ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    П.Мөнхболд: Анги бүрийг нэг ангит киноны дайтай найруулахыг хичээсэн

    IP телевизүүдийн видео сан үндэсний контентоор бүл нэмээд байгаа. Энэ бол “Хазаар цэцэгсийн дуулал” гэх содон нэртэй олон ангит кино. “Гэгээнтэн” энтертайнмент төвд сүр дуулиантайгаар нээлтээ хийж, 1 дүгээр ангиа театрын дэлгэцнээ үзүүлсэн “Хазаар цэцэгсийн дуулал”ОАК-ны Ерөнхий найруулагч П.Мөнхболд буюу Кодыг НiТalk булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа.

    -Таны шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Энэ мөч дэх сэтгэгдлээсээ хуваалцаач?

    Мэдээж сайхан байлгүй яахав. Сэтгэл их хөдөлж байна. Анх удаа олон ангит кинонд ажиллалаа. “Хазаар цэцэгсийн дуулал” бол ЭКО телевиз болоод зарим уран бүтээлчдийн хувьд анхны олон ангит сериал л даа. Киногоо 9 дүгээр сарын 11-ний өдөр “Гэгээнтэн” энтертайнмент төвд ёслол төгөлдөр нээж, үзэгчид болон кино урлагийн акулуудаас үнэлгээ авсан. Урмын маш сайхан үгс сонсож байна.

    Кино маань бас 9 дүгээр сарын 20-ноос Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ-ийн видео сангуудаар байршаад байна. Шинэ бүтээлээ олны сонорт хүргэнэ гэдэг уран бүтээлч хүн бүрийн хамгийн том баярын нэг юм даа.

    -“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нэрнээсээ л содон сонсогдсон. Хазаар цэцэг гэж ер нь байдаг юм уу?

    “Хазаар цэцэг” гэж байдаггүй. Говийн нутгаар ургадаг шим тэжээл сайтай өвсийг хазаар гэж нэрлэдэг нь бий. Гэхдээ манай кино бол орчин цагийн үлгэрийн сэдэвтэй. Амьдрал бол үлгэр гэсэн ухагдахууныг гаргаж ирэхийг зорьсон. Энэ ч утгаараа хэний ч мэдэхгүй тосгонд, хэзээ ч юм бүү мэд нэгэн цаг хугацаанд амьдарч буй хүмүүсийн ертөнцөд “Хазаар цэцэг” ургаснаар киноны маань үйл явдал эхэлдэг.

    -Ийнхүү эхэлдэг үйл явдлуудаар яг ямар утга санаа илэрхийлэхийг зорив?

    Хүн бүр өөрсдөөсөө асуугаасай. Та хаана бий болж, хаана сайн сайхан амьдраад байгаа юм. Мэдээж бидний амьдарч байгаа ертөнц бол эх дэлхий. Тиймээс Та хэн ч бай эх дэлхийгээ ээж, аав шигээ хайрлаж, хамгаалж байх ёстой гэсэн санааг л орчин цагийн үлгэрээр дамжуулан илэрхийлэхийг хичээлээ. Анги бүрээс үзэгч нэг ангит кино үзээд дууссан юм шиг мэдрэмж авах ёстой. Тийм ч учраас киноны маань анги бүр эхлэл, өрнөл, оргил, тайлал, төгсгөлтэй байлгахыг бодож ажилласан.

    -Кинонд ажилласан баг бүрэлдэхүүнээ танилцуулаач?

    Кино гэдэг хамтын бүтээл. Манайхан найруулагч, зохиолч, гол дүрд л анхаарлаа хандуулдаг. Гэтэл зураачдын баг, нүүр хувиргалтын баг, хувцас хэрэглэл дизайнер, гэрэлтүүлгийн баг гээд маш олон хүний хүч хөдөлмөрөөр кино бүтдэг. Жишээ нь манай кинонд зураачийн ажиллагаа маш их орсон. Шатдаг сүм, хатагтай мод, хазаар цэцэгс гэх мэтчилэн чадварлаг уран бүтээлчдийн гараар бүтсэн обьектууд маш их бий.

    Кинонд маань 170-аад уран бүтээлч ажилласан. Тухайлбал, киноны маань ивээн тэтгэгч, Ерөнхий продюсераар "Жигүүр Гранд" группийн Ерөнхийлөгч Д.Баттөр, продюсер А.Оюунтуяа, гүйцэтгэх продюсер Э.Сайхантуяа нар ажилласан бол киноны зохиолыг сэтгүүлч, дууны үг зохиогч, реппер D.N.K буюу С.Цэрэндаваа, Хөгжмийн зохиолчоор О.Хүрэлбаатар, Хөгжмийн продюсер Л.Тайванбат, Хоёрдугаар найруулагч О.Долгорсүрэн, Зургийн дарга Д.Түмэнжаргал, Инженерийн багийн ахлагч Н.Ууганбаяр, зураглаач П.Эрдэнэбилэг, Н.Лхагвасүрэн,  жүжигчид гээд маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэж, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд 2 сарын хугацаанд гар нийлэн амжилттай ажилласныг энд бахархалтайгаар дурдмаар байна. Мөн кино зургийнхаа нэг хэсгийг ОХУ-ын Эрхүү хотод авсан. Ингээд эвлүүлэг, графикийн ажилтайгаа нийлээд бүтэн 3 сар гарны турш өдөр, шөнөгүй ажилласан байна.

    -Кино зургийн обьектоороо яагаад Хялганат тосгоныг сонгосон бэ?

    Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудаар тойрон зураг авах тохиромжтой обьектоо хайсны эцэст 3000 гаруй хүн амтай Хялганат тосгоныг олсон. Азаар Онцгой байдлын аврах анги, Сэлэнгэ мөрөн дагасан, ой модод дунд орших тосгоны орчин гээд бүх зохилдлогоо бүрдсэн нь үнэхээр их таалагдсан.

    -Кино бүтээхэд маш их хөрөнгө шаардлагатай. Киноныхоо санхүү, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ?

    “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-нд маань “Жигүүр Гранд” групп 100% хөрөнгө оруулсан. Тэр ч утгаараа санхүүгийн ямар ч бэрхшээлгүйгээр 55 хоногийн хугацаанд хүн бүр тус тусын үүргээ гүйцэтгэн 867 сцены ард гарсан даа.

    -“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны эхний ангиудыг харахад мэргэжлийн уран бүтээлчдээс гадна шинэ залуу жүжигчид олноор тоглосон байна лээ.  Жүжигчдийнхээ сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ?

    Хоёр сарын турш Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудаар явж 300 гаруй залуучуудаас проб авч, жүжигчдээ сонгосон. Гол дүр болох Нандин маань 15 настай эрлийз охин байх ёстой байсан. “Классик Жем” хамтлагийн дуучин Х.Энхтайваны охин Э.Монголжинг бид энэ дүрдээ сонгон тоглуулсан. Харин Надяагийн аав завьчин Хантайн дүрийг анх зохиолоо уншаад л нүдэндээ төсөөлж, хэдийнэ сонгочихсон нь МУСТА Д.Төмөртогтох ах маань байлаа. Улмаар үзэгчдийн сайн мэддэгээр Мянхай баатар буюу  Д.Төмөртогтох ахдаа манай кинонд тоглооч гэсэн санал тавьж, маш сайхан хамтарч ажиллалаа.

    -Залуу жүжигчидтэй ажиллахад хэр байв? Аль дүртэй нь илүү их ажиллах шаардлага гарсан бол?

    Олон уран бүтээлд МУАЖ, МУСГЗ, МУГЖ гээд алдартай хүмүүстэй хамтарч ажиллаж л байсан. Би өөрөө залуу хүн. Миний барьдаг арга барил бол ахмад үеийн уран бүтээлчдээсээ үлгэр дуурайлал авч, тэднээс өвлөсөн туршлагынхаа сууриар шижигнэсэн залуучуудтай шажигнасан сайхан уран бүтээл хийхийг эрмэлздэг.

    -Хамгийн удаан авсан буюу цаг хугацаа зарцуулсан хүнд үзэгдэл аль нь байв?

    Манай кинонд 1-хэн минут гардаг хэсэг байдаг юм. Гол дүрийн охин Нандингийн салхивчаа онгойлгон хазаар цэцэгсийн үнэрийг үнэртдэг зургийг авахын тулд хоёр өдөр зарцуулсан. Тэр зургийг тийм удаан авна гэж төсөөлөөгүй. Хоёр дахь өдрийнхөө үдээс хойш нь хоёрхон минутын хугацаанд тэр зургаа авч дуусаад бид үнэхээр их баярласан. /инээв/

    -Өмнө нь Та ямар бүтээлүүдэд ажиллаж байв?

    Би СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн  Найруулагч-жүжигчний ангийг СГЗ Д.Хишигт, СТА Р.Алтансүх буюу Аси багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн. Дөрөвдүгээр курст сурч байхдаа “Төлөөс” гээд аймшгийн сэдэвтэй киноны найруулагчаар анх ажиллаж байлаа. Дараа нь “Шидэт өвөл” “Аз жаргалын түлхүүр” гээд хүүхдийн кино хийсэн. Тухайн үед Монголд хүүхдийн кино, хүүхдийн сэдэвт бүтээл нэлээд зогсонги байдалд орчихсон  байлаа. Монголдоо анх удаа ид шид, үлгэрийн сэдэвт бүтээл болсон тухай нэлээд үнэлэгдэж байсан. Одоо бол бүх телевиз хийж байна.

    -Таны өмнө нь бүтээсэн кинонууд ид шид, үлгэрийн сэдэвтэй байсан гэлээ. “Хазаар цэцэгсийн дуулал” ч мөн орчин цагийн үлгэрийн сэдэвт кино гэсэн шүү дээ. Яагаад энэ чиглэлээр дагнах болов?

    Би амьдралыг тэр чигтээ ид шид гэж боддог. Мөрөөдөл бол хүсэл, хүсэл бол зүүд, зүүд бол хүний бодол гэхчилэн ингэж бодохоор тэр мөрөөдлийн үзүүрт ид шид байгаасай гэж хүн бүр хүсдэг. Тийм ч учраас би бүтээлээ утга уянгын, романтик, драма чиглэлийг барьж амьдралд байж болох үзэгдлүүдийг харуулахыг зорьж ажилладаг.

    -Олон ангит кино, нэг ангит кино хийхэд асар их ялгаа байдаг байх. Таны хувьд ялгааг нь хэрхэн мэдэрсэн бэ?

    Кинонд өөрийн гэсэн хийц арга барил байдаг мөртлөө дотор нь бүх л төрөл багтсан байдаг. Хүнийг баярлуулах, уйлуулах, жаргалтай болгох, догдлуулах, хэний ч мэдэхгүй ертөнц рүү аялуулах гээд өөрийн гэсэн хийцээр ялгардаг. Надад бол нэг ангит киноноос илүүтэй Олон ангит кино хийх нь их сонирхолтой санагдсан. Хамгийн гол нь үзүүлэх гэсэн санаа, хорвоогийн түм буман үзэгдлийг 1 цаг 30 минутад биш уртаар эхлэл, өрнөл, тайлал, төгсгөлтэйгээр үзэгчдэд хүргэх нь сонирхолтой санагдлаа.

    -“Хазаар цэцэгсийн дуулал” анх төсөөлж байсан хүлээлтдээ хэдэн хувь хүрсэн бэ?

    Бид анхнаасаа 100%-ийн биелэлтийг хүссэн, түүндээ ч хүрлээ. 100 жилийн агуу түүхтэй Монголын кино урлагийн түүхийг бичилцэж яваадаа өөрийгөө азтайд тооцдог. Ингээд Монголын кино урлагт нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Үзэгч олноосоо үнэлгээгээ сонсох л үлдлээ дээ.

    -Та цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө сонирхуулаач. Цаашид олон ангит киногоор дагнах бодол бий юу?

    Ирэх зунаас дахин нэг бүтээл хийхээр төлөвлөөд байна.

    -Танд баярлалаа, цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

    Баярлалаа.

    Ярилцсан Э.Баасансүрэн

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй