ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Та хаашаа аялахаа шийдсэн үү?

    1. Увс аймаг, Хяргас нуур

    Хяргас нуур нь Увс аймгийн их нууруудын хотгорт байрладаг. Албан ёсоор 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэгдсэн байна. Хяргас нуурны нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог. Харин Хэцүү хад хэмээх хадан цохио нь Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжилдэг ба заримынх нь орой уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагддаг ба үүнийг өөрийн нүдээр үзэх нь танд байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газрын гайхамшгийг мэдрүүлэх болно.

    2. Дорноговь аймаг, Дуут элс

    Италийн жуулчин Марко Поло Төв азиар аялж явах үедээ Дуут элсийг бишрэн магтсан дурдатгал үлдээсэн байдаг. Тэрээр “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонстох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог нь үнэхээр гайхалтай" хэмээн бичжээ. Дорноговь аймгийн өмнөд захад орших энэхүү Дуут элс нь харахад ердийн нэг манхан шиг үзэгдэх боловч, оройд нь гарахад хөлд өртөн нурах элсэн ширхгүүд нь онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

     

    3. Дорнод аймаг, Буйр нуур

    Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 километрийн зайд орших Буйр нуур нь манай орны хамгийн олон төрлийн загастай нуур гэдгээрээ алдартай. Тус нуурын урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Буйр нуур нь Увс, Хөвсгөл, Хар-Ус болон Хяргас нуурын дараа орох манай орны 5 дахь том нуур юм. Нуурын эргэн тойронд улаан номонд орсон ховор шувууд жиргэх нь нуурын үзэсгэлэнг улам бүр нэмэгдүүлдэг. Буйр нуур зуны турш жуулчдын хөлд дарагддаг ба очсон хүмүүс өглөөний 04 цагт мандах нарыг харах боломжтой.

    4. Завхан аймаг, Улаагчны хар нуур

    Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй тогтоцтой. Энэхүү нуур нь эргэн тойрондоо Товхошын сүрлэг уулсаар хүрээлэгдсэн бөгөөд нэг хэсгээрээ элстэй, хадтай нөгөө хэсгээрээ модтой тул байгалийн бүхий л хэв шинжийг агуулж чадсан үзэсгэлэнт нуур юм. Тус нуур нь далайн төвшнөөс дээш 2600 метрт оршдог. Их бага Авгаш арлуудтайгаас гадна жил бүр 13 төрлийн нүүдлийн шувууд Улаагчны хар нуурыг зорин ирдэг.

    5. Хэнтий аймаг-Хар зүрхний хөх нуур

    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй Хар зүрхний Хөх нуур оршдог. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн тевшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

    Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг. Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

    6. Архангай аймаг, Цэнхрийн халуун рашаан

    Архангайн төвөөс 30 км-ын зайд байрлах Цэнхэрийн халуун рашаан Монголдоо халуунаараа хоёрдугаарт ордог. Секундэд 10 литр рашаан оргилдог бөгөөд хөрсний устай холилдолгүй гардаг онцлогтой. 

    Рашааны эмчилгээний чанар: Уг рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ба хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг. 
    Зам: Улаанбаатар - Цэцэрлэг 480 км, Цэцэрлэгээс баруун урагшаа явсан замаар явбал 29 км зайтай бөгөөд замдаа жижиг гол гаталдаг тул хур тунадас ихтэй үед суудлын тэргээр явахад хүндрэлтэй. Цэцэрлэгээс зүүн урагш чиглэсэн замаар (30 гаруй км) явахад гол гатлахгүй очдог.

    7. Уурт

    Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

     

    8. Хөвсгөл аймаг , Цэвэр булаг

    Цэвэр булаг: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндэхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.

    9. Хөвсгөл аймаг, Хорьдол сарьдаг 

    Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүрхрээ рүү хүн бүхнийг эрхгүй соронз мэт татдаг.

    Африкийн Виктория, АНУ, Канадын хил дээрх Ниагара, дэлхийн хамгийн өндөр, 1020 метрээс унадаг Венесуэлийн Ангел зэрэг хүрхрээг үзэх гэсэн тив тивийн жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй. 

    Манай орны хувьд гадаад, дотоодын жуулчин гийчдийн үзэхийг зорьдог хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол яах аргагүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны баруун бие болох Улаан гол дахь Улаанцутгалангийн хүрхрээ. 

    Ус ихтэй жил 10 гаруй метр өргөнтэй болж 25 метрийн гүнээс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уул дэлбэрснээс үүдэн бий болжээ. 

    Одоогийн Цагаан азарга голын эхэнд галт уулын хэвлийгээс гарсан халуун хайлмал Орхоны хөндийгөөр уруудан урсч маш зузаан хүрмэн хучлага үүсгэсэн аж. Орхон гол хүрмэн хучлагыг зүсч урссаар Улаан цутгалангийн хавцлыг бий болгосон гэх. Улаан цутгалангийн хүрхрээгээс баруун хойш Бага хүрхрээ гэдэг боргио ч бас байдаг юм. 

    Орхон гол Гятрууны нуруунаас Хархорин хүртэл 130 км-ийн турш галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг ажээ. Энэ хүрхрээний нэрний тухай нэгэн домог нутгийн иргэдийн дунд ихэд түгжээ. Зуун жилийн өмнө монгол цэрэг гамингуудын илт давуу хүчтэй тулалдан аргагүйн эрхэнд ухарч амь дүйж яваад Орхон голыг нэгэн гармаар гаталж гэнэ. Тэгэхэд нэг номтой цэрэг “Улаан гол минь улаанаар урс” гэж дуу алджээ. 

    Төдөлгүй үер бууж араас нь хөөж байсан гамингууд бүгд живж үхжээ. Тэр цагаас хойш хүрхрээг улаан цутгалан гэх болсон аж. Харин гамингийн цогцос голоор урсан доор хөндийд бөөгнөрсөн газрыг Хүүртийн хөндий гэх болжээ. Тэр нь он цагийн уртад Үүртийн хөндий болж хувирчээ. 

    Ер нь Хангайн нуруунаас эх авдаг Орхон гол 1124 км урттай бөгөөд Сэлэнгэ мөрөнд нийлдэг билээ. Улаанцутгалангаас өөр хүрхрээ манай оронд цөөнгүй байдгийг тэр бүр хүн мэддэггүй. 

    Мөнх цаст Алтайн сүрлэг уулсын дунд, хүн хүрэхэд амаргүй газар их, бага олон хүрхрээ байдаг аж. Тэдгээрээс Баян- Өлгийн аймгийн Хотон хурган нуурын баруун эрэг, Бага түргэний амны хүрхрээ хамгийн өндөр нь. Бага түргэний хүрхрээ 36 метрийн эгц цавчим хаднаас хоёр шатлалтайгаар урсдаг байна. Үүнээс холгүй 10 метрийн өндөртэй Цагаан усны голын хүрхрээ гэж бас байдаг ажээ.

    Түүнчлэн Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант Хайрхан уулын Рашаантын амны дээд хүрхрээ 25 метр, доод хүрхрээ 15 метрийн өндөртэй. Мөн Увс аймгийн Ховд сумын нутагт Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унадаг нэгэн хүрхрээ бий.

    Нутгийнхан Хүрэн ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг ажээ. Харин Монголын хамгийн өндөр хүрхрээ Хөвсгөл аймагт бий.

    10. Архангай аймаг, Хашаат сум 

    Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөө. Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг.

    11. Увс аймаг. Хэцүү хад

    Увс аймгийн Хяргас нуурын баруун эрэгт орших өвөрмөц, ер бусын тогтоцтой “Хэцүү хад” нэртэй газар бий. Энэ байгалийн цогцолбор нь харьцангуй богино зай болох 5-7 км хадархаг цохио, өндөр хадан хаясаа бүхий ургамал, амьтны чуулбар болой. Тус хад байрлах Хяргас нуур нь усан болор мэт тунгалаг бөгөөд дотор нь сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагддаг. Нуур дундах шовх хаднууд, түүн дээр үүрээ зассан жигүүртэн шувууд гээд үзэж сонирхох зүйл их. Тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, осмон, шар загас зэрэг байдаг. Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхалтай сайхан газар. Энэ хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. “Хэцүү хад” нь хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар юм.

    12. Улан-үдэ Байгаль нуур 

    Байгал нуур (орос. озеро Байкал; бур. Байгал нуур), мөн Байгал далай (бур. Байгал далай) нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн (хамгийн гүнзгий хэсэгтээ 1642 метр гүн) цэнгэг уст, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн нуур юм. Дэлхийн гадаргын цэвэр усны 20% болох 23,000 шоо километр эзлэхүүнтэй Энэ нь ОХУ-ын гадаргын цэвэр усны 90% болно 

    Байгаль буюу байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үгнээс тус нуурын нэр үүсчээ. Мөн буриадуудын дунд эрт цагт Байгал нуурын оронд галт уул байсан гэсэн домог яригддаг бөгөөд баян + гал гэсэн монгол үгнээс үүссэн гэсэн өөр нэгэн хувилбар байдаг нь энэ домогтой холбогдож болох юм. Геологийн судалгаагаар ч үнэхээр тэнд галт уул байсан байж болохыг тогтоожээ. Үүнээс гадна якут буюу түрэг хэлний бай /баян/ + күль /нуур/ гэсэн үгнээс үүсэлтэй гэсэн хувилбар ч бас бий. Хүрлийн үеийн монголчуудын дөрвөлжин булшны соёл Байгал хавийн бүх нутагт тархсанаас үзэхэд нуурын нэр монгол гаралтай байх бүрэн үндэслэлтэй. Түрэгүүд тэр үед баруун тийш төвлөрч байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй