБ-ын мэдээллээр бол АНУ элэгний өвчлөлөөр харьцангуй бага үзүүлэлттэй гардаг. АНУ-ын 100 мянган хүн тутамд дөрвөөс таван хүн өвчилдөг. Европчууд элэгний өвчлөлийг Азийн өвчин гэж ярьдаг. Сүүлийн үед Хятад улс хоол эмчилгээг их эрхэмлэх болсон. Хятадын ард түмэн байцаа, шанцай, хулуу, улаан манжин, лууван их иддэг. Элэгний өвчнөөс өөрийгөө хамгаалж байгаа нь тэр шүү дээ.

    -Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон тухай саяхан мэдээлсэн. Энэ бол манайдаа л том дэвшил шүү дээ, тийм ээ?

    -Монгол эмч нар мэдлэг, туршлага, эмчилгээгээрээ гадаадын эмч нараас дутахгүй. Миний хэдэн шавь нар элэг судлал хавдар, элэгний голомтот эмгэг, дүрсийн оношлолын аргаар эмчилж байна. Шавь нараас цол зэрэг хамгаалахаар БНСУ, Тайвань, Япон  оронд суралцаж байгаа. Хүү Түвшинтөгс маань элэгний эмч, надтай хамт ажилладаг. Дүрсийн оношлолын аргаар элэгний судас тодруулах, бөглөх эмчилгээний чиглэлээр анагаахын сургуульд зургаан жил суралцаж дүүргэсэн. Мөн Энэтхэг, Төвд, Япон, Англи улсад мэргэжил дээшлүүлж суралцлаа. Эдгээр улсын хэл дээр хэвлэгдсэн эмчилгээний ном орчуулан хэвлүүлж байна. Хамгийн гол нь төр засаг эмч нараа сайн дэмжих хэрэгтэй. Төсөв хөрөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байснаас гурван сая хүн амтай эх орондоо анагаах ухааны томоохон лаборатори байгуулж, түүн дээр ажиллаж чадах мэргэжилтэн бэлтгэх  хэрэгтэй байна. Улс орны хөгжлийг ард түмнийх нь боловсрол урагшлуулдаг. Монголчуудыг өнөөгийн бэлэнчлэх сэтгэлгээ улам л залхуу болгосон. Хойч үеэ сайн бэлдвэл улс орноо сэтгэлгээний ядуурлаас аварч чадна

    -Элэгний үрэвсэл хүндэрсээр эцэстээ хорт хавдар болох уу?

    -Элэгний үрэвслийн суурин дээр элэгний хатуурал үүсэж, улмаар хорт хавдар үүсэх нь элбэг. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын 80 хувь нь элэгний хатуурлын суурин дээр үүсдэг. Элэгний өвчин олон янз. Элэгний үрэвсэлтэй үед элэгний хорт хавдраар өвчлөх магадлал өсдөг. Элэгний үрэвслээр өвдөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол тэр нь архаг үрэвслийн хэлбэрт шилжиж цирроз болдог. Элэгний хатуурлын суурин дээр элэгний хорт хавдар үүсдэг. Элэгний үрэвсэлтэй хүн эхлээд тохирох амин дэм агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ байнга эм хэрэглэдэг өвчтөний хувьд эм нь элэгний өвчнийх нь "найз" болчихсон байдаг. Тиймээс хоол хүнсээр эмчлэх нь үр дүнтэй.

    -Элэг үрэвссэн үед ямар хоол хүнс хэрэглэвэл үр дүнд хүрэх вэ?

    -Элэгний өвчтэй хүн өдөрт гурван удаа хооллох хэрэгтэй. Өглөө чанартай сайн хоол иднэ, өдөр цадталаа иднэ, орой бага хоолло. Яг цагтаа хооллож занших хэрэгтэй. Хамгийн гол нь тохирох хэмжээний уурагтай зүйл идэх нь зохистой. Тохирсон чихэр, хүнсний ногоо жимс жимсгэнэ, уух зүйл хэрэглэ. Өвчний энэ үед тохирсон хэмжээний, тэнцвэр алдагдуулахгүй амин дэм чухал байдаг. Хүмүүс өглөөний цайгаа хагас дутуу уудаг. Энэ нь цөсний шүүсийг багасгадаг тул цөсөнд үрэвсэл болон чулуужилт үүсгэнэ. Өглөөний цай уухгүй, өдрийн хоол хагас дутуу идэж, орой хэтэрхий их идэх зуршилтай болсноор элэг цөсний өвчин тусах магадлал өндөр байдаг. Хоол идэхдээ амандаа удаан зажилж шим шүүсийг нь сорж идвэл сайн. Өнгө амт хосолсон, төрөл зүйл олон байвал идэх дуршил нэмэгдэж, элдэв өвчинг эдгээх үндэс суурь болж өгдөг. Ус түлхүү хэрэглэх хэрэгтэй. Залуучууд өдөрт хоёр литр доошгүй хэмжээний ус хэрэглэ. Ингэх нь цусанд сайн, цөсийг цэвэрлэж их шээдэг. Жилийн дөрвөн улирлын цаг агаар, уур амьсгал өөр байдгийг харгалзаж, хоол хүнсээ амин дэмээ сонгож хэрэглэх нь зүйтэй юм.

    -Элэг хорт хавдар болтлоо ямар үе шатыг туулдаг бол?

    -В, С вирус элгэнд хорт хавдар үүсэх хамгийн том шалтгаан болдог. Дэлхийд элэгний 10 гаруй, монголд 3-4 төрлийн вирус элбэг тохиолдож байна. Монголчууд элэгний өвчний хамгийн хүнд хэлбэрийг голдуу тусдаг. С вирустэй хүн архи уувал улам хүндэрдэг. Түүнээс биш эрүүл элгэнд хавдар үүсэх нь ховор. Хэрвээ үүссэн тохиолдолд анхдагч өмөн үү гэж нэрлэдэг. Элэгний хатуурлын суурин дээр хавдар үүснэ. Элэгний үрэвсэл хүндрэхээрээ хатуурал болдог. Элэг байх ёстой хэмжээнээсээ жижгэрч хатууран барзайдаг. Тийм үедээ эмчилгээ авах хэцүү байдаг. Бусад эрхтэнтэй харьцуулбал элэг үнэхээр чимээгүй эрхтэн. Вирусын халдвар авчихаад байхдаа, гэмтэхдээ, хордохдоо, бас эд эс нь сорвижоод хатуурчихаад байхдаа ч бараг зовиур  илэрдэггүй. Үйл ажиллагаагаа чинээнд нь тултал чадахаараа л хийж байдаг. Ийм учир элэгний өвчин зовиуртай болтлоо олон жил өнгөрсөн байдаг. Хамгийн анх мэдэгдэх шинж тэмдэг нь амархан ядрах, эцэх, цуцах, зан байдалд нь өөрчлөлт орсныг удаан уулзаагүй урьдын танил нь анзаардаг. Шалтгаангүй ядрах, бие сулрах, цочромтгой болох, сэтгэл санаа уйтгартай гутранги болох шинж тэмдэг өвчний аль ч үе шатанд  ажиглагдах бөгөөд заримдаа элэгний өвчин оношлогоо олон жил өнгөрсний дараа ч эмчид хандах гол шалтгаан болдог төдийгүй онош нь тогтоогдохгүй олон эмч нарт хандах хэрэг гардаг. Ядрах эцэх шинж өдрийн аль ч цагт ажиглагдах боловч голдуу өглөө тохиолдох нь элбэг. Сэрээд нэг цаг болсны дараа өдөржин ажилласан юм шиг эцдэг. Надад нэг эрдэмтэн үзүүлж байхдаа “Гар дор байгаа юмыг хажуудах хүнээсээ аваад өгөөч гэж гуймаар эцсэн байдаг” гэж билээ. Элэгний өвчин тархи, сэтгэл зүйд нөлөөлдөг. Хөнгөн хэлбэрийн өөрчлөлтөд орсон хүмүүс юмыг амархан мартаж эхэлдэг. Эм тангаа уусан эсэхээ, нүдний шилээ хаана тавьснаа санадаггүй. Цочимтгой, түргэн ууртай болно. Хүнд хэлбэрт шилжихээрээ он сар, өдөр, өөрийн нэр хаягийг мартана. Тархи маанагтах нь элэгний өвчин их хүндэрсний шинж юм. Харин элэгний хоргүй хавдрын үед онцын зовиур шаналгаа мэдрэгдэхгүй. Зарим өвчтөнд хэмжээ нь хэт томорвол аймхай орчимд эвгүй оргих, хоол идсэний дараа гэдэс дүүрч байгаа юм шиг санагддаг. Ийм үед турах, халуурах, амьсгаадах, шарлах, хаалган венийн даралт ихсэх шинж мэдрэгдэнэ.

    -Сүүлийн үед хүн амын дунд элэг өөхлөх өвчин газар авч байгаа гэж дуулдах юм, үнэн үү?

    -Элэгний өөхлөлт нь сүүлийн 10 жилийн хугацаанд хурдацтай өсөн нэг л мэдэхэд дөрвөн хүний нэг нь уг өвчинд нэрвэгддэг цаг үе болжээ. Цусны шинжилгээнээс харахад ихэнх тохиолдолд ямар нэг адил төстэй зүйл болон тодорхой шинж чанаргүй өвчнүүд боловч, элэгний өөхлөлтөнд хүчлийн стресс үргэлжлэн нэмэгдэхэд, элгэнд сорвижилт үүсэж элэгний архаг үрэвслээс элэгний хорт хавдарт шилжих учраас хайхрахгүй байхын аргагүй юм. Нөгөө талаас элэгний өвчнийг хэрхэн яаж эмчлэх вэ гэсэн судалгаа шинжилгээний аргууд хөгжиж, зөв эмчилгээний арга барил нь амьдралын хэв маяг, үйл явц дээр тулгуурлан бүрэн эмчилгээний болон тархалтыг зогсоох аргыг бий болгож чадсан. Би 30 жилийн турш элгээр мэргэшин олон өвчтөнтэй харилцаж ирсэн. Ууж буй бүх эм элгээр дамжин махбодид үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр нь өөх тосонд уусаж байвал илүү сайн шимэгддэг. Тосонд уусдаггүй эм усанд уусдаг. Усанд уусдаг эм муу шимэгддэг. Тосонд уусдаг эм ходоод гэдэсний ханаар амархан шимэгдэж цусны урсгалд орно. Эм тодорхой үйлчилгээ үзүүлсний дараа биеэс ялгарч гарах ёстой. Тосонд уусдаг эм уурагт эсвэл өөхөн эсэнд наалдаж, цусны урсгалаар эргэлддэг. Биеэс амархан гарахгүй эмийг усанд уусдаг болгон өөрчлөх шаардлагатай. Энэ ажлыг элэг үр дүнтэй гүйцэтгэнэ. Элэгний судсуудад  цонх гэж нэрлэгдэх нүхнүүд байдаг. Ихэнх эм, бусад бодис элэгний судасны энэ нүхээр орж элэгний эсэд очдог. Элэгний эсэнд ормогцоо өөхөнд уусдаг эм усанд уусдаг эм болон  хувирдаг. Элэг өвчлөхөд эмийн солилцоо өөрчлөгдөнө. Биенд эмийн хортой тун хуримтлагдахад амь насанд аюултай болдог.

    -Элгэнд өөх үүсгэдэг гол шалтгаан юу вэ?

    -Элэг өөхлөх нь голдуу таргалалт, бодисын солилцооны эмгэг, архи буюу эмийн хэрэглээтэй холбоотой үүсдэг. Элэгний өөхлөлтийг сүүлийн үед амьдралын хэв маягийн өвчин хэмээн нэрлээд байгаа. Тиймээс хэтрүүлэн идэх, хэтрүүлэн уухаас зайлсхийх хэрэгтэй. Хэт таргалалтын эсрэг хоол хүнс хэрэглэх, биеийн тамираар хичээллэх нь элгэнд бөөгнөрсөн өөх  хайлдаг. Бие доторх өөхийг хайлуулахын тулд 20 минут орчим аэробэкийн дасгал хийж, 30 минут явган алхаж занших хэрэгтэй. Өдөр бүр 7000-10000 алхам хурдан алхвал үр дүнтэй. Элэгний өөхлөлтийн хувьд бага ч гэсэн жин хасвал байдал сайжрах тохиолдол элбэг байдаг ч хурдан хугацаанд гэнэтийн жин хасалт нь буцаад илүү их жин нэмэгдэх магадлалтай байдаг тул хоол эмчилгээ болон хөдөлгөөний эмчилгээг хавсран, хүчлэхгүйгээр биеийн жингээ хасах аргыг хэрэглэх хэрэгтэй. Элэгний өөхлөлт амь насанд аюул занал учруулдаг өвчин биш учраас амьдралын хэв маягаа сайжруулахад гурван сарын дотор эдгэрэх боломжтой.Зарим хүн элэгний өөхлөлтийн талаар мэдлэг хомсын улмаас удаан хугацаанд хүндрүүлэх тохиолдол их.

    -Өнөөгийн залуус сархадтай нөхөрлөж байгаа нь өвчнийг газар авахад ихээхэн нөлөөлж байгаа юм шиг санагддаг?

    -Архи их хэмжээгээр удаан уух нь элэгний эсэд шархлаа үүсгэн улмаар устаж үгүй болоход хүргэдэг. Үүнээс үүдэж элэгний сорвижилт хүндэрдэг. Энергийн хэмжээ ихтэй архийг өдөр бүр их хэмжээгээр ууж хэрэглэвэл элэг нь бусад хүнснээс авсан энергээ илүүдэл болгон өөх тосоор элгэнд хадгалж эхэлдэг. Элэг архийг задлах ажилдаа дарагдан өөх тосыг хангалттай хэмжээнд задлаж чадахгүй болсноор өөх тос нь бөөгнөрөлд ордог. Энэ нь архины гаралтай элэгний шархлааны эхний үе болох элэгний өөхлөлт юм. Согтууруулах ундааг удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэснээр элэгний өөхлөлтөөс элэгний хатууралд шилждэг. Хэрвээ хүндэрсэн ч архи уухаа зогсоож чадвал тодорхой хэмжээнд эмчлэгдэх найдвар бий. Их хэмжээгээр архи уувал элэг сорвижин, бүтэц нь хатууран үйл ажиллагаа явуулж чадахаа больдог.

    -Та элэгний хатуурал бол хамгийн сүүлчийн шат гэж дээр өгүүлсэн. Тэгэхээр өвчин энэ шатанд хүрсэн тохиолдолд ямар ч эмчилгээ хийсэн найдваргүй гэж ойлгож болох уу?

    -Элэгний архаг үрэвслийн нэлээд хүнд урхаг нь элэгний хатууралд өөрчлөлт орох юм. Элэгний эрүүл эд эс гэмтэж үхжил болсны дараа сорвижилт үүснэ. Элэгний сорвижилт үүсгэж буй гол шалтгаан бол архи, вирусын халдвар юм. Сорвижсон эд эс нь элэгний цусны урсгалд саад болсноос хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахаа болино. С вирусыг биеэс зайлууж чадахгүй бол сорвижилт улам л газар авна. Элэг чулуу шиг хатуурч зангилаанууд үүснэ. Үүнийг л элэгний хатуурал гээд байгаа юм. Элэгний хатуурал бол элэгний өвчнүүдийн хамгийн сүүлчийн шат. Шалтгаан нь ямар байхаас хамаарахгүй, сүүлчийн үр дүн нь адил байх болно. Элэгний хатуурал үүстэл олон жил болно. Төрөл бүрийн эм, эмийн ургамалтай эм элгийг үлэмж хэмжээгээр хатууруулдаг тал бий. Элэгний хатуурлын эмнэл зүйн илрэл нь олон янз. Элэгний цочмог үрэвсэл, элэгний идэвхтэй архаг үрэвсэл, нөгөө талаас  хэдэн жил, тэр ч бүү хэл хэдэн арван жил ямар ч шинж тэмдэггүй явагдаж байснаа гэнэт хүндрэлийн шинжээр (улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдах, эсвэл элэгний анхдагч хавдар үүсэх) илэрч болно.

    -Илрэх шинж тэмдэг нь...

    -Элэгний хатуурлын үед шалтгаанаас үл хамааран хэд хэдэн содон шинж гарна. Элэг хатуурч, сорвижсон гэдгийг тайлах түлхүүр шинж бий. Зарим хүнд элэгний хатуурлын эхэн үед ямар ч шинж тэмдэг мэдрэгдэхгүй, жаахан ядрах, бие сулрах, хоол унданд дургүй болох, ходоод гэдэс хямрах үеэр өвдөх шинж мэдрэгдэнэ. Ийм шатанд байгаа бол ээнэгшлээ алдаагүй элэгний хатуурал гэж үздэг. Элэгний хэлбэр, хэмжээ цуллаг байдал өөрчлөгдөж элэг хатуу болсон байдаг. Дэлүү томорно. Дээрх хүндрэлийг хэсэг хугацаанд хянаж, элэг эмчлэгдэх, буцаад хэвэндээ орох ямар ч  бололцоогүй болж, цорын ганц эмчилгээ нь элэг солих, донорын элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болдог. Элэг хатуурахад биеийн булчин болоод тэр дундаа  гар, дээд мөчний булчин шуугдаж эхэлнэ.Дэлүү томроход ялтсан эсийн тоо цөөрдөг тул цус гоожимтгой болдог. Элэгний хатуурлаас үүдээд дотоод шүүрлийн дааврын үйл ажиллагаа алдагдана. “Элэгний алга” гэж нэрлэгдэх алга улайх шинж эрхий хурууны угийн товгор болон эсрэг  талд нь тод ажиглагдана. Энэ нь элэгний хатуурлын улмаас тараагуур хураагуур судасны холбоос үүссэнээс үүдсэн шинж. Гарын алга халуун байдаг. Цээжний дээд хэсэг, нуруу, хүзүү, нүүр, гарын судас өргөсдөг. Жижиг аалз шиг дүрстэй судасны бөөгнөрөл гарна. Үс их хэмжээгээр унана. Эрэгтэй хүний хөх томорно, хумсны ягаан туяа цагаан өнгөтэй болно. Хумсны суурьт хагас саран цагариг алга болно. Биеийн дээд хэсэгт цаасан мөнгөний дэвсгэр дээр байгаа утас шиг нарийхан судаснууд гарч ирнэ. Элгийг тэмтрэхэд хатуурсан, гадаргуу нь барзгар, овгор товгор болсон байна. Энэ нь элэгний эдүүд сорвижоод овгор зангилаанууд үүссэнээс болж байгаа юм. Ходоод гэдэсний замаас цус алдаж байвал өтгөн хар өнгөтэй гардаг. Цус ходоодны хүчилтэй урвалд орсноос ийм өнгөтэй болсон гэж үздэг. Энэ шинж нь ээнэгшлээ алдсан циррозын үед гарна. Тиймээс яаралтай мэргэжлийн эмчид хандах нь зөв. Элгийг гаднаас нь зүүгээр хатгаж, жижиг нарийн эд соруулж аваад микроскопоор шинжилдэг. Монголчууд энэ аргад дургүй. Элэгнээс урж тасдаж авч байна гэж боддог. Хэрэв хорт хавдар байвал мэс хүрэхээр морийг нь унуулж, явцыг нь улам хурдасгана гэж үздэг. Элэгний хатуурал хорт хавдарт шилжиж байгаа бол турж эцнэ, хэвлийн баруун талаар өвдөнө, хөндүүрлэнэ, арьс хуурайшиж харлана,заримдаа шаравтар өнгөтэй болно. Элэгний хорт хавдар манай улсад хамгийн элбэг тохиолддог. Нийт хавдрын 40 орчим хувийг дангаараа эзэлнэ. Элэгний хавдар бол хамгийн хурдан явцтай хамгийн хөнөөлтэй өвчин. Элгэнд бүдүүн гэдэснээс үсэрхийлэл өгөх нь их . Мөн ходоод  уушиг, улаан хоолой, хөхний булчирхай, өндгөвч, бөөр, цөс, нойр булчирхай, савны хүзүүний хавдраас элгэнд үсэрхийлнэ. Хавдрын анхдагч үндсэн эсээс цус тунгалгийн судсаар дамжиж өөр эрхтэнд үсэрхийлнэ. Ийм хавдрын эсүүд хамгийн түрүүнд элгэнд үсэрхийлдэг. Элгэнд суунгаа шууд л ургахгүй тэдгээрийг  өдөөх нөхцөл хэрэгтэй. Хүчтэй гэмтэл, доргион осол аваарт орох, морь, мотоциклоос унах, хүнд зодуулах зэргийн дараа элэгний цирроз хүндрэх хавдар хурдан явцтай болдог. Элэгний хорт хавдрын эмчилгээ олон янз.

    -Элэгний хорт хавдрыг хоолоор эмчлэх эмчилгээний аргаасаа сонирхуулж яриач?

    -Элэгний мэс заслын эмчилгээнд орохоос өмнө өвчтөнд бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Тэгвэл хагалгааны явц хөнгөн, хүндрэл багатай, шарх сайн аньж эдгэдэг. Тэр дундаа А, С, Е зэрэг витамин хүнсний ногоонд их бий. Чихэр, цардуул, цагаан гурил сайнгүй. Хүрэн манжин, луувангийн шүүс холиод өгч болно. Шинэ бэлтгэсэн луувангийн шүүс өдөрт хагас стаканаар нэг сар уух хэрэгтэй. Луувангийн шүүс натри, кали, кальци, магни, төмөр, фосфор, сера, кремний зэрэг бичил элементээр баялаг. Эдгээр нь элэгний хавдартай өвчтөнд сайн. Лаазалж хадгалсан биш, бэлтгэснийхээ дараа шууд уувал сайн. Луувангийн шүүс хэрэглэж байхад цардуул, цагаан гурил, сахарыг аль болох идэхгүй байвал зүгээр. Элэгний халдварт өвчтэй хүний байнга идэж болох хялбар хоол хүнс гэж бий. Тухайлбал,

    Жи цай: Эртний хүмүүс “Хү шөн цай” гэдэг байсан. Нүүрстөрөгч  ихээр агуулдаг ногоонуудын нэг. Үүгээр дүпүтэй шөл хийж уувал элэгний өвчтэй хүнд сайн.

    Сан ца: Сан цад уураг их байдаг. Мөн С витамин хамгийн их байдаг ногоо. Элэгний ажиллагаанд сайн.

    Улаан зү: Витамин, луувангийн амин дэм их байдаг. Элэгний есөн төрлийн эсэд хэрэгтэй байдаг нүүрстөрөгч агуулдаг. Элэгний өвчтэй хүн хэрэглэнэ.

    Хуан хуа цай: Энэ цайнд олон төрлийн амин дэм болон витамин агуулагддаг. Байнга хэрэглэвэл удаан хугацааны элэгний үрэвсэлд эмчилгээ болдог.

    Шан мөөг: Олон төрлийн уураг витамин өндөр түвшингийн амин дэм агуулдаг.

    Хулуу: С витамин ихээр агуулдаг. Усдаж байгаа эсийг эмчлэнэ.

    Лууван: Амин дэм нь тэнцвэртэй байдаг тул олон төрлийн витамин, уураг агуулдаг. Энэ бүхэн нь хүний биеийн үйл ажиллагаанд сайн. Ихэнх луувангийн амин дэм С,А,В витамин агуулдаг. Элэгний ажиллагаанд дутаж болохгүй амин дэмүүдийг өгдөг.

    Байцаа: Олон төрлийн витамин байдаг нь элэгний өвчинд тустай. 

     -Танд өдөрт хэчнээн хүн ханддаг вэ?

    -Элэгний үрэвсэл, хатуурал, хавдартай хүмүүс голдуу ирж эмчилгээ хийлгэдэг. Би өдөрт 20-30 өвчтөн үздэг. Хүн эрүүл байхын тулд өөрийн гэсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг үг бий. Ямар ч үед өвчнөөс урьдчилан сэргийлж чадах мэдлэг боловсролтой байна гэдэг өөрийгөө олон таагүй зүйлээс аварч чадах аврал юм шүү дээ.    

                                                                                                                                                                     Г.Батцэцэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй