ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    15 НАСНЫ МИНЬ ДУРЛАЛ

    Орос цэргүүд аль 80-аад онд барьж өгсөн орон сууцны есөн давхар барилгын  чердакан дээр гараад хашлага налан суулаа. Хайрцаг кент, гурван шил шар айраг надад хань болж арван хэдэн жилийн тэртээ шархалсан сэтгэлийг минь тайвшруулахаар хажууд минь байх. Чааваас, амьтан хүний ад үздэг энэ хоёр маань олон ч жил хань болж, зовлонгоос минь хуваалцсан даа.

    Хавар… Сэтгэл шаналж, зүрх хоосорсон зэгэл өдрүүд. Гудамж уйлагнасан, хөл дор шалбааг пялхийсан, бүсгүйчүүд нүүрээ торгон алчуураар хаасан, үе үе салхи босч аманд шороо шажигнасан, элдэв үнэр хамар мурчийлгасан Улаанбаатар хотын хаврын уйтгартай өдрүүд. Энэ үеэр би чердакан дээр гарч нэгэн бяцхан од мөхсөн тэр өдрийг дурсдаг юм. 15 жилийн тэртээ мөн ч гэнэн, тэнэг, бодлогогүй, цайлган, ёстой л нэг хүүхдээрээ байж дээ. Би шар айрагнаасаа хоёр балгалаад, тамхиа сорлоо.

    …Цүнхэндээ хэдэн дэвтэр, хоёр гурван ном хийчихээд сургууль руугаа харайлгана. Наймдугаар анги болоод ч тэр үү цээжинд орчлон тэр чигээрээ багтаж, их л том болчихсон юм шиг маадгар алхдаг байлаа. Үнэндээ хичээл нэг их сонин биш, угаасаа нэгэнт ойлгохоос өнгөрчихсөн болохоор мэрийгээд ч нэмэргүй. Багш нар энэ нэг юманд заагаад ч ойлгохгүй гэсэн шиг намайг үл тоон ангийн хэдэн онц сурлагатнуудтай өдрийг өнгөрүүлж хааяа нэг над руу харж толгой сэгсэрнэ. Тэгэхэд нь би юу ч мэдэхгүйдээ гэмшиж шилэн хүзүүгээ мааждаг байлаа. Онц сурлагатнууд харах царайны ондоо. Үсээ мөлчийтөл нь самнаж, гонжоомоо гар эсгэчихэм нимгэн нугалаас гарган индүүдэн, гутлаа тоос хальтирмаар арчиж, өнгөлнө. Ирээдүй нь тодорхой гэгдэх дундаас доош сурлагатнууд арын паартанд сууж өөрсдийнхөө зохиосон шинэ үсгээр бичсэн захиаг бие биендээ дамжуулж хов ярилцана. Шерлок Холмсын номноос санаа авч үсэг зохиосон хэрэг л дээ. Охидууд замаас нь захиаг олзолж аваад чухалчлан унших гэвч нууц үсгийг мэдэхгүй учраас захиаг хэд эргүүлж тойруулснаа чулуудна. Тэгэхэд бид хөөрч, өөрсдөөрөө бахархдаг байлаа.

    10 жилийн сурагч байхдаа болохгүй, бүтэхгүй ямар ч их юм хийж нүгэл хурааж байв даа. Чулуугаар эсрэг байрныхантайгаа байлдаж нэгнийхээ тархийг хага цохино. Арай том болоод ирэхээрээ “дошин” дээрээ бариа хийнэ. Бас өөрөө бусад байрны овгоруудад бариулж хувцаснаасаа сална. Зодоон цохион, бүлэглэл, диско, кино гээд л явж өгнө. Эгээ л буруу тийшээ халтирдагийн даваан дээр тэр бяцхан охин намайг татаж авч билээ. Савх шиг нарийхан хуруутай, жижигхэн, туранхай, цав цагаахан гарнаас нь атгаад яг энэ газар, чердакан дээр нар жаргатал суудагсан. Яриад л байна, яриад л байна, яриад л байна. Тэр дуугүй л сонсоод инээмсэглэн өвдгөө тэврэн сууна. Би ч яахав санаанд орсноо, хаа нэгтэйгээс хальт дуулснаа бурж гарна. Яагаад ч юм хавар гадаа зэвэргэн байхад чердакан дээр дулаахан байдаг юм. Салхи нөмөрлөх агааржуулагч налан суугаад л тэнгэр ширтэж хөвөх үүлс, цагаан зураас татуулан нисэх дуунаас хурдан онгоцыг харан сэтгэлдээ ирээдүйгээ урлан, мөрөөднө. Тэр маань балетчин болно хэмээдэгсэн. Оросд амралтаараа явж байхдаа “Хунт нуур” хэмээх бүжгэн жүжиг үзээд л цасан цагаан хувцастай хун шувууд зүрх сэтгэлд нь хоногшсон юм билээ. Хожим би “Хунт нуур”-ыг үзсэнийхээ дараа ганцаараа зөндөө удаан уйлж билээ. Эргэлдэн дүүлэн нисэх тэр л цагаан хун, 15-хан настай тэр л бяцхан охины биелээгүй мөрөөдөл, турьхан биендээ үүрсэн аймшигт шаналал зүрхийг минь урж, бодох бүрийд сэтгэл өвдөж нүдэнд минь нулимс мэлмэрээд ирдэг юм. Эр хүний сэтгэлийн гүн дэх чавхдас нэг хөндөгдөхөөрөө их л уяхан болчдог бололтой.

    Нэг удаа бид хоёр өглөө хичээлээ тасдаад нар жаргатал чердакан дээр суув. Тэр маань маргааш Орос руу явна. Аав нь гадаадад ажиллах томилолт авсан учраас гэр бүлээрээ явж байгаа гэнэ. Түүнийг яваад өгнө гэхээр сэтгэл гунигаар дүүрч, маргааш битгий болоосой, нар битгий жаргаасай хэмээн залбирна. Хэчнээн сэтгэлдээ залбираад ч дэлхий эргэдэгээрээ эргэсээр. Тэр өдрийн жаргаж байгаа нар томоос том, улаанаас улаан өнгөтэй байж билээ. Алтан цацраг нь тэнгэрээр тарж, уулсын орой ягаан өнгөөр гэрэлтэж, тэнгэрийн хаяа тэр чигтээ улайран туяарч байлаа. Тэр л улаан тэнгэрийн өмнүүр хаврын шувууд зэллэн нисэхийг анх удаа харж билээ. Тэр маань:

    -Энэ шувууд хаашаа нисэж байгаа бол? хэмээн хэлээд уртаар санаа алдсан юм. Би амандаа:

    -Мэдэхгүй ээ, их л хол явах байх гэж бувтнав. Хэсэг зуур тэр маань дуугүй сууснаа гэнэт “Хүн дахиж төрдөг болов уу?” гэж асуув. Үнэндээ би тэр үед энэ тухай бодож ч үзээгүй, үхэх төрөхийг үл тоох, амьдралд сагасан 15-хан настай нэгмуу сөөсгөр банди байлаа. Харин тэр маань энэ тухай бяцхан оюун ухаандаа байнга боддог байсан юм билээ.

    Сэтгэл минь дахиад л шархираад явчихлаа. Тамхиа сороод л, сороод л, шар айрагнаасаа хэд хэд балгаллаа.

    -Би удахгүй ирнэ ээ. Чамд гоё бэлэг авчирна. Чи юунд дуртай вэ?

    -Юу ч яахав дээ. Гэхдээ …

    -Яагаад дуугүй болчихвоо? Би өөрөө мэдээд аваад ирэх юм уу?

    -Оросд зөндөө олон нохой байдаг байх даа.

    -Чи нохой тэжээмээр байгаа юм уу? Тэгээд ямар нохой авчрах юм бэ?

    -Монголд байхгүй нохой.

    -За, за. Би заавал авчирна аа.

    Гэрийнх нь хаалган дээр ярьсан бид хоёрын сүүлчийн яриа.

    Тэр маань Орос руу явснаас хойш сар гаруй боллоо. Би гэдэг амьтан гэрээс гарахаа ч байж, гиюүрч, ганцаардаж, альбомонд байх түүний зургийг харан хэдэн цагаар ч хамаагүй сууна. Тэр яагаад миний сэтгэлийг ингэж ихээр татаж, түүнийг үгүйлж, зургийг нь ширтээд л ганцаараа яриад байгаагийнхаа учрыг би ойлгохгүй байлаа. Сэтгэлдээ хурдхан тэр минь ирээсэй л гэж хүсэмжилнэ. Нэг удаа би түүнийг зүүдэлж билээ. Зах хязгаар нь үл харагдах далайн хөвөөн дээр бид хоёр суух аж. Миний өвөр дээр бяцхан нохой зүүрмэглэн хэвтэнэ.

    -Миний авчирсан бэлэг чамд таалагдаж байна уу?

    -Таалагдаж байна. Үнэхээр хөөрхөн нохой юм.

    -Тийм бол намайг үнс. Гэхдээ энд шүү гээд уруулныхаа хажууханд хуруугаараа заав. Би тэнд нь биш ягаахан уруул дээр нь үнслээ.

    Амттайхан энэ зүүдээ би өдөржин бодож сэтгэлийн их цэнгэл эдэлж билээ. Бодох бүрийд түүний минь инээмсэглэсэн төрх тодорч, хажууд хэн ч байхгүй байхад нүүр минь улайж, ичнэ. Өнгөрүүлсэн амьдралдаа зүүдэлсэн хамгийн сайхан зүүд минь энэ. Тэр намайг тэгэхэд дурсч тэр нь хэдэн зуун бээрийг даван сэтгэлд минь зүүдээр дамжин ирсэн байх хэмээн би одоо боддог юм.

    Тэр нэг өдөр анги руу ортол манай ангийнхан над руу өрөвдөх мэт харцгаахыг би аясаараа мэдрэв. Тэрнийг явснаас хойш би үнэндээ царай алдаж, бүр нурмайсан амьтан болчихоод байсан юм. Хэн ч харсан өрөвдмөөр, тийм нэг банди болчихоод байлаа. Хичээл тарахад би ангиас хамгийн түрүүнд гарахаар ухасхийлээ. Яг хаалганы дэргэд очтол ангийн багш:

    -Үдээс хойш 15 цагт Хүслэнгийнд очно шүү. Аав, ээж хоёр нь хэлүүлсэн байна лээ хэмээн нэг л сонин өнгөөр хэлэв.

    Хүслэн гэдэг нэрийг сонсоод миний сэтгэл цэлмээд явчихав. Хаалга онгойлгон хонгилоор гүйсээр, гудмаар гүйсээр гэртээ ирлээ. Хувцасны шүүгээгээ онгичон гайгүй гэсэн өмд, цамцаа гаргаж ирэн өмслөө. Цаг харвал дөнгөж 13 цаг. Бүтэн хоёр цаг дутуу байлаа. Яарсан сэтгэлд маань цаг явж өгөхгүй, бүр зогсчихсон мэт санагдана. Хамгийн удаан, сэтгэл шаналгасан хором мөчүүд аажуухан урссаар цагийн зүү 14 цаг 50 минутыг арай гэж заав. Хаалга саван гарч шатаар нисэх шахам уруудаад тэдний орц руу гүйлээ. Нэг мэдэхэд хаалган дээр нь ирчихжээ. Хаалга нь завсартай, түүгээр гэр дэх хүмүүсийн дүнгэнэлдэн ярих нь сонсдов. Түлхээд ортол тэрний маань ээж зогсож байлаа. Нүд нь улайж, бүлцийсэн байв. Намайг хараад уруул нь үл мэдэг өмөлзөж, аяархан гэнэгэнэх авиа гарав. Би бүр гайхширч хоцров.

    -Сайн байна уу, та? гээд түүнийг давуулан том өрөөний хаалгаар шагайлаа. Түүний минь инээмсэглэх уяхан хонгор зургийн өмнө зулын гэрэл бадамлан асна. Нүд бүрэлзээд явчихав. Юу болсныг бүү мэд би хаалгаар үсрэн гарлаа. Шатаар доош уруудтал хүүхдүүдийн шуугилдах дуу сонсогдов. Ангийнхан маань өгсөж яваа аж. Эргэж дээш өгссөөр есөн давхарт гаран чердакны хаалгыг мөрлөн онгойлгоод дээвэр дээр гарлаа. Би нааш цаашаа гүйгээд л байлаа. Орилоод, гүйгээд л байлаа. Хэчнээн ч удаан гүйсэн юм, нэг л мэдэхэд газар бахардан унасан юм. Сэтгэл минь өвдөж, зүрх минь ёолно. Нулимс нүднээс минь хар зөнгөөрөө урсан гарсаар л байв. Тэр минь байхгүй, тэр эргэж ирэхгүй. Би цурхиран уйлсаар л байлаа. Зүрхэнд минь үүрлэсэн бяцхан хун минь. Хайрын амт, баяр гуниг, жаргал харууслыг мэдрүүлсэн бяцхан гүнж минь. Чи минь одоо байхгүй. Энэ ертөнц хаашаа ертөнц вэ?!

    Би тэр өдрөөс хойш сургуульдаа яваагүй. Алс баруун хязгаар Завхан аймгийн Баянтэс суманд байх авга ахындаа очсон юм. Очих ч гэж дээ. Аав, ээж хоёр маань намайг тэднийд хүргэж өгсөн юм. Сэтгэлээр унаж, амнаасаа үг унагалгүй сар болсон намайг энэ зовлонгоо бага ч гэсэн мартаг гэсэндээ 15 насны минь дурлал, хайрын минь түүх, түүний минь дүр төрх, инээмсэглэл, гэгээн дурсамж шингэсэн тэр л байр, сургууль, чердакнаас хөндийрүүлэх гэсэндээ хөдөө явуулсан хэрэг. Таван жилийн дараа би Улаанбаатарт эргэн ирсэн. Аав, ээж хоёр маань байраа сольсон байлаа.

    Хэзээ ч үл мартагдах ариун дурлалын минь дурсамж шингэсэн энэ л чердакан дээр би хаврын тэр зэгэлхэн өдрийг, бяцхан од энэ ертөнцөөс харван одсон гунигт тэр өдрийг сэтгэлдээ тээсээр, анхны хайраа санагалзсаар жил бүр ирдэг. Тэр хайр намайг хүн болгож, бусдыг ойлгох, хайрлах сэтгэлийн хат суулгасан.

    Би тамхиа сорлоо. Шар айрагнаасаа балгаллаа. Чердакан дээр зөвхөн тэр бид хоёрын мэддэг нэгэн нууц байдаг юм. Барагтай хүн олж харахааргүй нэгэн буланд бид хоёр өөрсдийнхөө нэрийг сийлсэн билээ. Түүний минь энэ орчлонд амьдарч явсны гэгээн дурсамж, хайрлуулж хайрлаж явсны бэлэг тэмдэг болсон ханан дээр сийлээстэй “Би Хүслэнд хайртай” хэмээх үгийг би сэтгэлдээ 15 жил тээж явна. Тэр маань цусны өвчтэй байсныг би хожим мэдсэн. Орос руу амрахаар явлаа гэдэг нь ч худлаа. Эмнэлэгт хэвтдэг байсан юм билээ. Өвчнөөсөө салах гэж ямар их тэмцээ бол оо? Өвчинд аргагүй дийлдэж энэ хорвоогоос халих тэр мөчид юу бодож байсан бол? Намайг энэ асуултууд байнга шаналгадаг. Хөдөөнөөс хотод ирэхэд манайд хөөрхөн бяцхан нохой байж билээ. Хүслэнгийн ээж намайг хөдөө явсны дараа авчирч өгсөн юм гэсэн. Одоо түүний зулзага миний өвөр дээр зүүрмэглээд хэвтэж байна. Тэр маань хэлсэндээ хүрч надад нохой бэлэглэсэн.

    Тэнгэрийн хаяа улааран, нар жаргаж байна. Би харилаа, хайрт минь. Гэрт минь Хүслэн гэдэг бяцхан хөөрхөн охин хүлээж байгаа. Чамтай минь адилхан, бяцхан гүнж хүлээж байгаа.

    2011.05.11 /”Тамаас ирсэн солиот” номоос авав/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй