ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд салбартаа ихийг хийж бүтээж, энэ салбарын түүхийг бичилцсэн гавьяат ажилтан, ойн инженер О.Гонсонтой ярилцлаа. Тэрбээр энэ салбарт, тэр дундаа эх орноо ойжуулах, ойн нөхөн сэргээлтийн их ажилд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж буй юм. Өнөөдөр ч гэсэн тэрбээр гэргий П.Жаргалынхаа хамтаар модны хулгайн эсрэг ТББ байгуулан ажиллаж байна.

    -Таныг гавьяаныхаа амралтад гарсан ч байгаль орчны салбараасаа холдоогүй, одоо  хэр нь энэ салбартаа зүтгэж байгаа гэж сонслоо. Ямар ажил эрхэлж байна вэ?

    -Өнөө хэр Байгаль орчин аялал жуулчлалын яамтай холбоотой л байна. Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол ахмад ажилтнуудынхаа үгийг сонсож, саналыг асуудаг болохоор шаардлагатай асуудлууд дээр зөвлөгөө өгөх ч үе бий. Мөн шинээр санаачлагдаж буй хуулийн төслүүд дээр санаа оноо асуудаг. Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар байнгын хороодоос, яамны мэргэжилтнүүдээс утсаар холбогдож асуудаг хэвээрээ л байгаа. Тэтгэвэртээ гарснаас хойш “Ойн булаг” гээд газар одоо ч амьдарч, ой хамгаалах ажлаа хувьдаа үргэлжлүүлж л явна. Гэхдээ хөл муудаад, энэ ажлыг миний гэргий П.Жаргал маань үргэлжлүүлж, өдөр болгон моднуудаа эргэж, ойгоо хамгаалж, нөхөн сэргээх ажлыг үргэлжлүүлж, хулгайгаар мод бэлтгүүлэхгүй байх ажлыг хийж явна даа. Анх энэ газар “Шаварт булаг” гэж нэртэй байж. Тэгээд энэ газарт нэг амралтын газар байгуулах тухай яригдаад, яамны амралт байгуулж, анх газар өгч байсан юм. Их сонин тохиол шүү. Насны эцэст эргээд эндээ ирж байгаа юм даа. Тэтгэвэртээ гарсныхаа дараахан Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын төсөл дээр нэг жил ажилласан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэг компанид ажиллаж үзлээ. Мөн Байгаль орчны ажилтан, байгаль хамгаалагч  бэлтгэх сургуульд багшилж байлаа. 1962 онд ХААДС анхныхаа элсэлтийг авч байхад цагийн багш хийдэг байсан. Геоэкологийн хүрээлэнтэй хамтарч Байгаль орчны мастер төлөвлөгөө хийгээд, агаар судлах, цас усны дээж өгөх зэргээр ажил мундахгүй байсан.Одоо л нэг амсхийгээд байж байна даа.

    -Та ойн анхны инженерүүдийн нэг. Олон ажил эхлүүлсэн болов уу. Энэ талаараа эргэн дурсахгүй юу?

    -Тийм ээ. Анхны мэргэжилтнүүдийн нэг. Санкт-Петрбургийн Ойн академийг ойн инженер мэргэжлээр төгссөн найман хүний нэг нь би юм. Өнөөдөр энэ төгсөгчдөөс хоёр гуравхан  хүн л үлдэж үү дээ. Анхдагч гэдэг утгаараа энэ салбарт ч гэсэн олон ажлыг эхлүүлсэн нь мөн л анхдагч болж байж. Би сургуулиа 1961 онд төгсөж ирээд, Хөдөө аж ахуйн яаманд хуваарилагдаж байсан юм. 1962-1968 онд Ойн экспедицид инженер, салбарын даргын үүрэгт ажлыг зургаан жил хийсэн дээ. 1968 онд Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажилласан. 1987 онд бүтцийн өөрчлөлт хийж, Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсан, анхны сайд нь У.Мавлет байлаа. Энэ салбарт олон анхдагчтай нэгдэн ажилласан даа. 1992 онд Байгаль орчны яамны Төрийн хяналтын дарга гэдэг ажлыг хийсэн юм. Төрийн хяналтын дарга гэдэг нь Улсын ерөнхий байцаагч гэсэн нэртэй байсан юм. Энэ хүрээнд улсын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, тэр үеийн байгаль хамгаалагчдын ажлыг шалгах зэрэг ажлууд хийж байлаа. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль гэж анх боловсруулж байлаа.

    -Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль уу?

    -Тэгэлгүй яах вэ. Энэ хуулийн төслийг бие дааж боловсруулсан юм. Хууль гаргах үед дагаж олон шинэ зүйл гарч ирсэн нь байгаль хамгаалагчийг төрийн захиргааны ажилтан болгох асуудал байлаа. Иймээс холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлтөөр тусгаж байгаль хамгаалагчийг төрийн захиргааны ажилтан болгосон байдаг юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг бие даан боловсруулахдаа байнгын хорооны гишүүдийн санал дүгнэлтийг тусгаж няхуур ажиллаж байлаа. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид гуайтай долоо хоног сууж санал зөвлөлдөж, ярилцаж байж өнөөдрийн энэ хуулийг батлуулж байж шүү дээ. 1994-1996 онд байгаль орчныг хамгаалах тухай 6-7 хуулийн төсөл батлагдсан байдаг юм. Би Байгаль орчны яамны Төрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан юм. Ингээд нэгэнт хяналтын тогтолцоог бий болгоод ирэхээр зэрэг аймгуудад байгаль орчны ахлах байцаагч, яаманд мөн байгаль орчны хяналтын ахлах байцаагч гэж бий болсон. Мөн сумдад байгаль орчны хяналтын улсын байцаагч болоод байгаль хамгаалагч гэсэн хяналтын бүхэл бүтэн тогтолцоо бий болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдсанаар байгаль орчны улсын байцаагчийн орон зай шинээр гарч ирсэн. Улсын ахлах байцаагч 29, улсын байцаагч 53, сум дүүрэгт 370, байгаль хамгаалагч 577 болж хяналтын тогтолцоог бүрдүүлж байсан нь 1997 оны дүн юм. Одоо бол энэ тоо нэмэгдсэн.

    -Та ойн инженер хүнийхээ хувьд Монгол орныг ойжуулах, ойн нөхөн сэргээлтийн олон ажил хийсэн. Тэр талаараа товчхон ярихгүй юу?

    -1968 онд Ойн аж ахуйн боловсруулах үйлдвэрийн ерөнхий газарт Ойн хэлтэс гэж байгуулж, ойг нөхөн сэргээх мэргэжилтнээр би зургаан жил ажиллаж байсан юм. Энд модны үр бэлтгэх, тарьж ургуулах аймгуудад мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлуудыг хийж байлаа. Долоон аймагт мод үржүүлгийн газар байгуулах ажлыг эхлүүлж байж. Мөн нарсны үрийг экспортод гаргах ажлыг хийж байлаа. Энэ үеэс л ойг нөхөн сэргээх ажил эрчимтэй явагдаж эхэлсэн юм. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж эхэлсэн. Дараа нь Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажиллалаа. Бараг хагас зуун жил энэ салбарт зүтгэсэн байна.

    -Таныг ажиллаж байх үед нөхөн сэргээх ажил эрчимтэй явагдаж байжээ. Сүүлийн арван жилд ойн нөхөн сэргээх ажил ямар хэмжээнд байна гэж та харж байгаа вэ?

    –Тэр үеийн эрч буураагүй. Энэ эрчийг улам сайжруулж, амьд харилцаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөхөн сэргээлт хийгээд эхэлсэн бол мэргэжилтнүүд нь байнга тухайн бүс нутгаа шалгаж, эргэж байх ёстой.

    -Таны гарын шавь нар өдгөө энэ салбарт ажиллаж байна. Нийт хичнээн шавьтай вэ?

    –Эргээд харахад энэ салбарт олон байгаль хамгаалагчийг бэлджээ. Шавь нарынхаа тоог гаргаж байгаагүй юм байна шүү. Байгаль орчны яамны ойн өдрүүдээр, салбарын ой тохиох үеэр шавь нар маань ирж баяр хүргэдэг юм.

    -Нэг хүн нэг мод тарихад л олон жилийн дараа тухайн бүс нутаг ойжих бүрэн боломжтой байдаг. Мод тарьж буй хүмүүст та мэргэжилтний хувьд юу захих вэ?

    -Мод тарьж байгаа нь маш чухал боловч эргээд арчлах, эргэж тойрох нь их дутмаг харагддаг. Ой мод болгохын тулд зулзаган мод байхаас нь л анхаарах хэрэгтэй. Мод тарихдаа үрээр нь үржүүлэх нь их чухал. Тиймээс сайн чанарын үр бэлдэх асуудалд сэтгэл гаргаж анхаарах ёстой юм шүү. Үүнийг би онцлон хэлж байгаа нь сайн чанарын үрээс тарьц суулгацаа ургуулж ойжуулах хэрэгтэй. Дан ганц мод тариад өнгөрөх биш, мод тарьсан байгаль орчин, ойн баялгийг хамгаалахад иргэдийн оролцоо чухал юм шүү. Байгаль хүнээс сэтгэл, зүтгэл хүлээж байдаг юм. Тийм болохоор мод тарих бүртээ байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэж бодож байх хэрэгтэй.

    -Та Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бүхий л амьдралаа зориулжээ. Тиймээс цаашид энэ салбарт ямар ажлыг голчлон хийгээрэй гэж үг даймаар байна?

    –Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэдэг маш чухал салбар. Энэ салбарт үе үеийн сайд нар ажиллаж хувь нэмрээ оруулж байгаад талархууштай байдаг. Тиймээс ойн санг нэмэгдүүлэх, ойн нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлж, далайцыг нь улам нэмэгдүүлж, энэ чиглэлийн бодлогыг битгий орхигдуулаасай гэдгийг хэлмээр байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр түүхийн хуудсанд өөрийн үйлсийг мөнхлөн үлдээнэ гэдгээ санаж хөдөлмөрлөөсэй гэж л боддог доо. Удахгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ой тохиох гэж буй учир энэ салбарт гар, сэтгэл нийлэн ажилласан үе үеийн мэргэжилтнүүддээ ойн мэндийг дэвшүүлье.

    -Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: Medee.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй