ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэхэн ээжүүдэд зориулсан туршлагатай ээжүүдийн үнэт зөвлөгөө

    Хүүхэд нялх байхад халуурах, чих, гэдэс, хоолой нь өвдөх, тархины даралтаас болж тавгүйтэх зэрэг нь нэг биш удаа тохиолддог. Эмчид очихоос өмнө ямар арга хэмжээ авбал зохих талаар хүргэе.

    Ханиад хүрэх

    Ханиад тусч хүүхдийн хамар битүүрэх бол төвөгтэй. Амаараа амьсгалах болно, хоолой хатна, юм уух, идэхэд хэцүү. Иймд хамрын дусаагуурыг өөрөө бэлтгэн хэрэглэж болно. Бага зэрэг буцалсан усанд үл мэдэг хоолны давс (нэг литр буцалсан усанд нэг цайны халбага давс байхаар баримжаалж) хийгээд эмийн сангаас дусаагуур (пипетте) авч дусаана.
    Энэхүү давсны уусмал нь хамар онгойлгохын зэрэгцээ өвчин үүсгэгчийг биенээс гадагшлуулна. 
    Сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хэрчиж, аяга түүхий сүүнд хийж сайн буцалгаад өдөрт 4-5 удаа уулгаж болно. Гаа, гоньд зэрэг ургамлын тос эсвэл содны уураар хүүхдийн хоолойг утах тустай. Хоёр литр буцалсан халуун усанд хэдэн дусал тос дусаана. Савтай усан дээрээ тонгойлгож ванны алчуураар бүтээгээд хамраар нь 10 минут орчим гүнзгий амьсгалуулна.

    Ханиалгах

    Ханиад хүрэх үед хамар, хоолойн хөндийд цэр үүсч, энэ нь хүүхэд ханиалгах эх үүсвэрийг тавина. Нялх хүүхэд хэвтэж байхдаа илүү ханиалгана. Эхний зургаан сарын дотор хүүхэд ханиалгавал эмчид хандах хэрэгтэй. Томхон хүүхдэд бол бүлээн ороолт хийвэл тустай. Гар нүүрийн алчуур эсвэл хүүхдийн даавууг халуун бүлээн усанд дүрээд бага зэрэг мушгиад цээжин дээр нь тавиад үслэг даавуун эсвэл хөвөн даавуун алчуураар орооно. Төгсгөлд нь хуурай болтол нь арчина. Мөн төмсөөр ороолт хийж болно. Хоёроос гурван ширхэг төмсийг угааж хальстай нь чанаад бага зэрэг хөргөсний дараа хөвөн даавуун алчууранд боогоод дарж няцална. Ойролцоогоор 10 минут хөргөсний дараа хэтэрхий халуун байгаа эсэхийг тохойгоо төмсөнд дүрж шалгана. Тэгээд хүүхдийн цээжин дээр хөртөл нь тавина.

    Чих өвдөх

    Дөрвөн хүүхдийн нэгэнд зургаан сар хүртэлх хугацаанд нь дунд чихний үрэвсэл тохиолддог байна. Энэ үед хүүхдэд толгойгоо хажуу тийш нь үрж хөдөлгөх, ядарсан байдалтай байхын зэрэгцээ огцом уйлах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Жижиг даавуун уутанд сонгино жижиглэн хэрчиж хийгээд чихэн дээр нь тавьж болно. Мөн хоёр ширхэг жижиг төмсийг сайтар чанаад няцална. Түүнийгээ алчуур дээр нялаад өвдөж байгаа чихэн дээрээ жин тавина.

    Гэдэс дүүрэх

    Эхний гурван сар хүртлээ нялх хүүхдийн гэдэс дүүрч, өвдөх нь элбэг. Энэ нь тэд хөхөө хөхөх явцдаа агаар залгидагтай холбоотой. Тэгэхээр хөхөө/угжаа хөхөсний дараа залгисан агаарыг нь буцааж гаргах /хэхрүүлэх/-д хүүхдэдээ тусалж байх шаардлагатай. Мөн гэдсэн дээр нь бүлээн даавуу тавих, гоньдны тосоор алгаа тосолж бүлээсгээд нар зөв эргүүлж гэдсийг нь илэх тустай. 

    Гэдэс гүйлгэх

    Ойр ойрхон гүйлгэх нь нялх хүүхдэд шингэнээ болон эрдэс бодисоо амархан алдах аюултай. Ийм тохиолдолд юуны өмнө хросол найруулж бага багаар уулгах, хросол байхгүй тохиолдолд ус буцалгаж сайн ширгээгээд дээрээс нь бага зэрэг давс, саахар хийж хутган уулгаж болно. Хэрэв хүүхэд угжаар уг шингэнийг ууж чадахгүй бол зүүгүй шинэ шпризээр завж уруу нь бага багаар дусааж хийж өгч болно. Нэлээд удаан хугацаагаар гүйлгэсэн тохиолдолд сөд буцалгаж өгөх нь хүүхдийн гэдсэнд өнгөр суухад тустай.

    Xалуурах

    Эхний гурван сарын дотор хүүхэд тань халуурвал шууд эмчид очих шаардлагатай. Томхон болоод ирэхээр та хүүхдийнхээ халууныг буулгах оролдлого хийж болно. Толгойд хүйтэн жин тавих, бүлээн устай алчуур, спирттэй хөвөнгөөр биеийг арчих зэрэг механик арга хэрэглэж болох юм. Энэ үест шингэн юм ахиухан уулгаж байна. Халууцаад байгаа нь мэдрэгдвэл хөнгөн нимгэн, даарч чичрүүстэй байвал дулаан хувцаслана. Хэрэв халуун хэт ихсэж, 39 градус хүрвэл эмчид хандах нь зүйтэй.

    Зогисох

    Нялх хүүхэд зогисох нь олонтаа. Ялангуяа бага зэрэг даарах үед тэд илүү зогисдог. Энэ тохиолдолд хөхөө хөхүүлэх , нуруун дээр нь хөнгөн тогших, халуун бүлээн алчуур гэдсэн дээр нь тавих, халуун цай балгуулах, хөл, гарыг нь базаж барьж өгөх зэрэг нь тустай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй